УНТЭ-ийн түүхт 95 жилийн ой тохиож байна
Улсын нэгдүгээр төв эмнэлэг үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүндэтгэлийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий хэлсэн үгэндээ ” Бид өнөөдөр 95 жилийн бахархал уриатайгаар энэ түүхэн өдрийг угтаж байгаа бөгөөд хийж бүтээснээрээ бахархахын зэрэгцээ улам ихийг хийж бүтээх итгэл урам авах чухал өдөр билээ.
Хоёр зуун дамжсан өнөр их түүхтэй бид амаргүй бөгөөд нийгмийн харилцааны үе үеийн байдалд зохицуулан үйл ажиллагаагаа явуулж ирэхдээ тусламж үйлчилгээнийхээ төрлөө улам нэмэгдүүлж, өндөр технологийг алхам тутамдаа нэвтрүүлсээр ирсэн билээ.
Энэ хугацаанд байгууллагын минь үйл ажиллагаа нэг хором ч зогсоогүй ба 600 гаруй мянган хүн амтай Монгол улс өдгөө 3,3 сая болтлоо өссөнд бидний гавьяа бий гэдэгт бид итгэдэг.
Түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн хугацаанаас хойш буюу 2015-2019 онуудад дэвшүүлэн тавьсан зорилтынхоо хүрээнд хийсэн томоохон ажлуудыг би та бүхэндээ удахгүй танилцуулах бөгөөд цаашид хийх ажлуудаа ч төлөвлөөд байна.
2019 оноос эхлэн УНТЭ санаачлан ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр “Салбарын хөгжилд хамтдаа төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулах, цахим үйлчилгээг сайжруулах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг бүсчлэн хүргэх чиглэлээр ЭМЯ-аас баримталж буй бодлогын хүрээнд төвийн болон баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, УБ хотын төвийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүдийг чадавхижуулах, мэргэжлийн өндөр ур чадвартай эмч, сувилагч бэлтгэх, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг хамгийн ойр байршлаас богино хугацаанд авах нөхцөлийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж буй бөгөөд энэ ажлын үр дүнд эмнэлгүүд жигд чадавхижиж бидний хувьд өөрийн үндсэн чиг үүрэг болох шинэ технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг түлхүү хийх зэргээр дэлхийн анагаах ухааны салбартай хөл нийлүүлэн алхах нөхцөл боломж бүрдэнэ хэмээн харж байна.
Эрүүл мэндийн салбарт бас нэг томоохон өөрчлөлт реформ хийгдэж байгаа бөгөөд 2020 онд Монгол улсын засгийн газар, эрүүл мэндийн салбарын тогтолцоо, бодлогын хувьд нэгэн шинэ үе эхэлж эмнэлгийн менежмент, бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд бид засаглал болон санхүүжилтийн хувьд анх удаа хагас бие даасан байдалд шилжээд явж байна.
Энэ нь эмнэлгийн бүхий л бүтэц болон санхүүжилтийг ЭМЯ, Сангийн яам хариуцдаг байсан бол одоо эмнэлэг бие дааж ажилласнаар бүтэц, хүний нөөцийн бүрдүүлэлт, санхүүгийн удирдлагын эрх мэдэл өөрт нэмэгдэж санхүүгээ тодорхой хэмжээгээр зохицуулж чадсанаар тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, тусламж, үйлчилгээг ард иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд илүү нийцүүлэх, эмнэлгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг нээж байгаа бөгөөд эмч, мэргэжилтний ажлын бүтээмж, үр дүнд үндэслэн цалин урамшууллыг тогтоох, боломж нээгдэж байгаа юм.” гэдгийг онцлон хэлэв.
Мөн энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан 8 эмч, мэргэжилтнүүдийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнасан бол шинээр дөрвөн хүнд “Клиникийн профессор” цол хүртээлээ.
Тухайлбал,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ЕМЗТ-ын их эмч Сандаг Эрдэнэ
- Алтан гадас одонгоор ЯТТ-ийн ахлах сувилагч Д.Дуламсүрэн, ЯТТ-ийн сувилагч Д.Цолмон, НСМЗТ-ийн ахмад сувилагч Д.Дорждагма,
- Хөдөлмөрийн хүндэт медалиар ЭЗМА-ны эдийн засагч С.Батцэнгэл,СЭА-ны дарга Ц.Амаржаргал,ЭМДТ-ийн зохицуулагч сувилагч Б.Уранцэцэг нарыг тус тус шагналаа.
Клиникийн профессор цолоор:
- Уушги харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг
- Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй
- Уушги харшил судлалын төвийн их эмч Д.Содгэрэл
- Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн их эмч Б.Батсайхан
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч,ажилтнуудад Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, жуух бичиг болон бусад салбарын шагнуулдаар шагналаа.