Ж.Батбаясгалан НИТХ-ын даргаар сонгогдлоо
2021 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан НИТХ анхдугаар хуралдаан болж байна. Найм дахь удаагийн НИТХ-ын анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад нь удирдан явуулсан бөгөөд өмнөх НИТХ-ын дарга Р.Дагва хамгийн ахмад нь тул хуралдааныг даргалсан юм.
Хуралдаанд 45 төлөөлөгч 100 хувь ирцтэй оролцож байна. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАН нь 34 суудал авч, олонх болсон тул НИТХ-ын дэгийн дагуу бүлэг байгуулж, бүлгийн ахлагчаар Р.Дагвыг сонголоо. Харин АН НИТХ-ын сонгуульд найман суудал авч, АН-ын бүлэг байгуулах эрхийн дагуу бүлгийн ахлагчаар Д.Пүрэвдавааг сонгосон байна. ХҮН намаас гурван гишүүн сонгогдсон тул бүлэг байгуулах боломжгүй юм.
НИТХ-ын даргын албан тушаалд МАН-ын бүлгээс Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлснээ танилцуулсан бөгөөд танхимаас өөр нэр дэвшигч гараагүй тул Ж.Батбаясгаланг НИТХ-ын албан тушаалд нэр дэвшүүлэв. Хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч байвал санал хураалтыг нууцаар явуулдаг журамтай юм байна. Нэр дэвшигчээс НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч дуусаад Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилох санал хураалтыг ил явуулж, төлөөлөгчдийн 84.44 хувь нь дэмжсэнээр НИТХ-ын 8 дахь дарга болж байна.