Вакцин импортлох ААН-үүдийг дэмжинэ
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав. Дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд хэлж, вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэв.
Аж ахуйн нэгжүүд вакцин авчран хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. “Монос трейд” компани АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн байна. Гэхдээ шууд нислэг зогссоноос болж тээврийн зардал нэмэгдсэн нь хүндрэл учруулж байгаад анхаарахыг хүсэв.
Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр гаргасан төр, засгийн гаргасан шийдвэрийг дагахын зэрэгцээ бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Аж ахуйн нэгжүүд Засгийн газрын бодлогын хүрээнд эрсдэлийг тооцсон судалгаанд үндэслэж вакцин татан авах юм.