Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд хэвийн горимд ажиллаж байна. Харин Гамшгаас хамгаалах болон Шуурхай штаб, Эрдэнэт цогцолбор сувилал, Гал унтраах гэрээт цагдаагийн 58-р анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн тусгай горимд шилжин ажиллаж байгаа юм.
“Одоогоор үйлдвэрлэлийн дүүрэгт 5020 хүн ажиллаж байна. Хүн амын нягтаршлыг бууруулах чиглэлээр Ерөнхий захирлын тушаал гарч гэрээсээ цахимаар ажиллах боломжтой хүмүүсээ ажлаас чөлөөлсөн. Эдгээр хүмүүс цех, хэлтсийн удирдлагаасаа тусгай үүрэг авч цахимаар ажлаа хийж байна. 0-12 насны хүүхэдтэй ээжүүд, аавуудад ажлаас нь цалинтай чөлөө олгох хугацааг 12 дугаар сарын 11 хүртэл сунгах шийдвэр гараад байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед манай уурхайчид зогсох эрхгүйгээр ажиллаж, оны эхний 11 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 хувиас дээш хувиар биелүүллээ” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлд шаардлагатай төлөвлөгдсөн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажил тасралтгүй хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид дотоод нөөц боломжоо ашиглан СБШ-250 төрлийн шинэ өрмийн машиныг угсарч ажилд гаргахад бэлэн болгожээ. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 31 жил ажилласан тээрмийг сольж, 72 цагийн туршилтын горимоор ажиллуулж байна.
Түүнчлэн үйлдвэрийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлуудыг зогсолтгүйгээр явуулж байна. Тодруулбал, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Эмульсний тэсрэх бодисын үйлдвэрийг барьж байгуулах ажил, Цэвэр ус дамжуулах гуравдугаар шугамыг барих ажил явагдаж байна. Ийнхүү дэлхий нийтийг цочроосон цар тахлын хүнд нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон өмнө гаргасан амжилтаа бататган ажиллаж байна.
Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС