ЯрилцлагаХууль эрх зүйFocus

Г. Бадамханд: Прокурор бол алдах эрхгүй алба

Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 91 жил, “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан Прокурорын байгууллагын ахмадын холбооны тэргүүн, ахмад прокурор Г.Бадамхандтай ярилцлаа.

Өнгөрсөн жил Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиосон. Өнөөдөр 91 жилийн ой мөн “Прокурорын албаны өдөр” тохиож байгаатай холбогдуулан та прокурорын байгууллагын түүхэн замналын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

Монгол Улсад прокурорын байгууллага байгуулагдаад 91 жилийнхээ түүхэн хөгжлийн үе дээрээ явж байна. 1930 онд болсон Улсын VI Их хурлаас Прокурорын байгууллагыг  байгуулах шийдвэр анх гарсан байдаг. Улмаар 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарч “Прокуроруудаас дагаж гүйцэтгэх эрх үүргийн дүрэм” -ийг баталсан. Энэ үеэс прокурорын байгууллага тулгаа тулж, голомтоо асааж, үйл ажиллагаа нь эхэлсэн буурал түүхтэй.

Прокурорын үйл ажиллагаа 1930-1976 оныг хүртэл дүрмээр зохицуулагдаж ирсэн. 1930 оны анхны дүрэмд л гэхэд “Бүх яамд байгууллага, иргэдээс хууль цаазыг хэрхэн дагаж мөрдөж байгаад улсын хяналт тавина, хэрэв зөрчвөл хэрэг үүсгэж шалгана” гэж заасан байдаг. 1992 оны Шинэ үндсэн хууль гарах хүртэл прокурор бүхий л үйл ажиллагааг тэр дундаа шүүхийн үйл ажиллагааг ч хянадаг хяналтын дээд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байсан байгаа юм..

Прокурорын байгууллагын үйл ажиллагаа анх дүрэм журмаар зохицуулагдаж ирсэн байна. Хэзээнээс бие даасан хуультай болсон бэ?

1940 оны Үндсэн хуульд прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийг тодорхойлж, үндсэн хуулийн статустай байгууллага болсон. 1976 онд Прокурорын хяналтын тухай хууль батлагдсан. Энэ хууль 1993 оныг хүртэл үйлчилсэн. 1992 онд үндсэн хууль шинэчлэгдэн батлагдахад түүнд нийцүүлэн 1993 онд Прокурорын байгууллагын тухай хууль болж  шинэчлэгдсэн. Улмаар 2002 онд нэмэлт өөрчлөлт орсон бол 2017 онд зарчмын өөрчлөлт орж нэршлийн хувьд ч Прокурорын тухай хууль болж өөрчлөгдсөн. Одоо бид дагаж мөрдөөд явж байна.

Энэ хуулийн 42 дугаар зүйлд прокурорын байгууллагыг  “Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн” гэж  тодорхойлсон.   

Прокурорын байгууллага анх байгуулагдах ямар хүмүүсийг ажиллуулдаг байсан бэ? Үйл ажиллагаа нь өргөжих тусам хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг байв?

Анх байгуулагдахдаа  бичиг үсэгт тайлагдсан,тэр үеэр нь хэлбэл хар ухаан сайтай, шударга, ард түмэндээ зөвшөөрөгдсөн хүмүүсийг прокуророор томилдог байсан байгаа юм. Цаашлаад хүний нөөцийг бүрдүүлэх ажиллагаа үе шаттайгаар сайжирч ирсэн. Сургалт курсээр дотоодод болон гадаадад бэлтгэж улмаар Хууль цаазын дунд сургууль, Монгол улсын их сургууль байгуулагдаж прокурорын байгууллагын боловсон хүчнийг дотооддоо шат дараатай бэлтгэж ирснээс гадна гадаадад олон арван хүнийг  суралцуулж  бэлтгэж ирсэн байна

Прокурорын алба нь төрийн алба гэхдээ хууль сахиулдаг бусад төрийн албанаасаа юугаараа онцлог ялгаатай юм бэ?

