Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ульхан боомтод ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн Ульхан боомтод ажиллалаа. Монгол Улс хилийн 26 боомттой, үүний 13 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай холбогддог. Дорнод аймаг Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн таван боомттой бөгөөд нэг нь ч хатуу хучилттай автозамгүй юм.
Ульхан боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой бөгөөд жилд дунджаар 4,000-5,000 зорчигч, 1,000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч 18 орчим тн ачаа тээвэрлэдэг. Зорчигчдын 70 хувь нь монгол, 30 хувь нь гадаадын иргэн байна. Гаалийн салбар 2019 онд импортын гаалийн зургаан бүрдүүлэлтээр 17 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Цар тахлаас болж 2020 оны 03 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй тухай хилийн дугаар ангийн захирагч, хурандаа О.Баттулга танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ “Монгол Улс далайд гарцгүй орон. Тиймээс бид төмөр зам, автозам, агаарын замаа хөгжүүлж байж л асуудлыг шийдэх боломжтой. Нэг үгээр хэлбэл хилийн боомтуудаа эхний ээлжинд авто замаар холбох ёстой. Ингэж чадвал экспорт, импортын урсгал сайжирна. Нөгөө талаас аялал жуулчлал, ачаа тээврийн татан авалт нэмэгдэхийн хирээр нөөц боломжууд нээгдэх юм. Үүнийг даган зүүн бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ тэлж, иргэдийн амьжиргаа эрс сайжирна” гэдгийг тэмдэглэлээ.
Засгийн газар ОХУ-тай холбогдох Ульхан, БНХАУ-тай холбогдох Хавирга боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, төвлөрсөн аялал жуулчлалын бүсүүдтэй автозамаар холбох зорилт тавьж байна. Тодруулбал, ОХУ-ын Приморск, Хабаровскийн бүс нутагт жилд 10 гаруй, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоинингийн болон хил залгаж буй бүс нутагт жилд 310 гаруй сая жуулчин аялж байна. Дээрх жуулчдын 0.06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд аялах жуулчдын тоо 200 мянгад хүрч, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой юм.
Норовлин-Баян-Уул чиглэлийн 71 км, Баян-Уул-Ульхан чиглэлийн 46 км, Чойбалсан-Хавирга чиглэлийн 124.5 км замыг хатуу хучилттай болгосноор ОХУ, БНХАУ-аас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 30-50 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл сайжирч хямд төсөр бараа, үйлчилгээний эргэлт нэмэгдэн, бус нутагт аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил олон талаар идэвхжих юм.
Боомтуудыг автозамаар холбосноор эдийн засгийн үр ашиг гарч буй сайн жишээ бол Увс аймгийн Боршоо боомт. 1975 онд байгуулагдсан энэ боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай. Увс аймгийн Улаангом хоттой 116 км хатуу хучилттай замаар холбогдсон боомтоор жилд дунджаар 40 мянган жуулчин нэвтэрч, улсын төсөвт 40 гаруй сая ам.долларын орлого оруулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 онд багтааж Чингис хот-Ульхан чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, боомтын цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн болон Сангийн сайд нарт өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.