Засгийн газарОнцлох

Б.Жавхлан: Эдийн засаг энэ оны эхний улиралд 15 хувиар өссөн дүнтэй байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар наймдугаар сарын 19-22-ны өдөр ЭЕШ зохион байгуулахаар боллоо. Учир нь өвчлөлийн тохиолдлоос ажиглавал хүүхдийн өвчлөл нэмэгдсэн. Хоёрдугаарт вакцинжуулалт, гуравдугаарт хөл хориотой холбоотойгоор шинэ хуваарийг гаргасан байгаа.

Хэрэв анх товлосон хугацаанд долдугаар сарын 1-нээс эхлүүлсэн бол 40 мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, халдварын сэжигтэй тохиолдол болон ойрын хавьтлаас бол 10 мянган хүүхэд шалгалт өгөх боломжгүй болсон. Мөн зохион байгуулалтад ажиллах багш нарын хувьд ч асуудал үүсэх байсан. Шалгалтад дагуулж ирэх эцэг эхчүүдийг оролцуулбал 140 мянга гаруй хүнийг хамарсан статистик байна. 38200 хүүхэд 17-18 насны хүүхэд байна. Үүнээс харвал наймдугаар сарын 20-н гэхэд ихэнх хүүхэд вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байх юм.

Одоогийн байдлаар хамгийн том эрсдэл бол дельта вирус. Халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж, цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах ажлыг зохион байгуулна. Эцэг, эхчүүдээс энэ жилийн шалгалтыг цуцлах тухай санал хүсэлтүүд ирсэн. Гэвч энэ нь боломжгүй юм. Хичээлийн шинэ жилийн тухайд есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 0-2 насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах тал дээр анхаарч ажиллана.

Сангийн сайд Б.Жавхлан: -Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнгийн талаар танилцууллаа. Өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлсэн гурван төрлийн зээл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 3 их наяд 183.4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна. Зээлийн гол зорилго нь эдийн засгаа сэргээх, ажлын байрыг хадгалах. Энэхүү төлөвлөгөөг 10 их наядын хөтөлбөр биелүүлж байна гэж бид үзлээ. Өнгөрсөн долоо хоногт 3.1 их ная төгрөгийн зээлийн хүрээнд 204.290 мянган ажлыг байрыг хамгаалж чадлаа. Гурван төрлийн зээлийг тус бүрээр нь задалбал,

  • Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл энэ онд 2 их наядын зээл олгогдоно. Одоогоор 1 их наяд 701.5 тэрбумыг нийт 22660 зээлдэгчид олгожээ. Ингэснээр 91582 ажлын байрыг дэмжсэн байна.
  • Төв банкнаас нийт 593 тэрбумын зээл гаргажээ. Үүнд 2645 зээлдэгч хамрагджээ. Нийт 26069 ажлын байрыг хамгаалжээ.
  • Ипотекийн зээлийн хүрээнд 512 тэрбумын зээлийг олгожээ. Нийт 6710 өрх хамрагджээ. Үүний нөлөөгөөр Барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийн 86 мянган хүн ажлын байраа хадгалж байна.

Эдийн засаг энэ оны эхний улиралд 15 хувиар өссөн дүнтэй байна. Энэ нь 2019 онтой харьцуулахад 3 хувийн өсөлттэй байна. Оны эцсээр 6.5 хувийн эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ бид 120 мянган ажлын байрыг хадгалах зорилт тавьсан. Оны сүүл гэхэд энэ зорилтдоо хүрч чадна. ААНОАТ энэ оны эхний улиралд 886 тэрбум төгрөг байна.

Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт юм.  Мөн НӨАТ-ын орлого өсч цар тахлын  өмнөх үеийнхээс ч өссөн дүнтэй гарлаа. НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин нэмэгдсэн нь орлогод нөлөөлсөн. Хэдийгээр эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарсан ч улсын төсөвт эрсдэл байгаа юм. Цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд хилийн боомтуудын нөхцөл байдал хүндэрч экспорт  хоёр сар “тэг” зогслоо.  