 Прокурор төрийн алба, төрийн албан дотроо төрийн тусгай алба юм.  Прокурорын бүхий л үйл ажиллагаа төрийн нэрийн өмнөөс явагддаг,  эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахад чиглэгддэг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина. Шүүх хуралд төрийг төлөөлж оролцоно. Прокурорыг харахад бичиг цаасны хүн шиг их цэвэрхэн ажил юм шиг харагдаж байгаа  боловч яг дотроос нь харвал прокурор хүний ажлын орчин бол маш хүнд. Гэмт хэрэг хийсэн, амь нас хохирсон гээд тухайн гэмт хэргийн бодит байдал зураг төрхийг өдөр бүр харж, уншиж, танилцана гэдэг нь тийм ч аятай таатай ажлын нөхцөл биш шүү дээ. Уншиж байгаа материал болгон нь гомдол тээсэн үнэн зөвийг тогтоож өгөхийг хүссэн зүйл байдаг. Тиймээс ч онцгой нөхцөл гэж төрөөс зөв тогтоож өгсөн байдаг юм.

Мөн прокурорын албаны нэг чухал онцлог нь прокурор бүр шийдвэр гаргадаг. Төрийн алба хаагч бүр шийдвэр гаргахгүй шүү дээ. Төрийн алба хаагч зохих ажиллагаа хийгээд дээд шатны удирдлага дарга нар нь шийдвэр гаргадаг бол прокурорын нэг онцлог нь прокурор бүр шийдвэр гаргадагт байгаа юм. Тэгэхээр шийдвэр гаргах  эрх гэдэг чинь прокурорт өндөр хариуцлага, үүрэг оногдуулж байна гэсэн үг.  

Энгийн иргэд Прокурорыг “улсын яллагч” гэдэг утгаар нь шууд хүлээгээд авчихдаг. Угтаа хэнийг ч ялгахгүй хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах энэ чиг үүргийг нь тэр бүр ойлгодоггүй.  Энэ тал дээр танд хэлж яримаар зүйл байдаг байх даа?

Прокурорын үйл ажиллагааг бүхэлд нь авч үзвэл хүний эрхийг хангах, хүний эрхийг хамгаалахад чиглэгддэг. Хүмүүс прокурорыг яллагч гэж л ойлгоод байдаг. Энэ их буруу ойлголт. Прокурор бол нэгдүгээрт хохирсон хүний эрх ашгийг хамгаалдаг,  хохирлын хэмжээг нь тогтоож, арилгуулах арга хэмжээг авч ажилладаг. Хоёрдугаарт хохироосон хүний гэм буруугийн асуудлыг тогтоодог. Гэм буруугийн асуудлыг яг бодитоор нь тогтооно гэдэг бол тухайн хүний эрхийг бас хамгаалж байна гэсэн үг. Мөн бусдын эрхийг хамгаалж байна гэсэн үг. Энэ  талаас нь аваад үзэхээр прокурор хүний эрхийн төлөө тэмцэгч, хүний эрхийг хамгаалагч юм. Ер нь бол прокурор хэрэг шалгаж байхад яллах цагаатгах хоёрыг эн тэнцүү авч явдаг.  Үнэхээр буруутай нь нотлогдвол тэрэнд хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Энэ зарчмаар манай прокурорууд ажилладаг. Прокурор гэдэг нэр томьёо нь гаднаас орж ирсэн үг. Толь бичигт  прокурор, яллагч гэсэн хоёр үгээр илэрхийлсэн байсан. Шууд “яллагч” гээд ойлгочихоор бас буруу болчхож байгаа юм. Прокурор хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажилладаг байгууллага шүү дээ. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурорын чиг үүргийг маш тодорхой зааж өгсөн байгаа. “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Энд ямар нэгэн яллагч гэсэн үг байхгүй. Харин прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “шүүх хуралдаанд прокурор улсын яллагчаар оролцоно” гэсэн байдаг. Миний хувьд прокурорыг улсын яллагч гэдэг нэр томьёогоор тодорхойлох шаардлагагүй гэж боддог. Энэ бол хувь хүний бодол шүү. Социализмын үед прокурорын байгууллагыг нийгэмд хүчирхэг харагдуулахын тулд улсын нэрийн өмнөөс яллагч хийж байна гэдэг утга санааг нь тодотгож байсан байх. Харин одоо нийгмийн чиг хандлага өөрчлөгдөж байна.  Иймээс прокурор төрийн нэрийн өмнөөс дүгнэлтээ гаргадаг, прокурор яллах дүгнэлт биш гэм буруугийн асуудлаар дүгнэлт гаргадаг ийм чиг хандлагатай болж яваандаа өөрчлөгдөх байх гэж харж байна.

