НийгэмОнцлох

Эмэгтэйчүүдийн зөвлөл ЖДҮҮ-г шинэ шатанд гаргаж, инженерийн байгууламжийг сайжруулахад анхаарна

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон “Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус зөвлөл эмэгтэй төлөөлөгчдийн удирдаж буй байгууллагын онцлог, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д ажилласан юм.

Г.Гангамөрөн: Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

Нийслэл Улаанбаатар хотод 1 сая орчим иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж буй судалгаа бий. Тэдний 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг, тэдгээрийн мөн 70 хувь нь эмэгтэйчүүд болохыг “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хэллээ.

Коронавируст цар тахлын улмаас энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн олонх нь эргэлтийн хөрөнгөгүйн улмаас үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулах боломжгүйд хүрчээ. Тэгвэл “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас тэдний үйл ажиллагааг дэмжих хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна.

Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөрт нэгдэн оролцох боломж бүрдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-г ирэх 9 дүгээр сард нээхээр бэлтгэлээ бүрэн хангажээ. Тус төвөөс иргэд санхүү, хуулийн зөвлөгөө, маркетинг борлуулалтын тусламж, мэдээлэл авахын зэрэгцээ үйлдвэрлэл, үйлчилгээгээ тухайн төвд бойжуулан зах зээлд гаргах боломжтой юм. Тодруулбал, тухайн Нэг цэгийн үйлчилгээнээс жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бодлогын болон төрийн бүх үйлчилгээг авч болно.

Түүнчлэн “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, 310 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Эдгээр арга хэмжээний талаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Аливаа улс орны хөгжил, эдийн засгийн нөхцөл байдал жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс шууд хамааралтай байдаг. Цар тахлын улмаас нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хүнд байдалд орсон. Тиймээс манай газар тэдний үйл ажиллагааг дэмжих хүрээнд шинэлэг ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тухайлбал, Азийн хөгжлийн банкны дэмжлэг, төслийн хүрээнд энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд 1 удаагийн буцалтгүй тусламж олгох талаар судалж байна. Ингэхдээ ил тод байдлаар тоног, төхөөрөмж болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхээс гадна үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулахад анхаарч ажиллана. Мөн “Түрүүлж төлье” аян хэрэгжүүлэхээр судалж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ худалдааны төвд байршуулан, гэрээлж борлуулдаг.

Тэгвэл тухайн худалдааны төвүүдийг үйлдвэрлэл эрхлэгчдэд барааны үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан өгч байгаач ээ гэдэг санал тавих юм. Ингэснээр үйлдвэрлэл эрхлэгчид эргэлтийн хөрөнгийн гачигдалд орохгүй. Эмэгтэй төлөөлөгчдөд энэ тухайгаа танилцууллаа. Бидний ажлыг дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлж байна” гэв.

Л.Ариунтуяа: Долоон буудал, Чингис зочид буудлын орчим усанд дахин автахгүй

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт авто замын борооны ус зайлуулах 169 км урт шугам сүлжээ, хүлээн авах 3387 ширхэг шүүрт худаг, үзлэгийн 3745 ширхэг худаг, үерийн хамгаалалтын 157 км барилга байгууламж бий.  Эдгээр үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан суваг, авто замын ус зайлуулах хоолой, хөрсний ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, арчилгаа болон засвар, үйлчилгээг “Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг.

Сүүлийн жилүүдэд ашиглалтад оруулж буй барилгууд хөрсний ус зайлуулах байгууламж барьдаггүй, авто зам барихдаа шүүрт худаг хийдэггүй зэрэг зөрчлийн улмаас гудамж талбай усанд автаж буйг “Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ. Мөн шугам сүлжээний насжилт өндөр байгаа нь ч үүнд нөлөө үзүүлж байгааг дурдсан.

Тиймээс нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эд хөрөнгийг хамгаалах үүднээс “Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас инженерийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарч юм. Тухайлбал, усархаг борооны улмаас үерт байнга өртдөг Долоон буудлын авто замд ус зайлуулах 232 метр шугам угсарч, шүүрт болон үзлэгийн худаг 16-г суурилуулжээ. Мөн Баянбүрдийн тойрог орчим ус зайлуулах 280 метр шугам угсарсан байна.

Дээрх бүтээн байгуулалтын талаар “Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Долоон буудал, Баянбүрдийн тойрог, Чингис зочид буудал орчмын ус зайлуулах шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдсэн. Тиймээс эдгээр хэсэг дахин усанд автахгүй. Өнгөрсөн сард орсон борооны улмаас “Үндэсний соёл, амралтын хүрээлэн” орчим усанд автсан. Дахин тийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд манай байгууллага “Гэгээнтэн” цогцолборын орчимд инженерийн байгууламж барьж байна” гэсэн юм.

Б.Мягмар: Эмэгтэй төлөөлөгчдийн оролцоо хаана чухал байна, бид тэр бүрд хүрч ажиллана

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тусгай хэрэгцээт эмэгтэйчүүдэд болон ахмад настанд чиглэсэн зэрэг 5 чиглэлийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээндээ эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчдыг хамгаалах Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, гэр бүлд чиглэсэн цахим сургалт зохион байгуулах гээд цөөнгүй ажлыг хийсэн.

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар зөвлөлийн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Түр хамгаалах байрнуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж, тогтоол батлууллаа. Цаашид энэ чиглэлээр шаардлагатай ажлуудын санхүүжилтийг төсөвт суулгах зэрэг ажил санаачлан, хэрэгжүүлнэ. Энэ мэт ажлынхаа хүрээнд Эмэгтэйчүүдийн зөвлөл тодорхой чиг үүргийн байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэ удаа “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон “Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг шинэ шатанд гаргах ажилд бид манлайлан оролцоно. Нийслэлийн ИТХ мөн ийм бодлого баримталж байгаа. Тухайлбал, эмэгтэй төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд дүүрэг бүрд ажиллаж, мэргэжлийн байгууллагатай хамтран арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Түүнчлэн төрийн худалдан авалтад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажил өрнүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн нийслэлийн иргэдийн эд хөрөнгийг хамгаалах, ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх хүрээнд “Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын чадавхыг бэхжүүлэх ажил зохион байгуулна. Товчхондоо эмэгтэй төлөөлөгчдийн оролцоо хаана хэрэгтэй байна, бид тэр бүрд хүрч ажиллахыг зорьж байна” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close