Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар КОВИД-ын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр AstraZeneca вакцины эхний тунг хийлгэлээ. Түүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр хоёрдугаар сарын 23-ны өдөр шинэ Засгийн газар бүрдэж байгуулагдаад яг 25 хонож байна. Энэ 25 хоногт олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж, нийт ААН, иргэдийн 95 хувь амьдралын хэвийн горимд шилжиж байгаа. Тулж ирсэн зовлонгийн өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийг бид хамтдаа бүтээж чадлаа. Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүндлэн дагасан нийслэлчүүддээ, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан төрийн албан хаагчдадаа баярлалаа. Хөл хорионы өдрүүдэд гурван чухал үр дүнд хүрлээ.
• Эхнийх нь бид өвчний тархалтыг хумьж чадлаа. Бид 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнийг шинжилгээнд хамруулж, 122 халдварын тохиолдол, 33 голомтыг илрүүллээ.
• Хоёрдугаарт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Дархлаажуулалт энэ цаг мөчөөс албан ёсоор эхэлж байна. Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Оюун санааны хөрш БНЭУ-ын ард түмэнд баярлалаа.
• Дараагийн үр дүн нь эдийн засгаа сэргээх суурь нөхцөл бүрдлээ. Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Бүх төрлийн вакцин хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг шалгадаг. Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай.
Вакцин хийлгэсэн хүмүүст монгол, англи хэл дээр лавлагаа өгөх бөгөөд уг лавлагаа E-mongolia руу холбогдсон. Тиймээс тухайн иргэн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулаад вакцинжуулалтын лавлагааг авах боломжтой. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг.
Төлөвлөгөөт журмын дагуу эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа албан хаагчид эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдана. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэсэн юм.