Ч.Нарангэрэл: Антибиотикийн үлдэгдэл сүүнээс хэзээ ч арилж устдаггүй учраас хүний биед аюултай
-Хэрэв эмийн үлдэгдэлтэй бол тухайн сүүгээр тараг үйлдвэрлэх ч боломжгүй. Учир нь антибиотикийн үлдэгдэл тарагны хөрөнгөний идэвхийг бууруулдаг-
Борнуур сумын малчдаас авдаг чанарын шаардлага хангасан сүүгээр “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг хангасан гарал үүсэл тодорхой QR код бүхий “Өлзий” нэрийн зөөхий тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Энэ бол Малын гаралтай түүхий эдийг мөшгөх системийг сүүнд нэвтрүүлсэн анхны жишээ бөгөөд Монголын хүнсний салбарт гарч буй дэвшил юм. Энэ талаар “Витафит милк” ХХК-ний үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Задгайгаар баталгаагүй сүү худалдан авдаг иргэд олон байдаг. Голдуу сүүний үйлдвэрт гологдсон сүүг задгайгаэар зардаг гэсэн ойлголт ч бий шүү дээ. Ер нь эмийн үлдэгдэл гэж юу болох, түүний хор хөнөөлийг дурдахгүй юу?
-Мал, амьтан өвчилсөн үед төрөл бүрийн антибиотик болон эм, бэлдмэлүүдийг хэрэглэдэг. Малд хэрэглэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад түүхий эдийг нь ашигласнаар тухайн эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орж хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай.
Хэрэв эмийн үлдэгдэлтэй бол тухайн сүүгээр тараг үйлдвэрлэх ч боломжгүй. Учир нь антибиотикийн үлдэгдэл тарагны хөрөнгөний идэвхийг бууруулдаг юм.
Зарим хүмүүс антибиотикийн үлдэгдлийг бичил биетэнтэй адил өндөр температурт устана гэж эндүүрдэг.
Гэтэл гарал үүсэл нь тодорхойгүй сүүгээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээр дамжин малд хэрэглэсэн антибиотикийн үлдэгдэл хүний биед орох аюултай. Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж хүний ходоод гэдэс хямардаг, эрүүл мэндэд ч аюултай. Иймээс бид энэ асуудал дээр маш их анхаардаг. Энэ бол бидний мэргэжлийн ёс зүйтэй ч холбоотой асуудал юм.
-Малчид энэ асуудлыг хэр ойлгож байна вэ?
-Нийлүүлж буй сүүндээ бага зэрэг ус хольсон байхад мэдэгдэхгүй өнгөрнө гэж байхгүй бөгөөд ус нэмсэн эсэхийг шинжилгээгээр тогтоочихно. Антибиотик агуулсан сүү өгсөн бол мөн л шинжилгээгээр илрүүлнэ. Малчид нэг үеэ бодвол малын эмийн үлдэгдлийн талаар мэдлэг мэдээлэлтэй болж сүүнийхээ чанарыг хангахын тулд малынхаа чанарт ч анхаардаг болж байна.
-Малын гаралтай түүхий эд мөшгөх системд бүртгэгдэж QR кодоор хянагдах нь жирийн хэрэглэгч нарт ямар ач тустайг тайлбарлахгүй юу?
-Малчны хотноос сүүг шинжлэн авч сүүний үйлдвэрт боловсруулах, хэрэглэгчид очих үе шатанд ямар нэг алдаа гарах өөрөөр хэлбэл, үл тохирол гарахыг үгүйсгэхгүй. Жишээ нь хэрэглэгчээс сүүний амттай холбоотой, эсвэл хадгалалтын хугацаа дуусаагүй байхад гашилсан зэрэг гомдол ирвэл чухам хаана алдаа гарсныг мөшгөлтийн системээр илрүүлэх боломжтой.
Сүү бэлтгэлийн мэргэжилтэн хэр зэрэг чанартай түүхий сүү хүлээж авсан, тухайн сүүг хэний хотноос авсан байна вэ? гээд л мөшгөж эхэлнэ.
Ингэхдээ малчнаас сүүгээ авахдаа хийсэн шинжилгээний үр дүн үйлдвэрийн лабораторийн шинжилгээтэй нийцсэн эсэхийг хянана.
Үйлдвэрлэлийн дамжлага дээр ч мөн мөшгөлт хийж, технологийн горим зөрчигдсөн эсэхийг нь нягталдаг юм. Хэрэв ямар нэгэн үл тохирол гарвал нягт нямбай шалган мөшгиж, хэрэглэгчийн гомдлыг барагдуулах боломж бүрдэнэ.
