Эдийн засагОнцлох

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” төлөвөөр үнэлэв

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ:

  • Монгол Улсын засаглал болон нэг хүнд ногдох орлого нь бусад B үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад сайн байгаа. Харин үнэлгээг нэмэгдүүлэхэд Монгол Улсын эдийн засгийн суурь хэмжээ, гадаад секторын эрсдэлд өртөх эмзэг байдал, улс төрийн тогтворгүй байдал нь саад болж байна. Фитч агентлагийн үнэлгээгээр “Тогтвортой” төлөвт хэвээр үлдээсэн нь эдийн засгийн энэ онд бий болох сэргэлт, засгийн газрын өр болон ДНБ-ний харьцааг харгалзан үзжээ.
  • Тус агентлаг нь Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5.0%-д хүрч сэргэх төсөөлөлтэй байна. 2020 онд эдийн засгийн уналт -5.4% байсан бол 2021 оны 1 дүгээр улирлын байдлаарх эдийн засгийн жилийн өсөлт нь уул уурхайн салбарын гүйцэтгэлээс шалтгаалан 15.5% болсон. Ковид 19-ын тохиолдлоос шалтгаалан 4, 5-р сард БНХАУ-руу уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг хилийн боомт хаагдсан ч эрх бүхий байгууллагуудаас хил орчмын нутагт вакцинжуулалт, шинжилгээний арга хэмжээг сайжруулж байгаад үндэслэн энэхүү хил хаагдсан байдал нь түр зуурын тохиолдол гэж үзэж байна.
  • Агентлагийн хүлээлтээр Монгол Улсын вакцинжуулалт, хөл хориог үе шаттайгаар сулруулж байгаа байдал, өрх болон бизнесийн байгууллагуудад зориулсан санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнүүд зэргээс шалтгаалан дотоодын бизнесийн үйл ажиллагаа ирэх улирлуудад идэвхжиж эхэлнэ. Вакцинжуулалалтыг нийт зорилтот хүн амд 6 дугаар сарын эцэс гэхэд бүрэн хамруулж дуусгахаар төлөвлөсөн нь 2021 оны 2-р хагас жилийн үйлчилгээ болон уул уурхайн бус салбарын бизнесийн үйл ажиллагааг эргэн сэргэхэд дэмжлэг болно.
  • Төсвийн алдагдлыг 2020 онд 9.5% байснаас 2021 онд ДНБ-ийн 5.3% хүртэл буурна гэж төсөөлөв. Мөн засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувийг 2021 оны эцэст B үнэлгээтэй улсуудын дундаж болох 68%-иас их буюу 74% болно гэж төсөөлсөн.
  • Монголбанк нь 2020 онд бодлогын хүүг 5 нэгж хувиар бууруулан 6% буюу түүхэн доод хэмжээндээ хүргэж, 2021 оны эхний хагас жилийн эцэс хүртэл банкууд дахь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах бодлогоо сунгасан. Засгийн газраас 2 дугаар сард 10 их наяд төгрөгийн 3 жилийн хугацаатай эдийн засгийг дэмжих төлөвлөгөөг баталснаар банкууд ажил эрхлэлтийг дэмжих, ЖДҮ-г дэмжих, хөдөө аж ахуйн, ипотекийн хөнгөлөлттэй зээлүүдийг олгож эхэлсэн байна. Түүнчлэн төв банк нь хувийн байгууллагуудын бизнесийн сэргэлтийг дэмжих зорилгоор банкны зээлийг дахин санхүүжүүлэх репо санхүүжилтийг нэмэгдүүлсэн байна.
  • Монгол Улсын эдийн засаг нь гадаад секторын шокоос хамааралтай хэвээр байгаа. Монгол Улс 2020 оны 9 дүгээр сард 600 сая ам.долларын бонд арилжаалснаар ойрын хугацааны гадаад эрсдэлийг бууруулсан байна. Гадаад валютын улсын албан нөөц 2021 оны 1 улирлын эцсийн байдлаар 4.8 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Фитч агентлагийн төсөөллөөр 2021 оны эцэст 5 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцлийн урсгал дансны төлбөрийн 5.6 сарын хэрэгцээг хангах, засгийн газрын гадаад өрийн 2022-2024 оны 3.2 тэрбум ам.долларын дарамтыг бууруулах түвшинд хүрнэ.
  • Фитч агентлаг нь Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн бодлогууд нь банкны салбарын төлөв байдлыг сайжруулна гэж үзэж байна. Хэдийгээр Ковид-19-өөс шалтгаалан бүтэц өөрчилсөн зээл нь нийт зээлийн 22%-ийг эзэлж байгаа ч цаашид эдийн засгийг сэргээх хөнгөлөлттэй зээлийн төлөвлөгөө нь 2021 онд активын чанарын дарамтыг бууруулна гэж үзэв.

Фитч агентлагийн хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь англи хэл дээр энд дарж үзнэ үү.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close