1А хорооллын барилгын ажил үргэлжилж, уурхайчид орон сууцаар хангагдана
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн аймгийн удирдлагуудын хамтаар өнгөрсөн 7 хоногт бүтээн байгуулалтын томоохон ажлуудын явцтай танилцах үеэр 1А хорооллын барилгын гүйцэтгэгч компанид шаардлага тавилаа. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ нь шийдэгдэхгүй удсан тус барилгыг Эрдэнэт үйлдвэрийн Соёл спортын “Эрдэнэт” цогцолбортой хамтатган нэг сүлжээнд холбосноор барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой болсон юм. Гэвч энэ онд барилгын ажил хийхгүй байгаа шалтгааныг асуухад, “Инженерийн шугам сүлжээ тавигдаагүй, өндөржилтийн зургийн зөрүүтэй байдал, автозамын трасс өөрчлөгдсөн, хөрс хуулалт хийгдээгүй зэргээс хамаарч ажил явуулах боломжгүй байсан. Асуудал шийдэгдсэн учраас манай компани ирэх жил барилгын ажлыг эхлүүлнэ” хэмээн “ITGM” компанийн менежер Б.Борхүү хариуллаа.
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 1А орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг байгуулахад Эрдэнэт үйлдвэр 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олгохоор шийдвэрлэсэн. Тус санхүүжилтээр 2015 оноос гацаанд орсон барилгын ажлыг үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа нь энэ юм. Эрдэнэт үйлдвэр орон сууцны барилгыг ашиглалтад ороход аймаг, орон нутагтай хийсэн гэрээний дагуу тодорхой тооны орон сууцыг авах эрхтэй бөгөөд ажилчдаа орон сууцжуулахад томоохон дэм болно гэдгийг холбогдох удирдлагууд хэлж санууллаа.
1А орон сууцны хорооллын төслийн гүйцэтгэгчээр 2012 онд Сингапур Австралийн хөрөнгө оруулалттай “ITGM” ХХК шалгарсан бөгөөд 2014 онд тус бүр нь 2 орцтой, 9 давхар 3 барилгын краказ барьж босгосон байна. Тус хороололд 145 мянган м.куб талбай тэгшилж, газрын боловсруулалт хийх тул “Өндөржилтийн дагуу газрын боловсруулалтын ажлыг хий” гэсэн аймгаас өгсөн шаардлагын дагуу ажлыг гүйцэтгэж байна. Автозамын 9,5 тэрбум төгрөгийн ажлыг “Өлзийхутгийн наран” ХХК, дэд бүтцийн 7,8 тэрбум төгрөгийн ажлыг “Хемон” констракшн гүйцэтгэж, төслийн гүйцэтгэл 60 орчим хувьтай байгаа талаар холбогдох инженерүүд мэдээлэл өгсөн. Тус хороолол ашиглалтад орсноор Орхон аймаг 1230 айлын орон сууц, хаус, таунхаус бүхий хороолол, 900 хүүхдийн сургууль, 400 хүүхдийн цэцэрлэгтэй болж өргөжин тэлэх юм.
И.ЧИНТОГТОХ