Залуу ажилтнууд болон дадлагжуулагч багш нар хамтран ажиллана
Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн цогц бодлогын хүрээнд “Залуу ажилтныг дэмжих” болон “Шинэ ажилтны дасан зохицох”, ”Залгамж” хөтөлбөрүүд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-т оролцож буй залуу ажилтнууд, дадлагажуулагч багш нараа өөрсдөө сонгож, харилцан хамтран ажиллах батламжид гарын үсэг зурав.
“Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрт нийт 123 залуу хамрагдаж буй бол тэднийг дадлагажуулахаар тус үйлдвэрт 15-аас дээш жил ажилласан туршлагатай 86 ажилтан багшаар сонгогджээ. Дадлагажуулагч багш нарын баг нь “Залгамж” хөтөлбөр болон өмнө хэрэгжсэн “Мастерын манлайлал” хөтөлбөрийн оролцогч мастерууд, өөрсдийн санал болгосон бусад удирдлагуудаас бүрдэж байгаа аж.
“Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх хамтын ажиллагааг баталгаажуулах үйл ажиллагаа цех нэгжүүдэд хуваарийн дагуу үргэлжилнэ. Одоогоор Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цех, Үйлдвэрлэлийн болон Техникийн хэлтсийн залуу шавь нар багш нартайгаа уулзаж, ажлын төлөвлөгөөгөө ярилцсан байна. “Дадлагажуулагч багш нар шавьтайгаа сард нэг удаа уулзаж, зөвлөгөө өгч ажлаа дүгнэх юм. Өнгөрсөн оны 8 сард эхэлсэн “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” нэг жилийн хугацаанд буюу ирэх 8 сар хүртэл хэрэгжинэ” гэж хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн Бүтээмж инновацын мэргэжилтэн Ё.Мөнхтунгалаг ярилаа.
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн