УИХУИХОнцлохШинэ мэдээ

Вакцинжуулалтын төслийг 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ

Улсын Их Хурдын Төсвийн байнгын хорооны (2021.01.26) хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тус  өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханы асуултад хууль санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариулт өгсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.  “Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тус өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн 1 төсөл болгож, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн мэдүүлсэн төслийг суурилан хэлэлцье” гэж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,8 хувь нь дэмжлээ. 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс “Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй зөрүүтэй байгаа заалт, зүйлүүдийг зарчмын зөрүүтэй саналын томьёолол болгон санал хураалгав.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 1 дүгээр зүйлийн “8 дугаар зүйлийн” гэсний өмнө “3 дугаар зүйлийн 3.1.3, 5.1 дэх хэсгийн “2020 онд мөрдүүлэхээр” гэснийг “2020-2022 онд мөрдүүлэхээр” гэж нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн “2022 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2022 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92,3 хувь нь дэмжлээ.

Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 

Вакцинжуулалтын төслийг 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов.  

  Монгол Улсын Засгийн газраас Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай бэлтгэл ханган ажиллаж байгааг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч танилцуулгадаа дурдаад, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна гэв. 

    Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байна гэж танилцуулгад дурдсан байлаа.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, коронавирусийн вакцины нийлүүлэлтийг КОВАКС хөтөлбөрөөс гадна олон талтай гэрээ, хэлцэл хийн ажиллаж, нэмэлт санхүүжилтийн төслийг оруулж ирж байгааг дэмжихийн зэрэгцээ энэ төрлийн вакциныг яаралтай оруулж, эрсдэлтэй байгаа бүлэгтээ нэн түрүүнд хийх шаардлагатай байгааг онцлов.

Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг байгуулж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авалт хийх болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хариултдаа дурдаад, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс нэн түрүүнд хамрагдах, нийлүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн гэв. Түүнчлэн  вакцин үйлдвэрлэгч орон болох АНУ, Япон, БНХАУ, БНЭУ улсаас гадна вакцин үйлдвэрлэгч “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna” компаниудтай нууцлалын гэрээ байгуулж ажиллаж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ-ын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаагаа онцолсон. 

    Мөн тэрбээр,  хүйтэн хэлхээний дэд бүтцийг бэлтгэж, энэ асуудалд анхаарч ажиллаж байгаад хариултдаа онцлоод,  -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тунг, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 357 мянган тунг, 2-8 градуст хадгалах “AstraZeneca” вакцинаас 2 сая 516 мянган тунг хүлээн авах, хадгалах  боломжтой гэж байлаа. 

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.  Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон. 

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулахыг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд  “Коронавируст халдвар COVID-19-ын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд  эрх зүйн дүгнэлт гаргуулах асуудлыг хэлэлцлээ. 

    Энэ талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан. Тогтоолын төслийн үзэл баримтлалд коронавируст халдвар COVID-19-ын цар тахлын үед иргэдийн амьдрал эрс доройтсон, үндэсний үйлдвэрүүд дампуурахад хүрсэн, өрхийн орлого тасалдсан зэрэг шалтгаанаас үүдэн нийгэм эдийн засагт бодитоор бий болоод байгаа хүндрэл, бэрхшээлийг харгалзан өрх бүрт нэг удаа нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдээс архи согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгох. Энэ санхүүжилтийн эх үүсвэрийг оффшор бүсээс татагдан улсын орлогод шилжсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд Төрийн сангийн тусгай данс нээн байршуулж, холбогдох үйл ажиллагааг Монголбанкаар гүйцэтгүүлэх гэж тусгажээ. 

Улсын орлогод оффшор бүсээс улсын орлогод шилжсэн мөнгөн хөрөнгийн талаар Сангийн яамнаас лавлагаа авсан бөгөөд Төрийн сангийн Монголбанкны улсын төсвийн дансанд 2017-2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл оффшор бүсний данснаас мөнгө орж ирээгүй гэдгийг албан бичигтээ дурдсан. Тогтоолын төсөлд зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар дурдаагүй бөгөөд түүнчлэн оффшор бүсээс улсын төсвийн дансанд мөнгө орж ирсэн эсэх, захиран зарцуулах хууль эрх зүй орчин, үндэслэл нь  бүрдсэн эсэх нь тодорхой бус байна. Тухайн төсөл нь Монгол Улсын хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар төслийн зүйл, хэсэг, заалт, зохицуулалтын хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож, үзэх шаардлагатай байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраар тогтоолын төслийн талаар тусгайлан эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах саналтай байна” гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав. 

Тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийх талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар COVID-19-ын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулахыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close