НийслэлFocusШинэ мэдээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит II дугаар хуралдаан үргэлжилж байна

Өнгөрсөн сарын 27-ны өдөр нийслэлийн ИТХ ээлжит II хуралдаанаа цахимаар хуралдуулж, нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын  төлөвлөгөө, нийслэлийн 2021 оны төсөв батлах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэж, түр завсарласан. Тус хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлж байна.

Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Эдийн засаг төсвийн хорооны дарга М.Халиунбат хурлын ажлын хороодын өргөтгөсөн хуралдаанаас гарсан дээрх асуудлуудтай холбоотой саналуудыг танилцууллаа. Төлөөлөгчид боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, багш ажилчдын нийгмийн хангамжийг сайжруулах, гэр хорооллын дундах авто замуудыг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний ур чадварыг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалж үлдэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх урлаг, спортын газрыг нэмэгдүүлэх зэрэг саналыг төсөлд тусгажээ.  

Мөн нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, нийтийн эзэмшлийн авто зам, зогсоолыг нэмэгдүүлэх, газар ашиглалтыг сайжруулж, тохижилтын ажил хийх боломж бүрдүүлэх, зуслангийн хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, зургаан га газрыг ойжуулах зэрэг ажлууд тусгасан байна. Дээр дурдсан асуудлуудтай холбогдуулан нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн дунд хугацааны төлөвлөгөөнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг санал тусгасныг бүлгийн дарга, Тэргүүлэгч Р.Дагва танилцууллаа.   



Харин нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг нийслэлийг 2021-2025 оны хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дахин боловсруулах хэрэгтэй үзжээ. Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Төсөв, эрүүл мэнд, нийгмийн хувьд ч хүнд цаг үе байна.  Нийслэлийн ИТХ-ын даргаас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 45 төлөөлөгчөөс гарсан бүх саналуудыг  тусгах үүрэг өгсөн. Тиймээс төлөөлөгчдийн гаргасан саналуудыг судлан, боломжтой бүхий л саналыг тусгана” гэв. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close