Уул уурхайFocusШинэ мэдээ

Т.Доржсүрэн: Цахилгаан өргүүр хөдөлмөрийг хөнгөвчилсөн

Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Т.Доржсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэр бүтээмжийн чиглэлээр олон шинэлэг ажил санаачлан хийжээ.

-Та хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-1980 онд Чехословак улсын Бруно хотын Мораваны хивсний үйлдвэрт будагчны мэргэжлээр нэг жил зургаан сарын хугацаанд сурч, дадлагажиж төгссөн. Эрдэнэт хивсэнд 20 жил будагчнаар ажилласан шүү. Сонирхуулахад нэг удаа АКДУ-6-01 төрлийн машинд 540-560 кг материал хийж буддаг байлаа. Их хариуцлагатай ажил. Өнгө нь үл ялих өөрчлөгдөхөд гологдол гараад асуудал үүснэ. Ардын армийн 030-р ангид гурван жилийн цэргийн алба хаасан.  Намайг будагчны мэргэжил эзэмшсэн болохоор барилгын ангид хуваарилсан байдаг. Миний туулсан амьдралын замнал энэ.

-Хүнд хортой нөхцөлд олон жил ажиллахдаа эрүүл  хөдөлмөрлөж яваагийн нууц юунд байна вэ?

-ОХУ-д үйлдвэрлэсэн АКДУ-6-01 будах аппаратын өндөр нь хоёр метр. Энэ аппаратад цэвэрлэгээ хийнэ. Үлдсэн ширхэгт материалыг түүнэ. Доош орж цэвэрлэгээ хийчихээд дээр нь байгаа нержин савуудыг зөөвөрлөнө. Үүнийг хэлэхийн учир байнга дасгал хөдөлгөөн хийдэг тамирчин шиг хөдөлмөрлөж  байсан болохоор одоо бие эрүүл явна. Би хамрын ханиад хүрч үзээгүй.

-Та Эрдэнэт үйлдвэртээ хэзээнээс ажил амьдралаа холбосон бэ?

 -Би Эрдэнэт хивсний үйлдвэрийг байгуулагдсан цагаас  2004 он хүртэл ажилласан. Энэ үед Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Ш.Батсайхан агсан Металлургийн лаборатори байгуулж таарсан юм. Тэнд анхны ажилчнаар орж байлаа. Анх бутлуурчнаар орсноос хойш олон ажлыг хөрвөж хийлээ. Бутлуурчин, гагнуурчин, засварчны мэргэжлээр ажиллалаа.

-Та гидрометаллургийн лабораторид ажилласан талаараа цухас дурдлаа. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?

-2004 оноос Эрдэнэт үйлдвэрт гидрометаллургийн туршилт судалгааны ажил эрчимтэй явж эхэлсэн. Бид хоёрдугаар овоолго дээр гурван жил гаруй хугацаанд уусгалтын судалгаа хийсэн. Жилд 10 мянган тонн цэвэр зэс гаргах хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийг тухайн үед манай мэргэжилтнүүд гаргаж байлаа. Одоо П.Цагаан гэж хүн “Ачит Ихт” компани байгуулаад явж байх юм. Тэгэхээр бидний судалгааны ажил үр дүнд хүрч хэрэгжээд монголын нэг үйлдвэр жилд 10 гаруй мянган тонн котадын зэс гаргах болсон нь гол үзүүлэлт.

-Өнгөрсөн онд танай цехээс 100 манлайлагчийн жагсаалтад хэчнээн хүн багтсан бэ?

-100 манлайлагчдын жагсаалтад 10 гаруй хүн орсон. Манайх жижиг цех ч инноваци бүтээмжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Учир нь дийлэнх  нь дээд боловсролтой, инженер техникийн ажилчид. Тэгэхээр санаж сэрж, сэтгэх нь бусдаас арай өөр. Иймээс тэд миний ажилд илүү сайн тусалдаг юм.

-Та үйлдвэрлэлд нэвт-рүүлсэн шинэлэг ажлаасаа дурдахгүй юу? Таны гаргасан саналуудаас тодорхой үр дүнд хүрсэн ямар ажил байна.

