Уул уурхайFocus

Эрдэнэт-Сэлэнгэ ус дамжуулах шугамын угсралтын ажил хийгдэж байна

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдэж буй томоохон өргөтгөл шинэчлэлийн ажлуудын нэг болох Эрдэнэт-Сэлэнгэ ус дамжуулах 800 мм-ийн диаметр бүхий 60 км урттай шугамын угсралтын ажил ид өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногт тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн төслийн явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, үүрэг зөвлөмж өгчээ.

Ус дамжуулах 3 дугаар шугамын угсралтын үндсэн гүйцэтгэгчээр  “Бридж констракшн”, “Хаппи бьюлдинг” компаниуд ажиллаж буй бөгөөд төслийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна, гэж Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх ярилаа. Шугам угсралтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Механикийн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Ус хангамжийн цехүүд хамтран оролцож, өдөр тутмын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар, “Бридж констракшн” компанийхан 17 км газарт ухалт хийж, үүний 12 км зайд труба байрлуулан, тодорхой хэсгүүдэд туршилт хийжээ. Ингэснээр, 7.5 км газарт буцаан булалт хийсэн бол  “Хаппи бьюлдинг” компанийн хувьд, 14 км орчим шугамын хоолойд труба байрлуулж, 9 км зайд буцаан булсан байна.

Гүйцэтгэлийн явцаас харахад, цар тахлаас шалтгаалсан саатал, хил гааль дээр бараа материал, төмөр хоолой нийлүүлэлтийн тасалдал үүсэхгүй бол өргөтгөл шинэчлэлийн ажил төлөвлөсөн хугацаандаа буюу ирэх 10 сард ашиглалтад орох бүрэн боломжтой болжээ.

Мөн Ус хангамжийн цехийн цэвэрлэх усан байгууламжаас Хаягдлын аж ахуйн далан руу цэвэрлэсэн ус нийлүүлдэг 400 мм-ийн диаметртэй хос шугам солих ажлыг “Эрин гүрэн” компани гүйцэтгэж байна. Энэ ажил “ковид”-ын үеийн хорио, цээрийн улмаас түр удааширсан ч гүйцэтгэгч компани төлөвлөгөөний дагуу ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж буй аж.

Эл ажилд үйлдвэрийн зүгээс холбогдох цех хэлтэс хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд чанар болон цаг хугацааны гүйцэтгэл сайн байгааг мэргэжилтнүүд онцлов.  

М.Балжинням
Фото Б.Ялалт  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close