Уул уурхайЯрилцлагаFocusШинэ мэдээ

Б.Ганхуяг: Аливаа ажлыг тасралтгүй хийснээр ур чадвар өсдөг

Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн нарийн хэмжүүрийн засварчин Б.Ганхуягтай уулзаж ярилцлаа. Тэр бүтээмжийн чиглэлээр олон шинэлэг ажлын санал санаачилга гарган хэлтсийнхээ үйл ажиллагаанд хэрэгжүүлжээ.

-Та хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцан зураач мэргэжил эзэмшсэн. Тодруулбал, чимэглэгч зураач гэсэн мэргэжлээр төгссөн. 1985 оноос Урчуудын салбарт зураачаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1989 онд Эрдэнэт үйлдвэрт зураачаар ажилд орж байлаа. Улмаар, Чанарын хяналтын хэлтсийн хэмжил зүйн албанд нарийн хэмжүүрийн засварчин мэргэжлээр өнөөг хүртэл ажиллаж байна.

-Зураач хүн тэс өөр мэргэжлээр ажиллаж эхэлсэн хэрэг үү?

-1992 онд Эрдэнэт үйлдвэрийн Сургалтын төвд суралцаж, нарийн хэмжүүрийн засварчин мэргэжил эзэмшсэн юм.

-Таны эзэмшсэн зураач мэргэжил, засварчны ажлыг хийхэд тус дэм болдог уу? 

-Их хэрэг болсон. Миний ажил хүнээс гарын, нүдний ур ухаан шаардсан нарийн чимхлүүр ажил. Аливаа юмны арга эвийг олж хийхэд зураачийн мэргэжил хэрэг болсон санагддаг. Би бага наснаасаа нисэх загварын дугуйланд суралцсан маань зураач болоход нөлөөлсөн байх. Найман жилийн 4-р дунд сургуульд Эрдэнэбаатар багшийн удирдлага дор хичээллэж явлаа. 

-Эрдэнэт үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна. 

-26 жил ажиллалаа.

-Таны ажлын онцлог юу вэ? 

-Нарийн хэмжүүрийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн жигд ажиллагааг шалгах, тохируулах, засварлах ажлыг гүйцэтгэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл электроникийн засвар хийдэг. Эрдэнэт үйлдвэрийн бүх бүтцийн нэгжийн төрөл бүрийн хэмжих хэрэгслийг засдаг. Тухайлбал, ЗМЗ-ын Цутгуурын цехийн  температур хэмжих хэрэгслүүдийг засах, шалгах жишээтэй.

-Өнгөрсөн онд танай цехээс 100 манлайлагчийн жагсаалтад хэчнээн хүн багтсан бэ?

-Жагсаалтад зургаан хүн орсон байх. 

-Ажил мэргэжилдээ ашиглах зориулалтын багаж хэрэгслээр хэрхэн хангагдаж байна вэ?

-Сүүлийн үеийн багаж хэрэгсэл маш нарийн болсон байна. Хувьсах тогтмол хүчдэл, гүйдэл, эсэргүүцлийг үзэхийн тулд хэмжих хэрэгсэл ашиглах жишээтэй. 

-Таны гаргасан шинэлэг саналуудаас тодорхой үр дүнд хүрсэн ямар ажил байна.

 -Химийн төв лабораторийн шинжилгээний уусмал буцалгах гар хийцийн ил утастай плиткийг багаараа ажиллаж автоматжуулсан. Тодорхой температурт хүрээд автоматаар сална. Эргээд температур нь буухаар автоматаар залгагддаг плитк хийсэн. Гүний ус хэмжигч нэг багаж байдаг. Хугарал, эвдрэл их гарна. Үүнийг нэлээн чанартай засварлаж эдэлгээг уртасгасан. Нарийн хэмжүүрийн багаж хэрэгсэл засварлахад тогтмол ашигладаг ширээний гэрлийг лед болголоо. Линзтэй лед гэрлээр сольсон гэсэн үг. Химийн төв лабораторийн агааржуулалтыг засварласан.  

-Танай хэлтсийн энэ оны зорилт, ажлын хэрэгжилт ямар явж байна. 

-Төлөвлөгөө байнга биелж яваа. Үүнийг би ам бардам хэлнэ. 

-Эрдэнэт үйлдвэрт нэгэн шинэ үе ажиллах болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Манай цехийн хэмжээнд мэргэжлийн залуу боловсон хүчнүүд ажиллах болсонд сэтгэл өег явдаг. Энэ хүмүүс ажлын дадлага туршлага суусан нөхцөлд мэдэхгүй, чадахгүй юмгүй болно. Ер нь  ажил мэргэжилтэйгээ холбоотой инновацийн чиглэлээр ажиллах нь хувь хүнд их хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шинэ санал санаачилга гарган ажиллаж байгаарай, гэж залуустаа хандан хэлэх байна. Аливаа ажлыг тасралтгүй хийхээр ур чадвар өсдөг байхгүй юу.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Миний хувьд Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосондоо баяртай явдаг. Энэ уулын буянд, энэ сайхан үйлдвэрт ажиллаж их юм сурсан. Амьдрал ахуй маань сайхан өөдрөг байна. Ийм болохоор үйлдвэрийнхээ бүтээлч хамт олонд эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close