Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Энэ сарын 13-ны өдөр Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Шархад дахь хээрийн сургалтын нэгдсэн төвд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Цэргийн их, дээд сургуульд суралцах сонсогчид болон Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудад офицер, ахлагчийн албан тушаалд туршилтын хугацаанд томилогдон ажиллаж буй бүрэлдэхүүний цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Баасандамба, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан нарын хүндэт зочид, цэргийн тангараг өргөж буй бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөллүүд оролцлоо.
Цэргийн тангараг өргөсөн сонсогчдод хандаж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ “Гадаадын цэргийн сургуульд суралцахаар хилийн чанадыг зорьж буй та бүхэн эрдэм, мэдлэгт шамдан суралцаж, ихийг сурч ирээд Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, Батлан хамгаалах салбартаа ихийг хийж бүтээнэ гэдэгт бид итгэл төгс байна. Та бүхэн гадаадын их, дээд сургуулийн сургалтын тогтолцоо, түүний хөтөлбөр, тавигдах шаардлагад өөрсдийгөө нийцүүлэх хэрэгцээ бий болоод байгааг бид мэдэж байгаа. Хэлний мэдлэгээ сайжруулан өөрсдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн хариуцлагатай байж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваарай” гэж захив. Тэрээр үргэлжлүүлэн Батлан хамгаалах бодлогын шинэчлэл болон дээд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Цэргийн сургуулийн сонсогчдыг суралцах хугацаанд нь тэдэнтэй байнгын холбоотой байж боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг нь яамны удирдлага бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг онцолсон юм.
Цэргийн тангараг өргөсөн сонсогчид дээрх хоёр улсын талаас цаг үеийн нөхцөл байдал сайжирч, сургалт хэвийн явагдах хүртэлх хугацаанд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дамжаанд суралцах аж.