О.Гүндэгмаа: Ирээдүйд бидний үр хүүхэд сэтгэл тэнүүн амьдрах эх нутаг минь …
Монголчууд мод хугалж болохгүй, ус бохирдуулж болохгүй хэмээн эрт дээр үеэс байгальтай харьцах ухааныг үр хүүхэддээ өвлүүлж, өсгөдөг. Ус мөрөн нь хатаад ширгэчихвэл, ургамал мод нь ургахгүй болчихвол, агаар нь хуурайшиж, тэнгэр нь бохирдчихвол бидний үр хүүхэд хэрхэн амьдрах бол гэж бодоод нэг үзээрэй. Ирээдүйд амьдрах орчныг нь таатай байлгахын тулд байгаль дэлхийгээ хайрлах сэтгэхүйг өнөөдөр хүүхдүүдээ багаас нь ойлгуулж суулгах өгөх хэрэгтэй байна. Үүнд томчуудын үлгэр дууриалал маш чухал үүрэгтэй хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин О.Гүндэгмаа өгүүлж байна. Уншигч танд “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын захиалгаар”Ногоон Ази” сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд талархсанаа илэрхийлье. Амьдрал тэтгэгч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь маш чухал. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Хүмүүс байгалийн сайхныг хараад “Ямар гоё юм бэ” гэж өөрийн эрхгүй дуу алдаж, сэтгэлийн таашаал авч явдаг. Тэр дундаа Монголчууд бид “Тэнгэрийн хаяа улайгаад нар сайхан жаргаж байна. Маргааш сайхан, дулаахан өдөр болох нь ээ” гэж ярьдаг ш дээ. Тиймдээ ч хүмүүс бид байгаль дэлхийн ааш аягт дасан зохицож амьдарч ирсэн. Энэ утгаараа хоёр талын үүрэг, хариуцлага гэмээр “байгалийн давагдашгүй хүчин зүйлийн тохиолдвол” гэж хуулинд ч заасан байдаг. Энэ бол хүн төрөлхтөн байгаль дэлхийн өчүүхэн нэг хэсэгхэн зүйл гэдгийг сануулж, дээрээс нь харилцан шүтэлцээтэй амьдрах ёстой гэдгийг ойлгуулсан хэрэг гэж боддог.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг ирээдүйд тохиох олон асуудал өнөөгийн бидний анхаарлаа хандуулах чухал ажлын нэг болж байна. Та эдгээр асуудлыг хэрхэн харж ойлгодог вэ?
Миний бодлоор хүний буруутай үйл ажиллагаанаас болж дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг асуудал маш хурдацтайгаар явагдаж байна. Үүнд, уул уурхай, хотжилт тодорхой хэмжэээнд нөлөөлдөг. Тиймээс уул уурхайн ашиглалт, хотжилт, хот төлөвлөлт зэрэг асуудлуудад эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн үйл ажиллагаа, ашиглалтаас гадна нөхөн сэргээхэд илүү их анхаарал хандуулж, шаардлага тавьж байх хэрэгтэй гэж боддог.
Нийгэмд чиглэсэн ажлыг хийхэд олны танил хүмүүсийн үүрэг оролцоо, үлгэр дууриалал чухал үүрэгтэй санагддаг. Таны хувьд ямар ажлыг хийж олон нийтэд нөлөөлөхийг хүсдэг вэ?
Миний хувьд бэлтгэл сургуулилт гээд зав муутай байдаг л даа. Тиймээс зав гарвал хүүхүүддээ л илүү их цаг гарахыг боддог. Гол нь манай гэр бүлийнхэн нийгэмд эерэг хандлагыг түгээх, олон нийтэд чиглэсэн ажилд оролцоход хэзээд бэлэн байдаг.