-Би ганцхан жишээ хэлье. Манайхан 150 метр газар 40-50 кг лабораторийнхоо хүдрийн дээжийг үүрээд л явдаг байлаа. Бид 150 кг-ын даацтай цахилгаан өргүүр санаачилж хийснээр хөдөлмөр хөнгөвчилж, ажлын цагийн нягтрал сайжирсан. Энэ төхөөрөмжийг бид өдөр тутмынхаа ажилд ашиглаж байна. Мөн секундмер барьж ажилладаг байсан газруудад санаачилгаараа хугацааны дижитал релей тавьж өгсөн. Ингэснээр гар ажиллагаа багассан, цаг барьж ажиллах болсон нь давуу талтай. Хүдэр хатаах технологийг боловсронгуй болгох зорилгоор дулаан тохируулагч тавьж температурын зөрөөг арилгасан. Тоймтой хэдийг хэлэхэд ийм байна. Бидний санаачлан хийсэн жижиг сайжруулалтын ажил олон бий. Галерейгаас доод давхрын подвал хүртэл эргэлтийн ус, хүдрийн дээжээ зөөж ажилладаг байлаа. Одоо хүдэр бэлтгэл, бусад туршилт хийх бүх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ нэг газар төвлөрүүлсэн. Ингэснээр цаг хэмнэн, хөдөлмөр хөнгөвчилж, ажлын бүтээмж нэмэгдсэн шүү.  Хүн ажилдаа сэтгэлтэй байх ёстой. Усны саваар хогийн сав хийсэн гэх мэт инээдтэй юм ярихыг сонссон. Түүнд орвол хоёр дахь түүхий эд усны савыг жижиглээд арай өөр юм хийвэл болж байна.

-Тэгвэл та ямар шинэ ажил санаачлан хийхээр төлөвлөөд байна вэ?

-Металлургич инженер С.Гантулга бид хоёр нэг хүдэр холигч хийх санаачилга гаргасан. Учир нь манайхан шуудайтай хүдрээ газарт асгаад хүрзээр холиод л ажиллах юм. Энэ үйл ажиллагаа өдөр бүр давтагддаг. Дээж авах ажиллагаа бол маш нарийн. Тэгэхээр 100 килограммын багтаамжтай хүдэр холигч хийж байгаа. (Зурж тайлбарлаж үзүүлэв.) Энэ ажлын зураг төсөл хийгдсэн.

-Танай цехийн энэ оны зорилт, ажлын хэрэгжилт таны бодлоор ямархуу явж байна.

-Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагааг манай цехийнхэн хянаж ажилладаг. Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааг хэвийн жигд явуулахын тулд туршилт, судалгааны ажлыг үнэн зөв хийдэг цехийнхээ чадварлаг мэргэжилтнүүдээр бахархаж явдаг. Судалгаа шинжилгээний хүрээлэн эрдэс судалгааны тоног төхөөрөмжүүдээ шинэчилж байна. Энэ нь өндөр нарийвчлалтай эрдсийн судалгаа гаргах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Манай Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн лаборатори ямар ч гаднын байгууллагад үйлчлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл боловсон хүчний болон материаллаг бааз бүрэн бэхэжсэн газар. Манай цехийн дарга Ц.Цэнд-аюуш гэж барууны оронд боловсрол эзэмшсэн залуу боловсон хүчин байна. Аливаа зүйлийг олон талаас нь харж, харьцуулан амьдрал дээр арай өөр сэтгэлгээгээр ажиллаж байгаа нь анзаарагддаг. Ер нь цехийн өмнөө тавьсан зорилт амжилттай хэрэгжиж байгаа.

-Таны ажлын онцлог юу вэ?

-Манай цехэд тоног төхөөрөмжийн засварчны мэргэжлийн хүн надаас өөр байхгүй. Нэг киноны гол баатар Сэмбээ шиг бүх ажилд л гар бие оролцож явах юм даа. Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн бүх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааг ханган ажилладаг. Ер нь хүн эрхэлсэн ажилдаа эзэн болох шиг сайхан юм байхгүй. 100 гаруй нэр төрлийн төхөөрөмжийг хариуцан ажиллуулдаг. Үүний тал хувийг нь өдөр тутам ашигладаг. Карьер дээр үйлдвэрлэл явуулахаар том бутлуур ч манай хүрээлэнд байна. Үүнийг зайлшгүй солих шаардлагатай. Одоо техник технологи хөгжөөд ширээний тал шиг бутлуурт туршилт судалгааны ажил хийж байна ш тээ. Энэ нь ажлын бүтээмж ч өндөр байх жишээтэй. Миний санаачилж хийсэн юм ажилчдын өдөр тутмын ажилд үр өгөөжөө өгч байх сайн үйлс хийхийг зорьдог.

