ЭМЯЯрилцлагаFocus

Э.Мөнх: Эмч, эмнэлгийн ажилчдад сэтгэл гутралд орох хам шинж үүссэн

Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд цар тахлын нөхцөл байдалд хэрхэн ажилласан талаар үндэсний хэмжээний судалгааг мэргэжлийн байгууллагууд хийжээ. Судалгааны үр дүнгийн талаар СЭМҮТ-ийн сэтгэл засал эмчилгээний багийн ахлагч Э.Мөнхтэй ярилцлаа.

-Эмч, эмнэлгийн ажилтнууд цар тахлын үед хэрхэн ажиллав. Та бүхэн судалгаагаа хэрхэн хийсэн бэ?

-Цар тахлын хүнд хэцүү цаг үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх судалгааг өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хоёр үе шаттай хийсэн.

Эхний шатны судалгаанд зөөвөрлөгдсөн тохиолдлын үе болох 2020 оны найм, есдүгээр  сард ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЗӨСҮТ, СЭМҮТ, “Энхсаран” сувилалын эмч ажилтнууд болон бусад тусгаарлах байранд ажиллаж байсан резидент эмч нарыг хамруулсан. 

Харин  хоёр дахь шатны судалгаанд дотоодын голомтолсон халдвар бүртгэгдсэн 2020 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарыг дуустал хугацаанд халдварын батлагдсан тохиолдлуудтай ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг хамруулсан.

Судалгааг ЭМЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхим болон СЭМҮТ-ийн тэнхимийн багш судлаач нарын хамтарсан баг зэрэг нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан.

Судалгаанд 21-63 насны 435 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан хамрагдсан. Өөрөөр хэлбэл, 131 эмч, 113 сувилагч, 17 тархвар судлаач, найман био-анагаах судлаач, 67 эмнэлгийн мэргэжилтэн, 99 бусад ажилтан хамрагдсан.

-Судалгааны үр дүн хэрхэн гарсан бэ. Халдвар голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэлзүй ямар байсан бэ?

-Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилчид нь цар тахлын үед хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ажиллах боловсон хүчний мэргэжлийн бэлтгэл, бэлэн байдал дутмаг гэж 30.2 хувь, багаж тоног төхөөрөмж дутагдалтай хэмээн 27.6 хувь нь санал өгсөн. Мөн одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийн хүчин чадал хязгаарлагдмал 21.4 хувь, эм урвалжийн хүрэлцээ хангалтгүй 20 хувь байгаа нь тулгамдсан асуудал үүсгэж байна хэмээн хариулсан.

Эмнэлгийн бусад ажилтнуудын 2.7 хувь нь машины сэлбэг, хэрэгсэл, цэвэрлэгээний материал дутмаг байна гэж хариулсан. Харин эмч, эмнэлгийн ажилчдын 29 хувь нь батлагдсан тохиолдлуудыг эмчлэх, тусгаарлагсадтай ажиллахад ямар нэг асуудалгүй байсан гэсэн бол 71 хувь нь тулгамдсан асуудалтай гэж хариулснаас тэдгээрийн 86.3 хувь нь үйлчлүүлэгчдийн харилцаатай холбоотой. 15.7 хувь нь үйлчлүүлэгчид эмнэлгийн дотоод журам зөрчих, 3.5 хувь нь цар тахлын үед ажиллахад туршлага дутагдаж байна гэж үзсэн. 

Мөн цар тахлын үед эмч эмнэлгийн ажилчдад үүссэн тулгамдсан асуудлыг дэлгэрэнгүй авч үзвэл 4.7-30.9 хувьд нь хамгаалах хувцастай удаан ажиллахад хүндрэлтэй, толгой их өвддөг болсон, ажлын ачаалал их, цалин хөлс, илүү цаг, урамшуулал хангалттай биш, гэр бүлийн орлого багассан, зээлтэй холбоотой асуудал үүссэн гэсэн бол  халдвараас айх айдастай, халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллах, нойр муудах, сэтгэлзүйн асуудалтай тулгарч байна.

Мөн олон хоногоор тусгаарлагдаж ажиллахад хүүхэд харах хүнгүй гэх мэт гэр бүлийн зүгээс тулгамдсан асуудал үүсэх, хувийн хамгаалах хэрэгсэл болох иж бүрдэл хувцасны хэмжээ сонголт байдаггүй, тусгаарлалтанд ажиллаж байгаа эмч нар, ялангуяа резидент эмч нар хоол зөөх зэрэг маш олон хэлбэрийн асуудлууд тулгарч байна.