Танай гэр бүлийн гишүүд байгаль орчныг хайрлан хамгаалах ямар ажлуудыг хийдэг вэ? Тухайлбал, эко аялагч, эко хэрэглэгч гэх мэт олон дадал зуршлыг хэрэгжүүлдэг шүү дээ.
Аялалаар яваа хүмүүс байгальтай зохисгүй харьцаж байгаа олон жишээг бид хардаг. Тамхины иш, цаас, ундааны сав зэргээ машиныхаа цонхоор хаяж, ариун цэврийн цаасаар бохирдуулсан байдаг. Байгалийн үзэсгэлэнт газар, амралтанд очиход маш их хог байдаг. Тэр бүхнийг хараад хүүхдүүдээ “Та нар гэртээ хогоо хаядаггүй шиг гадаа ч битгий хог хаяарай. Бидний очсон газарт бидний явсаны дараа ч хүмүүс ирж амрана. Магадгүй шилний хагархай үлдчихвэл хүүхэд нь хөл гараа зүсэх аюултай. Зөвхөн өөрсдийгөө бодоод явах ёсгүй. Дараагийн аялагч ирэхэд ая тухтай байхаас гадна бидний байгаль дэлхийгээ хайрлаж байгаагийн илрэл болох юм шүү” гэж захидаг.
Хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэхдээ хүртэл замд идсэн амттаны цаас зэргийг “Битгий хаяарай, машиндаа байлгаж байгаад гэртээ ороод хогийн саванд хаяна шүү” гэх мэтээр сургаж байна. Энэ маш амархан энгийн дадлыг хүн болгон үр хүүхэддээ, өөртөө зуршил болгож чадвал хаана ч очсон сэтгэл өөдрөг амрах, аялах боломжтой.
Энэ жилийн хувьд Коронагаас болж Монголчууд маань эх нутгаараа аялсан ч байгаль орчноо бохирдуулж орхисоныг нь их харлаа. Хүмүүс зөвхөн өөрөө л сайхан амарч байвал боллоо гэсэн мэт байгальтай ханддаг сэтгэлгээгээ болих хэрэгтэй. Яагаад гэвэл ирээдүйд үр хүүхдүүд чинь том болж, аялалаар явдаг болоход өнөөдөр таны хаясан хогон дээр ирнэ гэдгийг ойлгож ухаараасай.
Таны байгальд хаясан хог чинь уусч, устахгүй орчныг бохирдуулаад хүлээгээд л байж байх болно. Тиймээс хүн бүр өөрийн тарьсан хогоо аваад явдаг байгаасай. Бидний эх орон өргөн уудам. Хэн хаана хог тариад явсаныг мэдэх аргагүй. Зорьж очоод цэвэрлэх асуудал нь ч хязгаардлагдмал. Тэр утгаар нь ойлгож, хойч үеийнхэнийхээ төлөө хүн бүр очсон газар болгондоо хогийг нь цэвэрлэж, аваад явчихдаг сэтгэлтэй байгаасай гэж үнэхээр их хүсдэг. Үр хүүхддээ ч мөн адил энэ талаар хэлж ойлгуулдаг.
Ногоон Ази сүлжээ ТББ-ын талаарх таны бодол. Мөн хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийе гэж бодож байна?
Ногоон Ази сүлжээ ОУТББ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Монгол улсад хурдацтай нэмэгдэж буй цөлжилтийн асуудалд хариу арга хэмжээ авч буй олон улсын Төрийн бус байгууллагын томоохон төлөөлөл гэж боддог.
Өнөөдрийг хүртэл өнгөрсөн 13 жилийн хугацаанд Монгол улсын 8 газарт 700га талбайд ойролцоогоор 700,000 гаруй мянган модыг тарьж жишиг загварыг байгуулан ажилласан байна. Түүгээрээ дамжуулан орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байртай, орлоготой бие даахад чадвахжуулж, бодит ажлыг хийж байгааг харж, ойлгож итгэж байна. Өмнө нь сайн мэддэггүй байсан ч хаврын мод тариалалтын үеэр суулгац хайж яваад ийм байгууллага байдгийг олж мэдсэн юм.