-Хэрэглэгчдийн хувьд бүтээгдэхүүний чанарыг QR кодоор дамжуулан мэдэх боломжтой болох нь ээ?
-Хэрэглэгчид гар утсаараа QR кодыг нь уншуулахад Төв аймгийн Борнуур сумын малчин Дондогийн малын сүүнээс ялгасан цөцгийгөөр үйлдвэрлэсэн зөөхий гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энэ нь зүгээр нэг мэдээлэл биш. Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд орсон түүхий эд нь эрүүл малаас гаралтай болохын баталгаа юм. Үүнийг “Хариуцлагатай нүүдэлчид” систем болон Сүү бэлтгэл, сүүний мөшгөх систем баталгаажуулдаг.
“Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем” хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэгчээс гадна хэрэглэгчид ч мөн чанартай бүтээгдэхүүнийг өөрсдөө сонгож авах боломж нээгдэж байна.
-Монголд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг экспортлоход маш олон шалгууртай тулгардаг. Тэр дундаа гарал үүслийн баталгааг “Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем” бий болгох нь ээ?
-Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад оронд гаргах гэж байгаа компаниуд том жижиг гэлтгүй малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем, үйлдвэрлэлийн мөшгөлтийн систем хэрэгжүүлсэн эсэх нь үндсэн шалгуур үзүүлэлт болдог. Монголд малын гоц халдварт өвчин их гардаг учраас мах, сүүн бүтээгдэхүүнийг экспортлоход асуудалтай тулгардаг. Харин мөшгөлтийн системтэй болсноор тухайн малын мах, сүүний гарал үүсэл тодорхой болно.
Тухайн бүс нутаг нь мал эмнэлгийн хувьд аюулгүй бүс гэдгийг нь баталгаажуулна. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах буюу импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нээж байгаа хэрэг.
-Мөшгих системийн хамгийн чухал ач холбогдлыг мэргэжлийн хүний хувьд та хэрхэн харж байна вэ?
-Өмнө нь малын сүүний чанар, аюулгүй байдлын асуудлыг орхигдуулж зөвхөн тоо хэмжээний хойноос хөөцөлддөг байлаа. Малын эмч тухайн мал эрүүл, өвчингүй гэсэн гарын үсэгтэй бичиг өгдөг байсан нь нууц биш. Харин одоо Мал эмнэлгийн мэдээллийн нэгдсэн сан болон “Хариуцлагатай нүүдэлчид” системээр тухайн мал эрүүл эсвэл өвчилсөн, тарилга, туулга, угаалгад хамрагдсан гээд бүхий л дата мэдээлэл бүртгэгдэж байна.
Хүнсний аюулгүй байдлын асуудал нь бидний эрүүл мэндтэй шууд холбоотой тул мөшгөх системийг хөгжүүлсэн нь эргээд эцсийн хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахад асар их хувь нэмэр оруулж байна.
-Та бүхэн зөөхийндөө цахим мөшгөх системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна. ШХА-аас хэрэгжүүлсэн энэхүү төсөлтэй хамтарсан шалтгаанаа дурдахгүй юу?
-Манай компани сүүний салбарт сүүлд орсон ч Монголын тарагны зах зээлийн 30%-ийг хангадаг. Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс сүү, мах нь малын гаралтай эмзэг бүтээгдэхүүн юм. Хүнсний аюулгүй байдлын шаардлага нь ч маш нарийн. Эдгээр шаардлагад нийцүүлсний дараа л хэрэглэгчийн гарт чанартай бүтээгдэхүүн хүрнэ. Тиймээс бид сүүний үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш сүү татан авалт, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт гээд бүхий л үйл ажиллагаагаа маш нарийн төлөвлөж сүүний чанарыг хангах тал дээр анхаарч ажилладаг. Урьд нь бид “Өлзий” сүүндээ QR код нэвтрүүлж байсан бол энэ удаа Өлзий брэндийн зөөхийг төслийн хүрээнд хөгжүүллээ.
Ингэхдээ “Хариуцлагатай нүүдэлчид” систем болон Сүү бэлтгэл, сүүний мөшгөх системээр дамжуулан бүртгэж хэрэглэгчдэд нийлүүлэхээр ажиллаж байна. Сав баглаа боодол хэвлэлтийн шатандаа явж байна, тун удахгүй хэрэглэгчдийн гар дээр очно.
Мөшгөх систем ашиглан хүнсний гарал үүслийн хяналт тавьж хариуцлагатай үйлдвэрлэл болон хэрэглээний талаар илүү ихийг https://www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудас болон https://www.greenmongolia.mn/ вэб хуудсаас унших боломжтой