ОнцлохНийслэлШинэ мэдээ

Мэндчилгээ

“Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт болсон нийслэл Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн халуун мэндийг нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд дэвшүүлье.

Тэртээ 1639 онд Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар нийслэл хотын маань түүх шаштирын эхний хуудас бичигдсэн билээ.Улмаар нүүдэлч түмний ахуй амьдралын онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нааш цааш нүүдэллэж явсаар Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий буюу хатан Туулын хөвөө, хан Богдын ард суурьшсанаас хойш 241 он улирчээ.

Эдгээр он цаг бол нүүдэлчдийн бяцхан сууриныг орчин үеийн хот байгуулалтын шилдэг өв, шинэ ололтыг шингээсэн метрополитан хот болгон өөрчилсөн бахархалт зам мөр байлаа. Нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон бахархал монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ. Энэ өдөр бол зөвхөн нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын баярын өдөр юм.

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын нийт хүн амын 50 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран суудаг, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 192.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань өнөөдөр Монгол Улсынхаа хөгжлийн толь болж өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгөжин жавхаажсаар байна. Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна.

Цаашид та бид нийслэлээ дэлхий ертөнцөд бүрэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхтай, шинэ эриний ухаалаг, найрсаг, эко хот болгон шинэчлэхийн төлөө хичээн зүтгэх учиртай. Нийслэл Улаанбаатар хот маань үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болж, суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын шинэ бодлогыг хуульчлах гэх мэт олон ажлыг бид шат дараатайгаар хийхээр төлөвлөж байна. Агаар, орчны бохирдлыг дахин бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэх нь та бидний ойрын үеийн нэн чухал зорилт байх болно.

Урсах цагийн хурдаар урагшлан хөгжиж буй Улаанбаатар хотын түүхт ойн энэ өдөр нийслэлчүүдийн төдийгүй нийт Монголчуудын баяр бахархлын өдөр билээ. Нийслэлд минь хөгжлийн шинэ эрин үе эхэлж байна. Хөгжлийг бүтээлцэж, хотын соёл, хотын түүхийг бичилцэж ирсэн нийслэлийн иргэн бүрд талархал илэрхийлье. Нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөө залуу халуун насаа зориулсан, зориулж яваа нутгийн захиргааны ажилтан албан хаагчид та бүхэндээ нийслэл хотынхоо түүхэн ойн мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн: 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close