НийтлэлЭдийн засагОнцлохШинэ мэдээ

Монгол Улс өрийн хэмжээгээр 70 дугаарт жагсаж байна

Монгол Улсын нийт гадаад өр 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 30.5 тэрбум ам.долларт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 232%-д хүрлээ. Ингэснээр өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж, ард иргэд өрийн дарамтанд орох эрсдэлтэй байна гэсэн ташаа ойлголт гарч байгаа учраас энэ талаарх мэдээллийг нэгтгэн хүргэхээр шийдлээ.

Бид нийт гадаад өрийн дотоод эдийн засагт үзүүлэх нөлөөг ярихын тулд эхлээд тэрхүү гадаад өрийн зээлдэгч нь хэн бэ гэдгийг авч үзэх шаардлагатай болж байна. Ингэхийн тулд нийт гадаад өрийг салбараар авч үзье. Одоогоор нийт 30.5 тэрбум ам.долларын гадаад өрийн 30%-ийг улсын сектор буюу Засгийн газар (7.2 тэрбум ам.доллар) болон төв банк (2.0 тэрбум ам.доллар)-ны бүрдүүлж байгаа бол үлдсэн 70%-ийг хувийн секторын аж ахуйн нэгж, иргэдийн авсан санхүүжилт бүрдүүлж байна.

Зураг 2. Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл, /тэрбум ам.доллар/

Эх сурвалж: Монголбанк

ОУВС-гийн гишүүн орнуудын 2019 оны албан ёсны статистикаас харахад нийт 122 улсаас манай улсын өрийн хэмжээ 70 дугаар байранд жагсаж байна.  Дэлхийд муугаараа тэргүүлээд байгаа хэрэг биш гэсэн үг. Бусад улсуудын зөвхөн Засгийн газрын гадаад өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд нь харьцуулахад Япон 198%, Грек 194%, Португали 123% гэх мэтчилэн байгаа бол Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 2018 онд 59%, 2020 онд 53.6 болж буурчээ.

Зураг 1. Улсуудын Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа, 2018 он

Эх сурвалж: ОУВС

Өөрөөр хэлбэл татвар төлөгчид хамаарах, улсын төсвөөс төлөх дүн нь зөвхөн Засгийн газрын өрийн үлдэгдэл буюу 7.2 тэрбум ам.доллар (нийт өрийн 24%) юм. Дэлхийн улс орнуудын засгийн газар гадаад өрийн санхүүжилтийг үндсэн хоёр шалтгааны улмаас авах тохиолдол байдаг. Нэгдүгээрт богино хугацаанд төсвийн алдагдлаа нөхөх, хоёрдугаарт төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэх. Энэ төрлийн санхүүжилтийн өрийн үйлчилгээг улсын төсвөөс эргэн төлдөг гэдэг утгаараа тухайн улсын ард иргэдийн амьдралд үзүүлэх шууд нөлөө их. Харин хувийн салбарын гадаад өрийн үлдэгдэл болох 21.3 тэрбум ам.долларын 10.7 тэрбум ам.доллар буюу 50.2%-ийг гадаадын шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн компани хоорондын зээллэг, 10%-ийг банкны салбар, 40%-ийг бусад салбарын өрийн санхүүжилт бүрдүүлж байна.

Засгийн газрын өр ба эрсдэл

Аливаа улсын хувьд гадаад өрийн зохистой санхүүжилт нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх, богино хугацааны төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх давуу талуудыг бий болгодог. Харин улс орнууд төсвийн бодлогын орон зайг тогтвортой байлгах, төсөв дээр ирэх өрийн үйлчилгээний дарамтыг бага байлгахын тулд засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг урт хугацаанд тогтвортой түвшинд барихыг зорьдог.

