Нутаг амьтай сэтгэлээр “нутгийн бренд” бүтээнэ
-Монгол ноолуурын чанарыг дэлхийг таниулахаар “Хариуцлагатай нүүдэлчид” цахим систем ажиллаж байна-
Төрсөн нутгаараа бахархдаггүй монгол хүн гэж үгүй. Тиймдээ ч өвөг дээдсээс өвлөн үлдээсэн эх сайхан нутагтаа хэрэгтэй, сайн сайхан ажил хийх юмсан гэж хичээж, хүсэл зорилго, бодол оюунаа чилээж явдаг хүн олон бий. Тэдний нэг бол Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул, “Говь Эрдэнэ Кашмер” ХХК-ийн Ерөнхий захирал Цэвээнсүрэнгийн Удвал. Ажил, амьдралынхаа гарааг “Говь” ХК-иас эхлүүлсэн тэрбээр 2010 онд “Говь Эрдэнэ Кашмер” ХХК хэмээх өөрийн компаниа байгуулсан нь өнөөдөр Монголын ноолуурын салбарын нэгэн төлөөлөл, нэгэн өнгө болжээ. Анх өрхийн үйлдвэрлэлээс эхэлж байсан түүний ажлын хамгийн чухал зарчим бол ЧАНАР. Үйлдвэрлэлийн дамжлага бүрт технологи горимыг нарийн баримтлан ажилласнаар эцсийн бүтээгдэхүүн чанартай гардаг. Энэ зүй тогтлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж чадснаараа өдгөө АНУ, БНСУ, Япон зэрэг гадны зах зээлд бэлэн бүтээгдэхүүнээ амжилттай экспортлож яваа.
Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шалгуур өндөр байдгийн нөгөө талд бүтээгдэхүүн болон бизнесийн үнэлэмж, үнэ цэнэ өсч байдаг. “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээний брэнд болгохын тул нэгдүгээрт монгол ноолуурын чанарт эргэлздэггүй гадаад, дотоодын хэрэглэгчдийг бий болгох нь нэн чухал юм. Монгол ноолуурын чанарын анхдагч үзүүлэлт бол түүхий эд. Бүр тодруулбал гарал үүсэл нь тодорхой түүхий эд юм. Дэлхийн дулааралтай холбоотойгоор даян дэлхий даяараа ус, цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй, хог хаягдал бага бий болгодог, байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой, мөшгөх боломжтой, чанартай түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонирхон сонгон хэрэглэх болсон. “Говь Эрдэнэ Кашмер” ХХК нь дэлхийн шаардлагыг хангах эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийд нийлүүлэхээр “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг 2021 оноос эхлэн бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байна.
“Хариуцлагатай нүүдэлчид” системийн талаар товч дурдвал: Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгтэйгээр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 2015 оноос хойш Дижитал медик ХХК-тай хамтран “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байна. Дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих нь үйлдвэрлэгчдийн нэн чухал хэрэгцээ шаардлага юм.
Энэхүү систем нь бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай гэсэн 6 стандарт үзүүлэлтүүдэд үндэслэн хөгжиж байна. Хариуцлагатай нүүдэлчид стандарт нь дараах олон талын үйл ажиллагааг баталгаажуулна. Үүнд:
- МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлын суурь үндэс болсон бэлчээрээ малчид хэрхэн хариуцлагатай ашиглаж, хамгаалж байна вэ?
- Бэлчээрээ сайжруулахын тулд орон нутгийн Засаг даргатай Бэлчээр ашиглах гэрээ байгуулан үүрэг хариуцлага хүлээж, гэрээний үүргээ биелүүлж байна уу?
- Байгалийн унаган зүйл ургамлаа нөхөн сэргээж хамгаалахад хувь нэмрээ оруулж байна уу?
- Малынхаа тавлаг байдлыг хангахын тулд хангалттай хэмжээний усан хангамж, өвс тэжээл, дулаан хашаа байрыг нь бэлтгэдэг үү?
- Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд малдаа эмнэлзүйн үзлэг тогтмол хийлгэж, шаардлагатай мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулж байна уу?
- Үндэсний үйлдвэрүүдтэй байгуулсан гэрээний үүргээ сайн биелүүлж заасан хэмжээ, чанарт нийцсэн түүхий эд нийлүүлж байна уу? гэдэг асуудалд анхаарах боломжтой болно.
Эдгээр лавлагаа мэдээлэл нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, МЭЕГ-ийн Малын эрүүл мэндийн нэгдсэн систем, ГЗБГЗЗГ-ын Газрын кадастерийн мэдээллийн систем, МБАНХ-ны Малчдын байгууллагын бүртгэл мэдээллийн системтэй шууд холбогдон бүртгэгдэг. МБАНХ-ны зүгээс Малчдын байгууллагын (АБАХ, СБАХ, түүхий эдийн дундын хоршоо, түүхий эдийн анхан шатны хоршоо) бүртгэл мэдээллийг оруулах ажлыг зохион байгуулж байна. Уг системд одоогоор нийт 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо. 169 сумын Бэлчээр ашиглагчдын холбоо, 1575 Бэлчээр ашиглагчдын хэсэг, 4 түүхий эдийн дундын хоршоо, 76 түүхий эдийн анхан шатны хоршоо, 10 үйлдвэр аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтнууд хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч системээр дамжуулан түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалт, борлуулалтыг хийж байна.
Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос эцсийн хэрэглэгчийн гар дээр тавигдах хүртэл хийгдсэн бүхий үйл ажиллагааны алхам бүрийг мэдээллийн технологид суурилсан стандарттай болгох нь орчин цагийн хэрэгцээ шаардлага. Энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Говь Эрдэнэ Кашмер” ХХК үйлдвэрлэлийн шатанд ямар ажил хийгдэж байгаа талаарх өөрсдийн түүхээр баяжуулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад зах зээл рүү гаргах юм. Ингэж бүрэн хэмжээний мөшгих системээр хийгдсэн бүтээгдэхүүн монгол ноолуурын чанарт эргэлздэггүй дэлхийн хэрэглэгчдийг бий болгоно. Энэхүү үнэ цэнэтэй “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр “Говь Эрдэнэ Кашмер” ХХК-ны хамт олон Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумдын цагаан сортой улаан ямааны ноолуурыг дэлхийд танигдсан брэнд болгох зорилгоо биелүүлнэ.
Ерөнхий захирал Ц.Удвал “Сутай хайрханыхаа өвөрт аавдаа эрхэлж явсан цаг саяхан мэт. Аав минь Тонхил сумын Алтансоёмбо багт төрсөн, нутаг усныхандаа нэр хүндтэй, нэгдэл хоршооны ажлаа хичээнгүйлэн хийдэг сайхан хүн. Аав ээжийн минь нутаг орноо гэдэг сэтгэл бидэнд ч өвлөгдөн ирсэн. Тийм ч учраас аав ээжийгээ гэх сэтгэлээр их олон зүйлийг бодож тунгааж явсаар нутгийнхаа малчдаас авсан цагаан сортой улаан ямааныхаа ноолуурыг дэлхийд таниулахыг хүссэн. Хүсэл минь биелэх ойрхон байна. “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх систем бидэнд маш том боломж, давуу талыг бий болголоо. Нутгийн маань 100 малчны түүхий эд нийлээд хүний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн болж, түүнийг нь дотоод гадаадын хэрэглэгчид QR кодыг уншуулаад л мэдчихдэг болох нь. Нутаг усныхаа нэрийг дуурсгах сайхан боломж олгосонд баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн юм.
Төрж өссөн нутгийнхаа брендийг дэлхийд таниулах түүний хүсэл биелэх цаг айсуй. Монгол ноолуурын чанарыг дэлхийг таниулахаар “Хариуцлагатай нүүдэлчид” цахим систем ажиллаж байна. Системийн хөгжүүлэлт үргэлжилж, түүх хөвөрсөөр …
Нийтлэлийг П.Нарандэлгэр