-Судалгаагаар нийтийн дунд халдвар хөл хорионоос үүдэлтэй сэтгэлзүйн тулгамдсан асуудал их байсан. Эрүүл мэндийн салбарынхны хувьд тэдний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна?

-Дэлхий нийтэд хийгдэж буй судалгаанууд болон бидний судалгаанд SARS-CоV-2 вирусийн халдвартай хүнийг шууд ба шууд бусаар эмчлэх, айдас, хагацлыг мэдэрсэн, амь насанд нь аюул заналхийлсэн, биеийн байдал хүнд хүмүүстэй харилцах, өөрөө халдвар авахаас айж түгших, бусдад халдвар дамжуулах вий гэсэн санаа зовинолтой.

Мөн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, олон хоног ажиллах, ажлын хэт их ачаалал, халдварын нөхцөлд ажиллахад сэтгэлзүйн хувьд бэлэн биш, хамт олон, удирдлагын дэмжлэг дутмаг , тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн нөөц дутмаг, нийгмийн зүгээс эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах үзэгдлийн улмаас сэтгэлзүйд хүчтэй стрессийн нөлөөлөл үзүүлсэн.

Улмаар сэтгэлзүйн болон бие махбодын ачаалал ихтэй, удаан хугацаагаар ажилласны улмаас сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болон ажлаас халшрах хам шинж үүсэж байна. Дээрх асуудлуудын улмаас эмч, эмнэлгийн ажилчдын анхаарал сулрах, дархлаа буурахад нөлөөлж өөрсдөө халдварт өртөх эрсдэл  ч үүсэж байх талтай.

Судалгаагаа авах явцад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудтай ярилцлага хийх үед гэр бүлийнхэн нь ажлын онцлог нөхцөл байдлыг ойлгохгүйн улмаас маргаан зөрчил их үүсэх, үл ойлгол бий болох, мөн гэр бүл салах хэмжээнд хүрсэн, гэр бүл салсан ч гэх тохиолдол байсан. Харин гэр бүлдээ анхаарал хандуулах цаг завгүй болох, үр хүүхдүүдийг нь харах хүнгүй, гэртээ өсвөр насны хүүхэд нь дүү нараа хараад үлдсэн гэх мэт тулгамдсан асуудлууд нилээдгүй элбэг тохиолдож байсныг хэлж байсан.

-Ажлаас халшрах, хүчтэй сэтгэл гутралд орсноор эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын бүтээмжид нөлөөлөх үү?

-Биеийн байдал хүнд хүнтэй тогтмол харилцах нь санаа зовинол нэмэгдэж, нойр хямрах, эмчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл нь түгших, энэ нөхцөл байдал  удаан хугацаагаар үргэлжилбэл ажлаас халшрах байдалд хүргэж ч болно. Мөн энэ цаг хугацаанд нийгмийн харилцаанд орохгүй тусгаарлагдан ажиллаж байгаагийн улмаас харилцааны хэрэгцээ нь хумигдаж, стресст өртөх, ганцаардах, сэтгэл гутрах шинжүүд илэрч болзошгүй.

Манай судалаанд оролцогчдын хувьд 49.1-69.1 хувьд сэтгэл гутрал илэрсэн.  Мөн 5.8-9.1 хувьд нь ажлаас халшрах хам шинж илэрсэн. Ажлаас халшрах байдал нь харьцангуй бага илэрч байгаа юм шиг ойлгогдож байгаа байх. Гэвч ажлаас халшрах хам шинж нь үндсэн гурван бүлэг шинжээр илэрдэг. Нэгдүгээрт тухайн хүнд сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болох айх, түгших, сэтгэл гутрах, эргэлзэх, тээнэгэлзэх зэрэг шинжүүд илэрдэг.