-Мартсанаас мал мэнд үү гэгчээр та аль аймгийн хүн бэ?

 -Би Дорнодынх.

-Таны сэтгэлд үлдсэн гэгээн дурсамж байх юм уу?

-Байлгүй яах вэ. Аав маань тээврийн жолооч байлаа. Зун аавтайгаа холын тээвэрт явна. Аавдаа тусална, машин барина. Ингэж л би багаасаа хөдөлмөрийн амтанд орсон. Тэр үеийн жолооч нар машинаа засна, ачигч хийнэ. Би аавынхаа буянд 10 гаруй аймгаар явж үзсэн. Монгол орны хангай говиор хэрэн явсан байна. Баян-өлгий аймгийн Цагаан нуурын дамжилга бааз хүртэл орсон гээд бод. 

-Та нэлээн аж ахуйч хүн бололтой. Тийм үү?

-Би гудамжинд нэг боолт хэвтэж байвал аваад хармаалчихдаг. Хэзээ нэгэн цагт хэрэг болно. Тэгээд ч хүссэн бүхэн боолт хийж чадахгүй. Иймээс ашиглаж болох зүйлийг хаяж болохгүй. Манайхан цагаан тоосыг их хөндөж ярьдаг. Үйлдвэрлэлийн олон дамжлагаар шигшигдээд гарсан тэр элсийг ашиглаж болно. Бетонон хашааны нэг жижиг үйлдвэр байгуулаад элсээ, цементтэй холиод  бүтээгдэхүүн гаргаж яагаад болохгүй гэж.

-Таны ажлыг ямар хүн орлон ажиллаж чадах вэ?

  -Тэр хүн цахилгааны, слесарийн, засварчны хос мэргэжилтэй боловсон хүчин байхыг миний ажлын орчин шаардана. Дээр нь ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх ёстой. Ийм залуу боловсон хүчинд эрхэлсэн ажлаа өвлүүлэх сэн гэж боддог доо.

-Таны бодлоор үйлдвэрлэлд хэрэгцээтэй сэлбэг хэрэгсэл, бараа материалыг цаг хугацаанд нь нийлүүлж чадаж байна уу?

 -Энэ хангамжийн зарим шат дамжлагыг болиулчихаж болдоггүй юм болов уу. Тухайлбал, бүтээмж өндөртэй бутлуур авъя гэхэд үйлдвэртэй нь шууд харьцаад авчих ёстой. Одоо юм хөгжчихсөн байна ш дээ. Тэгэхээр заавал тендер зарлан, гэрээ хийгдэж цаг алдах юм. Нөгөө шалгарсан тендерийнх нь дагуу тэмээ захиалахад ямаа ирэх тохиолдол ч байна. Иймээс бүтцийн нэгжүүдийг хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хурдан шуурхай хангахад анхаарах хэрэгтэй.

-Манай үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, хувцасны хангалт хэр байна вэ? 

-Маш сайн. Ярих юм байхгүй. Харин заавар журмын дагуу ажлын талбар дээр манай ажиллагчид хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээ хэрэглэж хэвших хэрэгтэй. Хүндрэлтэй зүйл бол зарим нэг мэргэжлийн багаж хэрэгсэл дутагдах тал бий. Жижиг цех болохоор захиалгад орохгүй хаягдах тал байгаа. Тээвэр ложистикийн төвөөр цехийнхээ удирдлагуудтай яваад хэрэгцээтэй зүйл таарвал авах жишээтэй. Тэгэхээр тухайн цех фондтой баймаар юм шиг санагддаг. Хэрэгцээтэй зүйлээ тэндээсээ аваад ажлаа хийвэл цаг хугацаа хожно.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close