Исэлдсэн хүдрээ уусган баяжуулна
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд нуруулдан уусгах SX/EW технологиор исэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр барьж байгуулах төсөл багтсан. Ил уурхайгаас олборлох исэлдсэн хүдрээ уусган баяжуулж жилд 10000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг “Үйлдвэр, технологийн парк”-т барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Геологи хайгуулын экспедицийн хамт олон исэлдсэн хүдрийн овоолгууд бүхий “Үүсмэл орд”-ын нөөц тогтоон баталгаажуулж, эрх зүйн шаардлагад нийцүүлэн ажиллаж байна. Энэ жил исэлдсэн хүдрийн 8а, 12-р овоолго дээрх хайгуулын өрөмдлөгийг 1702 тууш метрээр төлөвлөснөөс нийт 1736.5 тууш метрээр гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 102 хувиар биелүүллээ.
Түүнээс гадна Эрдэс баялгийн нөөц өсгөх төслийн хүрээнд Эрдэнэтийн-Овоо ордын геологийн нөөцийг олон улсын JORC стандартын дагуу хөрвүүлэн баталгаажуулсан. Энэ нь үйлдвэрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах баталгааг хангахаас гадна ордын геологийн нөөц, баялгийн ангиллыг өсгөх, хайгуулын төлөвлөгөө боловсруулахад өндөр ач холбогдолтой ажил болов.
М.ОДГЭРЭЛ