Шинэ Элчин сайдууд Эрдэнэт үйлдвэртэй танилцав
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцахаар Монгол Улсаас гадаад улсад суухаар шинээр томилогдсон Элчин сайдууд, Гадаад харилцааны яамны албаны бусад хүмүүс ажиллаж байна.
Зочдыг “Оюу” танхимд хүлээн авч, үйлдвэрийн газрын хэт ирээдүй рүү чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүд, алсын хараа, бодлого, үйл ажиллагааны талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээлэл хийсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс бэлтгэсэн Эрдэнэт үйлдвэртэй танилцах ерөнхий зааварчилгаа өгсний дараа зочдыг үйлдвэрийн бүс рүү нэвтрүүллээ.
Хүдрийн ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг, тус хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил, Засвар механикийн заводын хэсэг, нэгжийн үйл ажиллагаа, дижитал музейтэй танилцсан зочид Эрдэнэт үйлдвэрийн талаар цогц мэдээлэл авсан гэдгээ илэрхийлж байлаа.
Уул уурхайн үйлдвэртэй танилцаж байгаа Элчин сайдуудын хувьд дийлэнх нь Эрдэнэт үйлдвэрт анх удаа ирж байгаа юм. Тиймээс ч Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлууд, уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар ойлголт, мэдээлэлтэй болоход ихээхэн ач холбогдолтой танилцуулга болж байгааг онцоллоо.
Тэд уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн чанадад экспортолж, Монгол Улсын төсөв бүрдүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
И.ЧИНТОГТОХ