Үнэхээр Монгол орны байгаль орчинд зориулан хийсэн бүтээсэн зүйлтэй энэ байгууллага маань цаашид ч олон хүнд хэрэгтэй мэдээлэл түгээх ажлаа хийсээр байна гэдэгт итгэдэг. Солонгос орноос манай орны цөлжилтийн эсрэг асуудалд анхаарлаа хандуулж, орон нутгийн иргэдийн төлөө ажиллаж байгаад нь талархан Ногоон Азийн хамт олонтой байгаль орчин болон цэнхэр дэлхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэн бүхий л боломжоор хамтран ажиллана.
Хүн бүр хүүхдүүддээ хайртай байдаг. Тэгвэл ирээдүйд үр хүүхдүүд минь амьдрах энэ дэлхийн төлөө өнөөдөр та бид юу хийвэл хамгийн сайхан хайр байх бол. Бидний үлдээх өв гэх үү дээ?
Хайран дунд өссөн хүн л ямар ч зүйлийг хайрлах сэтгэлтэй болдог. Цэцэг тарьсан ч, байгальтай харьцсан ч мод ургамлыг гэмтээхгүй хайрладаг. Монголчууд их сүсэгтэй ард түмэн. Газар хөндөх өдөр ч гэж байдаг. Мод хугалж болохгүй, ус бохирдуулж болохгүй хэмээн байгалиа хайрлаж, зөв харьцах зан үйлийг өвлүүлж, харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн. Эх байгалиа хайрлах ухааныг өвлөж өссөн үр хүүхэд маань ээж, ааваасаа хол хаа ч явсан түүнийгээ дагаж мөрддөг болно. Ер нь байгаль дэлхий сайхан байж л хүмүүс бид таатай сайхан амьдарна.
Ус мөрөн нь хатаад ширгэчихвэл, ургамал мод нь ургахгүй болчихвол, агаар нь хуурайшиж, тэнгэр нь бохирдчихвол бидний үр хүүхэд хэрхэн амьдрах бол гэж бодоод нэг үзээрэй. Ирээдүйд амьдрах орчныг нь таатай байлгахын тулд байгаль дэлхийгээ хайрлах сэтгэхүйг өнөөдөр хүүхдүүдээ багаас нь ойлгуулж суулгах өгөх хэрэгтэй. Томчууд өөрсдөө үлгэрлэх ёстой.
Нөгөө талаар хотын хөгжлийг байшин, барилга байгууламжаар хэмжих ёсгүй. Барилга байгууламж барьсан ч ногоон байгууламжийн тохижуулалтад анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн уул уурхай ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг анхаарч, хурдан ургуулах, ногооруулах үйлчилгээ өндөртэй хүчтэй химийн бордоог ашигладаг асуудлаас татгалзах ёстой.
Байгальд ээлтэй органик бордоог нь ашиглавал хойч ирээдүйдээ байгалиа хадгалан үлдээж чадна. Газрын баялагийг ашиглаж, ашиг шимийг нь хүртчихээд, хурдан түргэн ургах химийн бордоог ашиглан нөхөн сэргээлт хийгээд байвал хөрсөнд шингэж усыг бохирдуулан, эргээд уур болон дэгдэж бидний амьсгалах агаарыг ч хордуулах аюултай. Ийм аргаар нөхөн сэргээлт хийдэг хүмүүс жоохон ч гэсэн сэтгэл гаргавал дэлхий маань эрүүл байх юм.
Өнөөдөр биднийг халамжилсан байгаль ээж минь ирээдүйд бидний үр хүүхэд өсөж том болон тэдний үр хүүхэд тоглож наадан сэтгэл тэнүүн амьдрах эх нутаг минь …
Ярилцсан: П.Нарандэлгэр