Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ
Эрдэнэт үйлдвэр жил бүр нийт ажилтнууд болон ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Энэ жилийн ээлжит үзлэг 7 дугаар сарын 5-нд эхэлсэн.
“Ковид-19” цар тахлын тархалт ихэссэн цаг үе тул энэ удаагийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулалтын хувьд онцлогтой гэдгийг Эрдэнэт сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэг мэдээлэлдээ онцлов. Тухайлбал, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс цагийн нарийвчилсан товлолын дагуу өдөрт 50-иас дээшгүй ажилтныг хамруулж байна.
Ажилтнууд үзлэгт орох хуваарьт өдрийнхөө өмнө нь “ковид-19” халдварын түргэвчилсэн болон PCR шинжилгээг заавал өгч, хариуг нь авч ирэх аж. Мөн өөрт ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрвэл урьдчилан мэдэгдэж, үзлэгийн хуваарийг хойшлуулах юм байна. Түүнчлэн хүн бүр үзлэг шинжилгээнд хамрагдаж байхдаа зай барих, амны хаалт зүүх гэх мэтчилэн халдвар хамгааллын дэглэм чанд баримтлах шаардлагатайг анхааруулж байна.
2021 оны эрүүл мэндийн үзлэгийн үндсэн 16 багц дээр залуучуудын багц шинээр нэмэгджээ. Үүнд бүдүүн гэдэс, ходоодны дуран болон хавдрын шинжилгээнүүд багтаж буй аж.
М.Балжинням
Фото Б.Баттөгс