Монгол Улстай ижил орлогын ангилалд байдаг болон манайхаас өндөр орлоготой нийт 28 улсын тоон мэдээллээс үзэхэд улс орнуудын хувьд төсвийн бодлогын орон зайг хангах, төсөвт ирэх өрийн үйлчилгээний дарамтыг бага түвшинд барихын тулд засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг урт хугацаанд 60%-иас хэтрүүлэхгүй барихыг зорьдог гэсэн үр дүнг ОУВС-гаас гаргасан. Монгол улсын хувьд энэ харьцаа 2018 онд 59% байсан бол 2020 оны байдлаар 53.6% болж буураад байна (Зураг 3).

Зураг 3. Дэлхийн улсуудын өрийн тогтвортой байдлын урт хугацааны зорилт

Эх сурвалж: ОУВС

Засгийн газрын өрийн бүтцийн хувьд 2021-2024 онд төлөгдөх гадаад бондууд 2,488 сая ам.доллар байгаа бол үлдсэн дүнг харьцангуй урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Төв банкны хувьд Хятадын Ардын банкинд (ХАБ) төлөх 1,692 сая ам.долларын своп хэлцлийн хугацаа 2020 оны 8 дугаар сард дуусах ба Монголбанк болон ХАБ-ны зүгээс гэрээний хугацааг 2023 он хүртэл сунгах тохиролцоонд хүрээд байна.

Зураг 4. Улсуудын ЗГ-ын өр, ДНБ-ий харьцаа, 2018 он

(Зураг 4).                                                             Эх сурвалж: Монголбанк

Хэдийгээр тоон утгын хувьд ийнхүү нэмэгдэж байгаа хэдий ч бид өрийн эрсдэлийг үнэлэхийн тулд нийт эдийн засагт харьцуулсан харьцааг чухалчилж авч үзэх хэрэгтэй. ОУВС-гаас улс орнуудын өрийн харьцааг хамгийн сүүлийн байдлаар харуулсан дүнгээс үзэхэд 2018 оны байдлаар Монгол Улс нийт 168 орноос 61 дүгээр байранд (ЗГ өр/ДНБ-ий харьцаа 59%) байна

Хувийн салбарын гадаад өр, түүний онцлог

Монгол улсын эдийн засаг уул уурхайд түшиглэж ирсэн цагаас хойш энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулагч толгой компаниасаа зээлийн санхүүжилтийг ихээр авах болсон нь хувийн салбарын гадаад өрийн өсөлтийг тайлбарлах гол хүчин зүйл болсон.

Нийт хувийн салбарын гадаад өрийн сүүлийн 10 жилийн өсөлтийн 45%-ийг шууд хөрөнгө оруулагчийн зээл дангаар бүрдүүлж байгаа. Энэ 2020 оны байдлаарх нийт гадаад өрийн үлдэгдлийн 35%-тай тэнцэж байгаа юм. Шууд хөрөнгө оруулагчийн зээлийг өрийн хэрэгсэл гэхээс илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл гадаадын толгой компаниас Монгол дахь охин компанидаа оруулж буй дүрмийн сангаас гадуурх санхүүжилтийг энэ ангилалд бүртгэдэг. Иймд энэ төрлийн зээл нь хүүний түвшин ихэвчлэн 0%, эргэн төлөх нөхцөл нь тухайн компанийн ашигт ажиллагаанаас хамаарч уян хатан тогтдог, хугацааны хувьд харьцангуй урт байдаг зэрэг давуу талуудтай санхүүжилтийн хэлбэр юм.

Зураг 5. Хувийн салбарын гадаад өрийн өсөлт, сая ам.доллар

Арилжааны банкуудын хувьд хямд өртөгтэй гадаад валютын эх үүсвэр татан төвлөрүүлснээр банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг хэвийн түвшинд хадгалах, хөрвөх чадвараа нэмэгдүүлэх давуу талуудтай. Энэ нь эргээд Монгол улсын нийт банкны салбарын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэсэн үг юм. Одоогийн байдлаар банкны салбарын гадаад өр нийт гадаад өрийн 7%-ийг бүрдүүлж байгаа нь харьцангуй эрсдэл багатай гэж хэлж болохоор байна.

Н.БАТТҮШИГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close