Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан нийслэлийн удирдлага болон холбогдох яамдын төлөөлөгчид оролцож, нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж байна. Энэхүү өргөтгөсөн хурлын эхэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж дараах тоо баримтыг танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсын хүн ам сүүлийн арван жилд 22.6 хувиар буюу 599 мянгаар нэмэгдэж 2020 онд 3 сая 253 мянгад хүрсэн. Нийслэл хотын хүн ам сүүлийн арван жилд 345 мянгаар нэмэгдэж 1 сая 499 мянгад хүрчээ. Энэ нь Монгол Улсад суугаа нийт хүн амын хоёр хүн тутмын нэг нь нийслэлд амьдарч байна гэсэн үг. Монголд үйл ажиллагаа явуулж буй нийт ААН-үүдийн 64.2 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг нийслэлд бүрдүүлж байна.
Улаанбаатар хотын эдийн засгийн 58.4 хувийг үйлчилгээний, 41.3 хувийг аж ахуй, үйлдвэр барилгын салбар, 0.4 хувийг хөдөө аж ахуйн салбар тус, тус эзэлж байна. Ийнхүү хүн амын болон эдийн засгийн төвлөрлийг дагаж олон тулгамдсан асуудал үүссэн. Хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд нэгдсэн бодлого барьж үе шаттайгаар шийдвэрлэхийг Засгийн газар баримтлах нь зүйтэй” гэдгийг онцлов.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдлыг танилцууллаа.
Тэрээр “Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд 8-14 км/цаг хурдтай байна. Энэ бол олон улсын стандартаар тэг зогсолт. Хөл хорио тогтоохын өмнөх Баасан гарагийн хөдөлгөөнийг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед тэг зогсолт болсон
Авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна.
Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй. Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. 1 км замыг дунджаар 10 минутад туулж байна.
Нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэлт огт хийгдээгүй. 2021 онд 531 автобус, 2022 онд 121 автобус, 2023 онд 151 автобус, 2024 онд 60 автобусны ашиглалтын хугацаа дуусч, үйлчилгээнээс гарахаар байна. Өнгөрсөн жил хөдөлгөөнд оролцож байхдаа 5-6 автобус шатсан. Энэ нь нийтийн тээврийн хэрэгслүүд хэт их хуучирсаныг харуулж байгаа юм. 2021-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 81 хувь нь үйлчилгээнээс хасагдана. Түгжрэлийг бууруулах чиглэлээр парк шинэчлэлтээс гадна олон улсын стандартад нийцсэн автобусны зогсоолыг шинэчлэх төлөвлөгөөтэй байна.
Нийслэлийн гол авто замын сүлжээг 2022-2024 онд нэмэгдүүлнэ. Шинээр баригдах тойрог зам болох Баянзүрхийн гүүрнээс Зайсан, Яармаг, Сонсголон, Баруунтуруун, Тахилт, Найрамдал, Баянхошуу, Дамбадаржаа, Улиастай, Баянзүрхийн гүүр гэсэн их тойруу хийхээр төлөвлөж байна. Энэ нь хотын төвийн түгжрэлийг бууруулахад гол нөлөө үзүүлнэ. Өнөөдөр хотын төв рүү бүгд тэмүүлж байна. Энэ нь иргэдийн буруу биш.
Хотын төвөөс иргэд соёлтой үйлчилгээ авахыг хүсч байгаа учраас Их тойрууг түшиглээд, маш олон бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарууд бий болно. Үүн дээр нэмэгдээд холбоос зам болох туслах замуудыг шинээр тавих болон өргөтгөн шинэчилнэ. Тухайлбал, гол гудамжны замын өртгөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос зам 70.26 км, 6 нүхэн гарц, 6 уулзвар, 7 гүүрний шинэчлэл, явган зам 98 км, дугуйн зам 249 км хийнэ. Үүний үр дүнд авто замын сүлжээний даац 35 хувиар нэмэгдэж, түгжрэлийг 30-40 хувиар бууруулна” гэв.