УИХWorld

ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдаанд оролцлоо

Швейцарын Женев хотноо байрладаг Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос өнөөдөр (2021.05.12) Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр цахим хуралдаанд Монголын Улсын парламентын төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцов. Тэрбээр 2018-2020 оны хооронд ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр ажилласан юм.

Энэ удаагийн Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдаан “Үе хоорондын тэгш байдал” сэдвийн дор өрнөж байгаа бөгөөд 50 гаруй орны парламентын төлөөлөгч оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.  

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас Франц, Мексикийн Засгийн газар, иргэний нийгмийн бүлгүүдтэй хамтран жендэрийн тэгш байдлыг хангахын тулд үе хоорондын яриа хэлэлцээ, олон талт хамтын ажиллагаанд төвлөрсөн өвөрмөц платформ болох “Үе хоорондын тэгш байдлын Форум”-ыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Эмэгтэй парламентчдын форумын хуралдаанаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан дэмжих, жендэрийн тэгш эрхийг хангах хууль тогтоомжийн орчин, мөн шийдвэр гаргах түвшин, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт болон технологийн салбаруудад манлайлагч охид, эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр ОУПХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчид сайн туршлагаа хуваалцаж, гарц шийдлийг талаар зөвлөлдлөө.

ОУПХ-ноос Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо, Байнгын хороод, бүтцийн бусад нэгжүүдэд эмэгтэй болон залуу гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ОУПХ-ны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаарх гишүүн орнуудын тайлангийн үр дүнг сайжруулахад анхаарч ажилладаг.

ОУПХ нь Ассaмблeйн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дөрвөн Байнгын хороо, хоёр Хороотой бөгөөд байнгын хороо бүрт 188 орны парламентын бүлгийн гишүүдээс 14 гишүүнийг сонгодог. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2018 онд ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны гишүүнээр Ази, Номхон далайн орнуудын бүлгээс албан ёсоор нэр дэвшиж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close