ОнцлохНийслэлШинэ мэдээ

Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа

Нийслэлийн ИТХ ээлжит бус I хуралдаанаа хуралдуулж, Хурлын хороо, дэд хороодыг шинэчлэн байгуулж, түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ.

Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан Ажлын хэсэг УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын Хороо, дэд хороод, эрхлэх асуудлыг томъёолжээ.



Төлөөлөгчид Ажлын хэсгийн санал болон намын бүлгүүдийн санал, дүгнэлтийг тусган 2020-2024 онд Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа.

Үүнд:
 1. Хүний хөгжлийн хороо, даргаар төлөөлөгч П.Наранбаяр

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Гангамөрөн

2. Эдийн засаг, төсвийн хороо, даргаар төлөөлөгч М.Халиунбат

  • Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч М.Тулгат
  • Хөрөнгө оруулалтын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч С.Эрдэнэбаяр

3. Засаглал, эрх зүйн шинэтгэлийн дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Мягмар

  • Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын дэд хороо, даргаар төлөөлөгч Ү.Оюунзул

4. Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, даргаар төлөөлөгч Л.Отгонбаатар

  • Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Л.Ариунтуяа

5. Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, даргаар төлөөлөгч М.Говьсайхан

  • Дэд бүтэц, дахин төлөвлөлт, дагуул хотын хөгжлийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Өнөбат

6. Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо, даргаар төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар

  • Замын түгжрэлийг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Төгөлдөр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

Хүний хөгжлийн хороо нь боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ, тусгай хэрэгцээт иргэдийн асуудал, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлт, хамгаалал, хүнсний аюулгүй байдал, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг эрхэлнэ. Эдийн засаг, төсвийн хороо нь хотын төсөв, түүний гүйцэтгэлд хяналт тавих, зээлийн бодлого татварын бодлого, бизнесийн орчныг сайжруулах, нийслэлийн өмчийн менежмент, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо нийслэлийн эрх зүйн шинэчлэл, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангахтай холбоотой асуудал, хэв журам, гэмт хэрэгтэй тэмцэх асуудал, хотын стандарт орчны аюулгүй байдалтай холбоотой зэрэг асуудалд хяналт тавина. Харин Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо нь хүрээлэн буй орчин, агаар, хөрсний асуудал, усны бохирдол, хог хаягдлын менежментийг зэргийг хариуцах юм. Хот байгуулалт, дэд бүтцийн хороо гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх бол өнөө жил шинээр байгуулж буй Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх, нийтийн тээврийн орлого бүрдүүлэлтийг нэмэглүүлэх зэрэг асуудлыг эрхлэн хариуцах юм.


Ж.Батбаясгалан: Иргэд та бүхнийг цар тахлын дэгдэлтийг хумихад хувь нэмрээ оруулж, хамтарч ажиллахыг уриалж байна

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хуралдааны төгсгөлд “Хурлын хороо ба тэдгээр хорооны хурал нь төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэрийн нэг бөгөөд хууль тогтоомж, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийн биелэлт ба албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийх, тэдгээрээс илтгэл, сонсгол, асуулгын хариу авах зэрэг ажлыг хийх арга гэж ойлгож болно. Мөн хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, чиг үүрэгтэйгээр ажиллана.  

Эрхэм Төлөөлөгч та бүхнийг харьяалагдсан Хурлын хорооныхоо хуралд товлосон цагтаа ирж, хэлэлцэж буй аливаа асуудлаар ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлж, хорооны хурлаас гарах санал дүгнэлтийг үндэслэлтэй, тооцоо судалгаатай тодорхой асуудлыг тусган боловсруулж гаргахад өөрийн мэдлэг чадвар, ажлын туршлагаа дайчлан ажиллаж хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхтэй ажиллахыг хүсье.

Түүнчлэн коронавируст цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас болон Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хатуу хөл хорио тогтоосон нөхцөл байдал зэргийг харгалзан Хурлын Хороодын хуралдааныг цахим хэлбэрээр хуралдуулах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, нийслэлийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс албаны удирдлагуудтай ажлаа уялдуулах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж хамтарч ажиллахыг Хороод, дэд хороодын дарга нарт үүрэг болгож байна.

Мөн нийслэлчүүддээ хандаж, Иргэд та бүхэн Улсын болон нийслэлийн Онцгой комиссын заавар зөвлөгөөг онцгой сахиж мөрдөн, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж цар тахал халдварын дэгдэлтийг хумихад хувь нэмрээ оруулж хамтарч ажиллахыг Уриалж байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close