Уул уурхай

“Их зогсолт”-ын хугацаанд төлөвлөсөн ажлуудаа амжилттай гүйцэтгэв

     Эрдэнэт үйлдвэр жил бүр үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа тэг зогсолт хийж, нөөцгүй ажиллагаатай  техник тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй байдлыг хангах зорилгоор иж бүрэн их засвар хийдэг. Энэ жилийн ээлжит “Их зогсолт”-ыг өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 30-ны 18 цагаас 8 дугаар сарын нэгний 18 цаг хүртэл 48 цагийн хугацаатай зохион байгууллаа. “Их зогсолт”-ын хугацаанд үйлдвэрийн хэмжээнд нийт 466 багц ажил хийхээр төлөвлөж, үүн дээр 5 ажил нэмэлтээр гүйцэтгэснээр хуваарийн дагуу 470 ажлаа бүрэн амжууллаа, гэж Механикийн хэлтсээс удирдах ажилтнуудын даваа гаригийн шуурхайн үеэр мэдээлэв. Энэ удаагийн “Их зогсолт” үйлдвэрийн хэмжээнд хийгдэж буй өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалт руу түлхүү чиглэж, тэдгээрийн цахилгаан хангамж, усны шугам зэрэг ажлын гаргалгааг тодорхойлоход үр дүн өгснөөрөө онцлог болжээ. Иймд “Их зогсолт”-ын ажлын бэлтгэлийг сайн хангаж, төлөвлөсөн цаг хугацаанд засвар үйлчилгээг чанартай, зохион байгуулалт сайтай гүйцэтгэн, амжилттай залгасныг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх тэмдэглэж, хамтран ажилласан цех нэгжүүд болон нийт уурхайчдадаа талархал илэрхийлье, гэсэн юм. Цаашид, төлөвлөгөөт бүтээн байгуулалтууд болон намар, өвлийн бэлтгэл ажлуудаа  цаг алдалгүй, хуваарийн дагуу үргэлжлүүлж, дулааны улиралд амжуулж гүйцэтгэхийг бүтцийн цех нэгжүүдийн удирдлагад үүрэг болголоо. 

     Өнгөрсөн 7 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт гарсантай холбогдуулан Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий оны эхний 7 сар болон өнгөрсөн сарын төлөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Эрдэнэт үйлдвэрийнхэн оны эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-141.3 хувиар биелүүлсэн бол өнгөрсөн 7 сарын биелэлт 100-аас дээш хувийн дүнтэй гарчээ. Харин ачаа эргэлт болон баяжуулах үйлдвэрт өгөх хүдэр өгөлтийн төлөвлөгөө, хүдэр дэх зэсийн агуулгын үзүүлэлтүүд 100-аас доош хувьтай байгаа нь “Их зогсолт”-той холбоотой. Эдгээр үзүүлэлтийг ирж буй 8 сард нөхөж биелүүлэх боломжтой, гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.

     Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Ц.Бат-Энх томилогдсон тухай шинэ томилгооны мэдээллийг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулж, түүнд ажлын амжилт хүсэв. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдож буй Ц.Бат-Энх 2009-2012 онд тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. Тэрээр, ажлаа өнөөдрөөс эхэлж буйг онцолж, хариуцсан чиг үүрэгт нь шинээр нэмэгдсэн хамтын ажиллагааны асуудал нь зөвхөн Булган, Орхон аймгаар хязгаарлагдахгүй, олон улсын түвшинд ижил төстэй үйлдвэр, компаниудтай харилцаагаа өргөжүүлж, бэхжүүлэхэд чиглэх ёстой. Үүнд анхаарлаа хандуулж ажиллана. Түүнчлэн, нийгмийн асуудал бол нийгмийн цехүүдийн хүрээнд биш үйлдвэрлэлээ бүхэлд нь хамарсан бодлогоор хангах болно гэдгийг онцоллоо. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close