Энэ нь судалгаанд оролцогчдын 73.4-89.7 хувьд, хоёрдугаарт үйлчлүүлэгчээ сэтгэлээрээ мэдрэх чадвар буурах шинж буюу 70.7-73.4 хувьд нь, гуравдугаарт хувь хүний ажлын бүтээмж буурах шинж 70.7-78.8 хувьд нь тус бүр бага түвшинээс их түвшинд илэрсэн байсан. Харин эхэнд дурдсан 5.8-9.1 хувь гэдэг нь гурван бүлэг шинж гурвуулаа их түвшинд илэрсэн оролцогчдын эзлэх хувь юм.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтанууд нь сэтгэл гутралд өртөх, хүчтэй стресст орох, бухимдлын улмаас дархлаа нь дарангуйлагдсан бол 4.4-4.9 дахин их ажлаас халшрах хам шинжид өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Мөн судалгаанд хамрагдсан оролцогчдын тухайд 84-92.4 хувь нь халдвар авахаас айх айдастай, 19-34.8 хувь нь хүчтэй стрессорын нөлөөлөлд өртсөн байсан бол 23.6-51.1 хувьд нь сэтгэл түгшилт илэрсэн.

-Мэдээж салбарын яам болоод холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж өгсөн байх. Та бүхний судалгааны үр дүнтэй холбоотойгоор ямар өөрчлөлт хийгдэв?

-Эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай, ар гэр, үр хүүхэддээ анхаарал хандуулах завгүй, маш эрсдэлтэй нөхцөлд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж байна. Тусгаарлалтаас тусгаарлалтад ажиллаж байгаа энэ цаг үед хүний нөөцийн хомсдол эрүүл мэндийн байгууллага бүрт маш том бэрхшээл болж байна.

Энэ нь ачааллыг нэмэгдүүлэх, ядрах сульдах, улмаар дархлаа сулрах, мөн бусад тулгамдсан асуудлуудын нөлөөгөөр анхаарал сулрах, тусламж үйлчилгээ үзүүлэх явцад алдаа гарч өөрсдөө халдварт өртөх эрсдэл ч болж байна уу даа гэж харж байна. Тиймээс эмнэлгийн удирдлага, дунд шатны менежерүүд, мөн улаан бүсэд ороод баг ахлан ажиллаж буй эмч нар шат шатандаа шуурхай шийдвэр гаргаж, ачааллыг тэнцвэржүүлэх, ажил үүргийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал байна.

Эмч, сувилагч, үйлчлэгч, ариутгагч гээд дөрвөн хүнтэй баг нэг удаадаа 50 гаруй халдвар авсан эмчлүүлэгчтэй ажиллаж байгаа ч тохиолдол байна. Эмч мэргэжилтнүүд тус тусын үүргээ л гүйцэтгэж ажиллана, энэ тохиолдолд 50 гаруй хүнд тусламж үзүүлэн ажиллана гэдэг бол маш их ачаалалтайгаас гадна халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Тиймээс ажлын ачаалыг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Төр засгаас салбарын ажилчдын илүү цаг, цалин урамшууллыг зохих ёсоор олгох санхүүжилтийг шийдвэрлэх, цалин урамшууллыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. Мөн иргэддээ хандаж салбарын эмч, мэргэжилтэн, ажилтан руу тодорхой үндэслэлгүйгээр хэн нэгний алдаа, буруу ташаа ойлголтын улмаас нийтийг хамруулан дайрч, элдэв үгээр хэлэх, шүүмжлэх, ялгаварлах, гутаан доромжлохгүй байхыг уриалмаар байна.

Харин салбарын эмч мэрэгжилтэн, ажилтнууд минь аливаа асуудалд уян хатан байдлаар хандах, баг хамт олондоо, бие биедээ урам өгөх, бие биенийгээ анзаарч байх, тааламжгүй харилцаа үл ойлголцол зэрэгт хүлээцтэй хандах зэргээр сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй.

Бид судалгааны ажлын үр дүнг ЭМЯ-нд мэдээлж, тайлагнан, зохих зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. СЭМҮТ 2020 оны гуравдугаар сараас эхлэн зөөвөрлөгдсөн анхны тохиолдол бүртгэгдэх үеэс сэтгэл засал эмчилгээний багийн эмч нар УОК-ын шуурхай штабт ажиллан, энэ үеэс тусгаарлах ажиглах байруудад ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулан ажилласан.

Үр дүнг шууд дүгнэх боломжгүй ч сургалтад хамрагдсан эмч мэргэжилтэн, ажилтнууд сургалт, мэдээлэл зөвлөгөө авах хэрэгтэй, үр дүнтэй талаар мөн сургалтыг давтамжтай зохион байгуулах талаар ч тухай бүрт санал сэтгэгдлээ илэрхийлдэг. Мөн бидний судалгаанд хамрагдсан оролцогчдын 44 хувь нь халдварын голомтод тусламж үйлчилгээ үзүүлэх явцад сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг гэж мэдээлсэн.

Б.Ялгуун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close