Прокурор болохын тулд ямар шалгуурыг давах ёстой юм бэ? Ямар шаардлагыг хангаж чадсан хүн сая прокурор болдог юм бэ?

Залуус прокурорын ажлыг сонирхож тэр хэрээр хуульч болохыг хүсдэг хүмүүс ч олон болсон байна. Гол нь тухайн ажил мэргэжлийнхээ мөн чанарыг нь мэдэж байх ёстой юм лдаа. Прокурорын тухай хуульд прокурор гэж ямар хүнийг хэлдэг болохыг маш тодорхой тодорхойлж өгсөн байгаа. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан, эсхүл прокурорын туслах ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан, гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байгаагүй, мэргэжлийн шаардлага хангасан 25 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно гэж заасан байдаг.

Энд нэг тодруулж хэлэх юм байна. Прокурор болохын тулд хууль эрх зүйн бакалавраас дээш боловсролтой, хуульчийн сонгон шалгаруулалтанд орж хуульч гэсэн гэрчилгээ авсан хүн байх ёстой. Тодорхой дадлага эзэмшсэн хүн байх ёстой. Бас нэг чухал шалгуур байгаа нь гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байгаагүй хүн байх ёстой. Ер нь прокурор болох гэж байгаа бол гэмт үйлдэл хэзээ ч гаргаж болохгүй гэдгийг толгойдоо суулгах ёстой. Прокурорыг дээд шатны прокурор бусад прокурор гэж хоёр ангилдаг. Дээд шатны прокурорт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, сум, сумдын прокурорын газрын ахлах прокурорууд багтдаг. Хяналтын прокуророор 5 –аас доошгүй жил ажилласан хүн дээд шатны прокурор болдог. Прокурор болоод тангараг өргөнө. Прокурорын тухай хуульд прокурорын тангараг бий. Агуулга нь бол хуулийг чанд сахин биелүүлнэ, зөрчвөл хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа.  Прокурор бол алдах эрхгүй алба. Алдвал цаана нь бусдыг эрх ашиг хохирно.

Хууль эрхзүйн үүднээс прокурор хүнд тавигдах шаардлагыг тайлбарлалаа. Харин хувь  хүн талаасаа прокурор хүн ямар байх ёстой юм бэ?

 Юуны өмнө прокурор хүн өндөр ёс зүйтэй байх хэрэгтэй. Өндөр ёс зүйд төлөвших ёстой. Хоёрдугаарт прокурор хүн байнга хөгжиж байх хэрэгтэй. Үзэж судлах хэрэгтэй, сурч боловсрох хэрэгтэй. Гуравдугаарт прокурор хүн харилцаа сайтай байх ёстой. Хэдийгээр зөв шийдвэр гаргаж байгаа ч гэсэн гаргасан шийдвэрээ бусадтай харилцах явцад зөв ойлгуулж чадаагүй бол нөгөө хүн  нэг л дутуу гомдонгуй үлддэг. Яагаад гэвэл тэд хуульч биш. Мөн хандлагын хувьд зөв байх ёстой.

Прокурор хүн надад хууль үйлчилнэ хуулиас өөр дарга байхгүй гэж л ажилдаа хандах ёстой. Прокурор хүний дотоод итгэл үнэмшил хуульд үндэслэсэн итгэл байх ёстой. Тэгж  өөрийгөө бэлтгэх ёстой юм. Прокурор бүр шийдвэр гаргадаг гэж хэлсэн шүү дээ. Энэ шийдвэрийг хараат бусаар гаргадаг. Хараат бусаар гаргана гэдэг нь прокурор дураар авирлана гэсэн үг биш л дээ. Хараат бусаар гэдэг нь хуульд захирагдана гэсэн үг.