Урд хөрш ачаа тээвэр хүлээн авахгүй гэж мэдэгдсэнээр хил дээр ачаа бараа овоорох, ачаа тээвэрлэлт гацах, экспорт зогсох зэрэг олон асуудал үүслээ. Долдугаар сард ч бас экспорт бага хэмжээтэй байгаа юм. Ийм нөхцөл байдал цаашид удаан үргэлжилбэл улсын төсөвт багагүй цохилт авна. Тиймээс хилийн боомтуудын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас боломжтой бүх арга хэмжээг авч байна.

Тухайлбал, Гашуунсухайт боомтод ачаа тээвэр болон тээврийн машины жолооч нарыг урд хөрш рүү хил нэвтрүүлэхгүйгээр хилийн бүсийн зоонд чингэлэг ачаа тээвэр буулгах шинэ терминалын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэхүү терминалыг наймдугаар сард ашиглалтад оруулж, Гашуун сухайт Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр зорьж ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: “Берлинд төвтэй Транспэрэнси интернэшнл байгууллагаас гаргасан авлигын индексээр Монгол Улс 180 орноос 111-т орсон.  Өчигдөр ажлын хэсгийн анхны хуралдаан болж, зарим шийдвэрийг гаргасан. Тухайлбал,

  • Төрийн албан хаагчдын гаргаж буй хүнд суртал, чирэгдэл, авлига, шан харамж нэхэж буй тухай мэдээллийг 1111 төвд иргэдээс байнга авна.
  • E-Mongolia платформд авлигын асуудалтай холбоотой цэс тун удахгүй гаргахаар төлөвлөлөө. 
  • Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар ажлын хэсгүүд ажиллана. 
  • Ажлын давхардал хийдлийг арилгах, иргэдэд учирч буй хүнд суртал, чирэгдлийн талаар байгууллага тус бүрээр нь үнэлэлт өгнө.

Манай ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцдэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгтгэх, иргэд олон түмнээс ирүүлсэн төрийн байгууллагын үйл ажиллагаа, чирэгдэл, хүндрэл учруулж буй мэдээлэлд дүгнэлт өгч, түүнд нийцүүлэн хариуцлага тооцох, зарим тохиолдолд хүний хүчин зүйлээс шалтгаалж, төрийн шийдвэр гаргаж байгааг цахимжуулах ажлыг зохион байгуулах юм6 Авлигын хөшүүрэг болоод буй зарим төрлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Тодруулбал, наймдугаар сард багтан Засгийн газраас шүгэл үлээгчийн тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэг авсан.  

Түүнчлэн улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, намуудын санхүүжилтийг ил тод болгохоор зорьж байна. Хамгийн их авлигад өртсөн байж болзошгүй салбар нь төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдал. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар ямар төрлийн бизнесийг төр хийх болон огт хийхгүй байх зааг ялгааг гаргана. Төр өөрийн бизнес хийж болох чиглэлдээ төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудаар дамжуулах ёстой. Ингэхдээ эдгээр компанийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг яаж улс төрөөс ангид байлгах тухай зохицуулалтыг хийх юм.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Халдварын тархалт сүүлийн нэг сар гаруйн хугацаанд тогтвортой байна. Сүүлийн үед хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 1400-аас доош байна. Гэсэн ч судалгаа шинжилгээний үр дүн эхнээсээ гарч байна. Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод нэг тохиолдолд Covid-19 халдварын дельта хувилбар бүртгэгдсэн.

Зургадугаар сарын 15-аас өмнөх шинжилгээгээр 5 сорьцод дельта хувилбарын зөөвөрлөгдсөн хувилбар бүртгэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар нийт 3 тохиолдол бүртгэгдээд байна. Бид Япон руу 200 сорьц, АНУ руу сорьц илгээсэн. Гэхдээ зарим шинжилгээний хариу гараагүй байна. Дельта хувилбар 114 улсад бүртгэгдэж халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна.

Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтдаа хамрагдах хэрэгтэй. Ер нь зургадугаар сарын 15-аас өмнөх сорьцод 80-90 хувь нь альфа хувилбар давамгайлж байсан. Үлдсэн 10 хувь нь бусад хувилбар байгаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close