Уул уурхайFocusШинэ мэдээ

Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Эрдэнэт үйлдвэр энэ онд нийгмийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Ковид-19 цар тахлын тархалтаас улбаалан зарим бүтээн байгуулалтын ажил хойшлох, удаашрах тал байгаа ч аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу цаг үеийн байдалтай уялдуулан ажлаа үргэлжлүүлж буйг үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр онцоллоо. 

Өнөөдрийн байдлаар “Ногоон хөгжлийн төв”-ийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бол соёл спортын “Эрдэнэт ” цогцолборт энэ онд төлөвлөсөн нийт ажлын 80 орчим хувь нь хийгджээ. Уг цогцолборын гүйцэтгэгчээр тус үйлдвэрийн Барилга засварын цех ажиллаж байгаа юм. “Уурхайчин-1, 2, 3” орон сууцны хорооллууд баригдаж буй ч цар тахлын хатуу хөл хорионы улмаас зарим төлөвлөгөөт ажлууд удааширсан байна. Гэсэн хэдий ч “Уурхайчин-1” хорооллын эхний ээлжийн барилгыг энэ онд багтаан дуусгахаар зорьж байгаа гэдгийг чиглэл хариуцсан орлогч мэдээлэв. 

Эрдэнэт үйлдвэр нь дэргэдээ соёл спорт, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг нийгмийн чиглэлийн 10 цехтэй. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээний хүрээнд боловсрол, соёл спорт, амралтын баазын үндсэн үйл ажиллагаа бүрэн зогссон ч сургалт болон бусад ажлуудаа цахим орчинд зохион байгуулж байна. Эдгээр цехийн ихэнх ажилтнууд Ерөнхий захирлын тушаалаар тэтгэмжтэй чөлөөнд хамрагдсан бол 300 орчим ажилтан үйлдвэрийн шуурхай штабын бүрэлдэхүүнд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Ингэхдээ ажилчдын автобусанд биеийн халуун хэмжих, ариутгал, амны хаалтны зөв тогтмол хэрэглээнд хяналт тавих зэрэг ажилд нийгмийн цехийн ажилтнууд хамтран оролцож байгаа юм. Харин Эрдэнэт сувиллын цогцолбор, Аж ахуй үйлчилгээний цех, Оёдлын цехүүд ажилчдын тандалт шинжилгээ судалгаа, ариутгал цэвэрлэгээ зэрэг корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч, өндөр ачаалалтай ажиллаж байна.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close