Өдөрт 30 мянга хүртэлх иргэнийг вакцинд хамруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар “КОВИД-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын явц болон цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлд /2021.04.04/ өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэгт 90-97 багийн 650 ажилтан ажиллаж байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 336,758 хүнд вакцины эхний тунд хамруулаад байна.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 5 цэгт 18 баг дархлаажуулалтыг хийж байна. Өдөрт 3-4 мянган хүнд вакцинжуулалтад хамруулахаар тооцоолон ажиллаж байгаа гэв. 10, 18 дугаар хороонд байрлах дархлаажуулалтын цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн иргэдэд вакцинжуулалт хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх хороодын вакцинжуулалтын явцтай танилцах үеэр “Вакцины татан авалтыг идэвхтэй хийж байна. Синофарм үйлдвэрийн вакциныг 900 мянган тунг авна. Бид дэлхийд дархлаажуулалтаар тэргүүлэгч болж эдийн засгаа бүрэн нээсэн улс болох зорилттой. Хэсэгчилсэн хөл хорио өнөөдрөөс эхэлж байна. Өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлнэ. Энэ хурдаараа явбал эхний вакцины тунг зургадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтаж дархлаажуулах зорилт тавьсан. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийг байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг” гэдгийг хэллээ.
Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Спорт хороонд байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дүүргийн хэмжээнд өдөрт 3,000 орчим хүнийг вакцинжуулалтад хамруулж байгаа энэ тоог ирэх өдрүүдээс цэгийн тоог нэмэгдүүлэн хоногт 6,000 хүнийг хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг холбогдох эрүүл мэндийн салбарын төлөөлөл хэлж байв.
Улаанбаатар хотод 6,895 өндөр настай хүмүүс бие даан гэрээсээ гарч чадахгүй, хэн нэгний асаргаа халамжид амьдарч байна. Эдгээр иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэж дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг ЭМЯ-ны Геронтологийн үндэсний төв, НЭМГ, МУЗН, ДЭМБ-ын туслалцаа дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд уг ажлыг эрчимжүүлж шаардлагатай тоног, төхөөрөмж, автомашин, хамгаалах хувцас хэрэгслийг шийдэх чиглэлийг Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн удирдлагуудад өглөө.