Боловсролын багц хэлэлцүүлгийг орон даяар эхлүүллээ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санаачлан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг 11 дүгээр сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүллээ.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, УИХ-ын зарим гишүүд хариулт өглөө.
Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналыг бичгээр болон цахим хувилбараар авч байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 21 аймаг, 9 дүүргийн нийт боловсролын байгууллагад бичгээр авах саналын хуудсыг хүргүүлсэн. Бичгээр санал авах ажил 11 дүгээр сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт” уулзалт-хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулна. Энэхүү цуврал уулзалт-хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 17-30-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нэгдсэн хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хуулийн төсөлд саналаа цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч буюу цахимаар өгч болно. Цахимаар санал авах ажил 2021 оны 01 дүгээр сарын 01 хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдийн хувьд Боловсрол, шинжлэх ухааны яамны албан ёсны www.meds.gov.mn цахим хуудаст, багш нарын хувьд Боловсролын салбарын мэдээллийн систем (www.esis.edu.mn)-ийн багш, ажилтны эрхээр хандаж, саналаа өгнө. Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилтан, албан хаагчдаас гадна эцэг эхчүүд, олон нийтээс нээлттэйгээр санал авах бөгөөд салбарын яамны цахим хуудаст хандаж, саналаа өгнө.
Одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд 25 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 6 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Боловсролын салбарын эрх зүйн орчноо хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр 4 хуулийн багц төслийг боловсруулж байгаа юм.
Салбарын хуулийн төсөлд санал тусгах ажлыг ийнхүү улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс өгсөн саналыг тусгаад ирэх 2021 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр хуулийн төсөл боловсруулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийнхэн ажиллаж байна.
Боловсролын салбарыг шинэ түвшинд гаргах энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд идэвхтэй оролцохыг салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтэд уриалж байна.