Уул уурхай

Т.Даваажаргал: Эрдэнэт үйлдвэр дэлхийн жишиг, Монголын бахархал

Өглөөний сэргээш цувралын 30 дахь зочин Т.Даваажаргал. Төгссөн сургууль:
2005 онд “Идэр” дээд сургууль, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Удирдлагын акдеми”

Мэргэжил:
Социологич, Нийгмийн удирдлагын менежер

Ажилласан туршлага:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс 2019 онд байгуулагдахад социологичоор ажилд орсон. Улсад 15 дахь жилдээ ажиллаж байна

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2007 онд “Идэр” дээд сургуулийг Социологийн ухааны магистраар, 2010 онд Энэтхэг улсад “Аptech” Олон улсын сургалтын төвийг Англи хэл, вэб дизайнер мэргэжлээр төгссөн

Чин хүсэл:
Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа, үр ашиг, нийгмийн салбарын олон талт ажлаараа өнгөлж яваа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ салбартаа анхдагч болохуйц ажлын байрыг 2019 онд шинээр бий болгосон нь социологич юм. Уурхайчдын болоод нийгмийн сэтгэлзүйг тандан судалж, судалгаанд суурилсан оновчтой шийдэл гаргахад Т.Даваажаргалын ажил чиглэдэг. Тиймээс ч үйлдвэрийн газрын нийгмийн хариуцлага, нийгмийн бодлого, харилцааны чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг судалгаанд суурилсан, үнэн бодитой байх тал дээр мэргэжлийн ур чадвараа харуулж, өөрийгөө дайчлан, өөдрөг бодолтой ажиллаж яваа залуучуудын төлөөлөл билээ.

-Таны амьдралын сэргээш?
-Миний гэр бүл миний амьдралын сэргээш. Хүүхдүүдийнхээ баяр хөөртэй үеийг харах хамгийн сайхан. Мөн аав ээж, найз нөхөд, хамт олны урмын үг, итгэл, хайр хүндлэл болоод хийсэн ажлынхаа үр дүнг мэдрэх тэр үед эрч хүч, урам зориг авдаг. Усны чимээ, маш чангаар хөгжим сонсох зэргээр өөрийгөө сэргээх үе ч бий. 

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Бүх зүйлд сэтгэлээсээ хандах, эхэлсэн ямар ч ажлыг өөрийнхөө хэмжээнд сайн гүйцэтгэлтэй дуусгах, хүний итгэлийг алдахгүйн тулд хариуцлагатай байх, хүлээцтэй байх зэрэг дадлыг нэрлэж болно. 

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Тайван байдал, итгэл, урам зориг, эелдэг харилцаа. Бүх зүйл харилцаанд суурилдаг учраас ямар ч үед, хэнтэй ч эелдэг, зөв, хүндэтгэлтэй харилцахыг эрмэлздэг. 

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-Өнөөгийн нийгэмд аль ч салбарын ямар ч байгууллага нийгмийн харилцаанд оролцохгүйгээр, нийгмийн төлөв байдал, ажил, үйл ажиллагааныхаа талаарх мэдээлэл, тоо баримтгүйгээр оршин тогтнох боломжгүй болсон. Эрдэнэт үйлдвэр ч мөн адил. Үйлдвэрийн газраас үзүүлж байгаа нийгмийн тусламж, дэмжлэгтэй холбоотой ажилтнуудын сэтгэл ханамжийг тодорхойлох, үзүүлж буй нийгмийн үйлчилгээний болоод цехүүдийн талаарх, хэрэглэгчийн санаа бодол үнэлэмж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг судалгааг үе шаттай хийж хэрэгжүүлэхэд ажил маань чиглэдэг. 

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд 37 удаагийн судалгаа хийж, давхардсан тоогоор 30395 ажилтан, орон нутгийн 693 иргэнийг судалгаанд хамруулж, саналыг нэгтгэсэн. Эрдэнэт үйлдвэрээс ажилчдаа дэмжсэн бодлого, шийдвэр бүрт хийж хэрэгжүүлж байгаа ажил маань тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж бодохоор сайхан санагддаг. Хэлтсийнхээ болон бусад цех, нэгжийн ажилтнуудын дэмжлэгтэйгээр судалгаа явуулахын зэрэгцээ нийгмийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүд рүү чиглэсэн шаардлагатай судалгааг ч хийсээр байна. Мөн ижил, төстэй салбарын байгууллагууд ажилтнууддаа ямар тусламж, дэмжлэг үзүүлдэг талаар судлан, харьцуулсан дүгнэлт гаргаж, санал  боловсруулан танилцуулах зэрэг олон ажлыг бид амжуулсан.

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Ойрын өдрүүдэд нийгмийн үйлчилгээнүүдийн нэг халуун хоол, түүнтэй холбоотой судалгаа хийгдэж байна. Мөн чадамжийн стандарт боловсруулах ажлаа эхлээд байна. 

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Үйлдвэрийн газрын алсын хараа нь дэлхийн жишиг, Монголын бахархал. Энэ ч утгаараа Монгол хүн бүрийн бахархал болсон ажил олгогч, томоохон байгууллага. Эрдэнэт үйлдвэр улс орны эдийн засагт тулгуур болохын сацуу ажилтнууд, тэдний гэр бүл, Орхон аймаг, бүс нутгуудын хөгжилд ч чухал нөлөөтэй. Мөн ажилтнууддаа олон талын боломжийг нээж өгдөг. Үйлдвэрийн газрын хөгжлийг нэр төртэй өргөж, хийсэн бүтээсэн гавьяатай, “Дэлхийн жишиг, Монголын бахархал” үйлдвэрт ажиллах боломжийг бидэнд олгосон үе үеийн удирдлагууд, ажилтнууд, ахмадууд бүх хүмүүст бид талархах учиртай гэж боддог. Нийт ажилтны 50-аас илүү хувийг залуучууд эзэлж байна. Тиймээс залуу хүн бүр ажлаа сэтгэлтэй, үр бүтээмжтэй хийх ёстой. Энэ нь ахмадуудын болоод хойч үеийнхний өмнө хүлээсэн бидний үүрэг хариуцлага юм шүү. Ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж байна.

-Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Зөв хандлагатай, зөв сэтгэл ёс зүйтэй, хүлээцтэй, хүсэл тэмүүлэлтэй байх чухал гэж боддог. Өнөөдөр бид IQ гэхээсээ илүү EQ гэдэг зүйлийг л өөртөө төлөвшүүлж, дадал зуршил болгох хэрэгтэй.  

-Таны 5 хүсэл?
-Эрүүл саруул байх, бусдад садаа болохгүй байх, цаг үеэсээ хоцрохгүй байх, ёс зүй, хариуцлагатай байх, амар тайван, жаргалтай байх.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close