“Зэрлэг амьтан ургамлын шилдэг хамгаалагч”-ийг тодруулав
Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс эрэлч нохойтой ажилладаг гаалийн улсын байцаагч нарын зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг урамшуулах зорилгоор “Зэрлэг амьтан ургамлын шилдэг хамгаалагч” өргөмжлөл бүхий 2000 фунт стерлингтэй тэнцэх мөнгөн шагналыг олгодог.
Тус шагналын 2020 оны эзнээр Гаалийн Ерөнхий Газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Ууганбаяр тодорсон байна. 2020 онд Г. Ууганбаяр нийт 9 хэрэг илрүүлсний 3 нь эрүүгийн, 6 нь захиргааны чанартай хэрэг байснаас 5 нь зэрлэг амьтны эд эрхтэнтэй холбоотой зөрчлүүд байв.
Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ЛАСН) нь 1826 онд байгуулагдсан бөгөөд 50 гаруй улс оронд байгаль хамгааллын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, олон улсын байгаль хамгааллын арвин туршлагатай байгууллага юм. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааг бууруулах, хил орчмын иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх төслийг 2018 оноос хэрэгжүүлж буй бөгөөд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвтэй нягт хамтран ажилладаг юм.
Төслийн хүрээнд эрэлч нохойтой албан хаагчдын үйл ажиллагаа, гүйцэтгэлийг бодитоор үнэлж, тэдгээрийн чадавх, гүйцэтгэлд суурилсан үнэлгээний тогтолцоо бий болгох ажлыг хийж байгаа бөгөөд эрэлч нохдыг зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааны гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд түлхүү үр дүнтэй ашигладаг болохыг дэмжих мөн хууль сахиулагчдын чадавхийг сайжруулах талаар онцгой ач холбогдол өгч гадаадын сургагч багшийг удирдсан сургалтад хамруулах, олон улсад туршлага судлуулахаар явуулах мөн сургалтын орчин нөхцөл тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.