Та одоо прокурорын байгууллагын ахмадын холбоог тэргүүлэн ажилладаг. Та ахмадын холбооны ажил үйл ажиллагаанаас дурдвал, сүүлийн үед залуучуудтай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа вэ?

Прокурорын байгууллагад алба хаана гэдэг нэр төрийн хэрэг л дээ. Прокурорын ажил гэдэг чинь зөвхөн прокурор байгаа юм биш ар талд нь олон ажилтан албан хаагч бий. Прокурорын алба хашна гэдэг онцгой хувь тавилан шүү. 3 сая гаран хүн амтай улсад 600 хүрэхгүй хүн л прокурорын албыг хашиж байна. Прокурорын байгууллагын 91 жилийн буурал түүхийг бүтээсэн хүмүүс бол ахмад прокурор, ажилтнууд юм.

Прокурорын байгууллага одоо 300 шахам ахмад прокурор, ажилтантай. Ахмадууд маань прокурорын байгууллагад залуу нас, оюун санаа, сэтгэл хөдөлмөрөө зориулж ирсэн хүмүүс. Манай ахмадын холбоо УЕПГ, Хэрэг эрхлэх газар, Сургалтын албатай нягт холбоотой ажилладаг.

Ерөнхий прокурор маань ахмадуудын асуудалд болон ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжиж байдаг. Бид энэ итгэл, дэмжлэгийг алдахгүй сайн ажиллахыг хичээж байна. Цаашид ч илүү хичээх болно. Бид прокурорын байгууллагын гурван үеийн уулзалт, ахмад залуу прокурорын уулзалт, ярилцлага, ахмадын сургалт гээд залуу үедээ ахмад үеийнхнээс уламжилж болох тэр сайн зүйлүүдийг үлдээхэд төрөл бүрийн арга хэлбэр ашиглаж ажиллаж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр ч гэсэн ахмад прокурорууд маань цахимаар сургалтууд хийж байна. Мөн прокурорын байгууллагын бодлогын бичиг баримтуудад ахмадууд санаа оноогоо өгч байна. Ахмад  прокурорын зөвлөх үйлчилгээг зохион байгуулж байна. Энэ мэтчилэн залуу үедээ ахмадуудын сайн сайхан зүйлийг үлдээхэд анхааран ажиллаж байна.

Та прокурорын байгууллагад анх орж ажиллаж байсан түүхээсээ хуваалцахгүй юу? Прокурорын байгууллагад ажилласан он жилүүдээ эргэн дурсвал?

Би Завхан аймгийн прокурорын газрын шүүхийн хяналт эрхэлсэн туслах прокуророос  прокурорын албыг эхэлсэн. Ер нь захиргаа, прокурорын байгууллагад дөчөөд жил ажилласнаас дийлэнх нь прокурорын байгууллагад ажилласан байна. Одоогийнхоор дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокуророор 10 гаруй жил ажилласан. Прокурор бол эрч хүчтэй, хиймортой мөн ч сайхан алба даа.

Жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр “Прокурорын албаны өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан нийт прокурор, ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

Засгийн газрын 2015 оны шийдвэрээр жил бүрийн 8 дугаар сарын 14-ны өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэхээр болсон.  Анх 2015 оноос хойш 7 дахь жилдээ тэмдэглэж байна. Прокурорын албаны өдөр бол прокурор, ажилтнуудын баярлаад өнгөрөх өдөр биш л дээ.  Хийсэн  бүтээснээ эргэж харах дүгнэх, олон нийтэд хүргэх зэрэг өргөн хүрээнд прокурорын албаны өдрийг тэмдэглэдэг. Ингээд  нийт прокурор ажилтнууд болон ахмадууддаа прокурорын албаны өдрийн мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсье. 

Ярилцсанд баярлалаа. Танд прокурорын байгууллагын 91 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-ийн мэндийг хүргэе. 

Эх сурвалж: УЕПГ

Холбоотой мэдээ

Back to top button
Close