Иргэдийг буцаах ажлыг 12 сарын 1-10-ны хооронд зохион байгуулна

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг:
Орон нутаг руу буцах, орон нутгаас нийслэлд ирэх иргэдийг буцаах журмыг бэлэн болголоо. Энэ ажлыг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулах гэж байна.
УОК-оос Улаанбаатарт гацсан иргэдийн тоог 27 орчим мянга гэж мэдээлж байсан бол өчигдөр оройны байдлаар 85 мянган иргэн орон нутаг руу, оршин суух хаяг руугаа явах хүсэлтээ ирүүлээд байна. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтай байгаа.
Эдгээр иргэний 80 орчим хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн унаагаар, цөөн хэсэг нь онгоцоор явъя гэж байна” гэлээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян:
-Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы улмаас гацсан иргэдийн хүсэлтийг судалж ирэх сарын 1-нээс нэгдсэн зохион байгуулалттай зорчуулах тусгай журам баталлаа. Энэ ажлыг ЗТХЯ-ны Батболд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Бэлтгэл ажлын хүрээнд тасалбар түгээлт болон хувийн тэргээр зорчих хяналт бүртгэл 16 аймаг руу нээх бөгөөд халдвар бүртгэгдсэн таван аймаг эхний долоо хоногт багтахгүй. Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-оос нээнэ. Мөн Өмнөговь экспортын гол бүс тул зорчих хөдөлгөөнийг 7-ноос зохион байгуулна.
-ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-УОК-ын даргын тушаалаар ажлын хэсэг энэ сарын 24-нд байгуулагдсан. Түр журам энэ сарын 25-нд батлагдсан. Тээвэрлэлт, цагийн хуваарь баталж бэлэн боллоо. Өнгөрсөн дөрвөн өдөр судалгаа авч 85 мянга орчим иргэн хамрагдсан. Дунджаар 100 гаруй мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийх төлөвтэй байна.
Энэ сарын 29-нөөс шинжилгээ авч эхэлнэ. Тухайн иргэн 48 цагийн дотор шинжилгээ өгнө. Гэхдээ шинжилгээ авах нэмэлт 20 цэг байгуулна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчиж болно. Зохион байгуулалттай нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болно.
Цар тахлын үед цахим системийг ашиглаж иргэн үйлчилгээний байгууллагууд бага харилцахаар зохицуулж байна. Тодруулбал, www.119.mn хаягт иргэд бүртгүүлэхдээ асуумж бөглөнө. Дараа нь, хүсэлтийг харгалзан байрлалаас хамаарч шинжилгээ өгөх байр, цагийн хуваарийг өгнө. Бүртгүүлсэн иргэн товлосон өдрийн заасан цагт шинжилгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээ авна. Хариу 6-8 цагийн дараа гарна. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд цахимаар тасалбар авна. Нийтийн тээврийн үйлчилгээг авахдаа хуваарилсан автовокзалд бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулна. Хооллох газрууд хаалттай тул иргэд хоолоо бэлдэнэ.
Зорчигчид зориулсан санамж гарч байна. Тогтоосон цэгүүдэд тээвэрлэлтийн баримт бичигийг хяналтын цэгүүдэд уншуулна. Орон нутагт очсон иргэдийг Онцгой штаб хүлээн авах ба тухайн иргэн өөрийн байх газартаа 14 хоног тусгаарлана. Иргэд хувийн машинтай зорчихдоо шинжилгээний хариу сөрөг гарсны дараа хөдөлгөөнд оролцно. Мөн тээвэрлэлтийн бичиг баримт QR кодоо уншуулаад зорчино. Ингэхдээ замын хяналтын байгууллагуудад бүртгүүлж, эцсийн цэгт очихдоо мэдээлнэ. Ийм схемээр тээвэрлэлт зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорчих хөдөлгөөнийг 10 хоног зохион байгуулж байгаа нь шинжилгээ болон тээврийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч байна.
Эхний ээлжинд албан ажил болон хувийн ажлаар саатсан хүмүүсийг зорчуулна. Дараа нь оюутнууд зорчино. Мөн автобуудлуудад цагийн хуваарь гаргасан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас Архангай руу явах 23 автобус бэлэн байна. Иргэдийн саналыг авах явцад холын аймгуудад агаарын тээврээр зорчих хүсэлтээ өгсөн бөгөөд ажлын хэсгийнхэн онгоцоор иргэдийг тээвэрлэх боломжтой гэж мэдэгдэв. Хэдийгээр хөл хорионы улмаас гацсан иргэдийн асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр болсон ч УОК-оос халдвар гараагүй 15 аймагт халдвартай иргэнийг зорчуулахгүй байх зарчим баримталж байна. Энэ үүднээс иргэдийг 20 цэгт PCR шинжилгээнд хамруулсны дараа орон нутагт зорчих эсэх зөвшөөрлийг олгох юм байна.



