Европын холбооны хар жагсаалт яагаад богино вэ?

Европын хууль дүрмийг сахин мөрддөг нэгдсэн зах зээлд мөнгө угаах аюултай гэж үзэж буй нүгэлт 20 улсын улсын хар-цагаан түүхийг өнгөрсөн долоо хоногт Европын Холбоо гаргаж ирэв. Гэтэл Европын Холбооны мөнгө угаах бодит түүх бол илүү түвэгтэй юм.
Гэмт хэргийн эсхүл терроризмын хөрөнгийг европын зах зээлд нэвтрүүлэх өндөр эрсдэл бүхий 20 улсыг Европын холбоо 5 дугаар сарын 7-ны өдөр нэрлэн зарлав. Эдгээрт героины тэргүүлэгч экспортлогч Афганистаныг оруулсан байна. 2016 онд Панамын баримт бичгийг дэлгэж байсан Панам Улсыг Европын холбоо мөн жагсаалтад оруулжээ. Бусад 18 гэмтнүүдэд: Багамын арлууд, Барбадос, Ботсван, Камбож, Гана, Ирак, Ямайк, Маврик, Монгол, Мьянмар, Никарагуа, Пакистан, Сири, Тринидад ба Тобаго, Уганд, Вануату, Йемен, Зимбабвэ оржээ. Энэ нь эдгээр улсын шилжүүлгийг Европын холбооны банкууд нарийн шалгана гэсэн үг юм.
Энэхүү жагсаалтаас Европын холбооны 27 улсыг буюу процессыг зохицуулж буй Европын холбооны хуулийн дагуу Исланд, Лихтенштейн, Норвег зэрэг улсыг автоматаар хассан юм. 59 хуудас бүхий техникийн аргачлалд үндэслэн хар жагсаалтыг гаргасан хэмээн албаныхан мэдэгдсэн. Түүнчлэн Парист төвтэй мөнгө угаахтай тэмцэх Засгийн газар хоорондын бүлэг – ФАТФ-ын шийдвэр, аргачлалд үндэслэсэн гэсэн. Гэхдээ Европын холбооны хар жагсаалт жил бүр шинэчлэгддэг, цэвэр нотолгоонд үндэслэгддэг гэдэг нь өнгөрсөн жил улс төрийн шалтгааны улмаас Саудын Арабыг хассан шийдвэрээр үгүйсгэгдсэн. Комисс дэлгэрэнгүй, албан хэрэгцээний баримтад үндэслэн өнгөрсөн нэгдүгээр сард нефтийн хаант улсыг жагсаалтад оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн боловч хэдэн долоо хоногийн дараа Европын холбооны улсууд өрнөдийн геополитикийн түншээ хамгаалах үүднээс энэхүү шийдвэрт вето тавьсан. Мөн тэд дэлхийн тавцанд Европын зарчмын гол холбоотон АНУ буюу америкийн Самоа, Гуам, Пуэрто Рико, Виржиний арлуудад мөн вето тавьжээ.
Улс төрийн нөлөөлөл үүнээс ч цааш үргэлжлэх аж. Комисс 2018 онд 54 улсад эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан. Энэхүү урт жагсаалтад БНХАУ, хятадын Хонгконг болон Макао, ОХУ, АНУ-ыг өөрийг нь буюу АНУ-ын санхүүгийн диваажин гэгдэх Делавер муж зэрэг багтдаг. Английн ивээлд багтдаг Английн Виржинийн арлууд, Кайманы арлуудаас гадна Европын холбооны ойрын нөхөд болох Андорра, Монако, Сан Марино, Щвейцари зэргийг нэрлэсэн. Мөн Европын холбооны газрын тосны нийлүүлэгч болох Азейрбежан Улс болон АНУ-ын холбоотон болох Сингапурыг нэрлэсэн. Эцэст нь Европын холбооны хэлж буйгаар аргачлалын шалтгааны улмаас эдгээрийн нэгийг ч жагсаалтад оруулаагүй юм.
Гэтэл энэ салбарын мэргэжилтнүүдийн дунд эдгээр улс нь мөнгө угаах халуун цэгүүд гэгддэг. Европын холбооны бараг бүх мөнгө угаахтай холбоотой шуугиан ОХУ болон хуучин ЗСБНХОУ-ын бүс нутгаас гаралтай хэмээн Английн Лестерийн их сургуульд эдийн засгийн ухаан заадаг, Кипр Улсын Төв банкны ерөнхийлөгч асан Паникос Деметриадес Еврообзерверт өгсөн ярилцлагадаа дурьдав. Лондон хот, Лихтенштейн зэрэг нь мөнгө угаах халуун цэгүүд байсныг ФАТФ-ын шинжээч асан, одоо мөнгө угаахтай холбоотой ном бичиж буй Мишель Коутоузис тэмдэглэсэн.
“Хэрэв санхүүгийн системийг цэвэрлэх нь гол зорилго бол Европын холбооны жагсаалт нь сул бөгөөд ач холбогдолгүй юм” хэмээн английн Хермитаж Капитал хедж[2] сангийн ерөнхий захирал Бил Браудер ярив.
Хачирхалтай түүх
Европын холбооны улс өөрсдийгөө энэхүү жагсаалтаас автоматаар хассан нь нэг зүйл өгүүлж буй юм хэмээн шинжээчид онцолсон. Австри, Кипр, Эстон, ХБНГУ, Латви, Литв, Люксенбург, Голланд, Мальт зэрэг улсын банкны салбар мөн л мөнгө угаадаг гэгддэг. “ОХУ-аас гарч буй мөнгөний урсгал ихэнхдээ Кипр, Балтын тэнгисийн орнуудаар дамжин өнгөрдөг” хэмээн ОХУ-аас шамшигдуулсан 200 сая еврогийн мөрөөр мөшгих явцад Европын холбооны түүхэн дэх хамгийн том мөнгө угаасан схем буюу 2018 оны Дойче банкны 200 тэрбум еврогийн хэрэгт хүргэснийг Браудер тэмдэглэсэн.
Европын холбооны хар жагсаалт “сул” байсны нэг шалтгаан нь зорилго байгаагүйнх хэмээн ФАТФ-ын шинжээч асан Коутоузис онцолсон. Жагсаалтыг “санхүүгийн системийг сайжруулах бус харин хар тамхины мөнгөний урсгалын крантыг бага зэрэг хааж жижиг улс орнуудад дарамт үзүүлэх” зорилготой боловсруулсан хэмээн тэрээр онцолсон. “Хэрэв та бүхэн хар тамхи болон бие үнэлэх асуудалтай тэмцэхэд бага зэргийн хүчин чармайлт гаргавал бид санхүүгийн луйврын асуудал буюу санхүүгийн диважингийн сонголтыг, тухайлбал, английн Виржиний арлуудад, өгч буй юм” гэжээ. Мөн “бид жижиг худалдаачдын бус том компанийн мөнгийг угаах боломж олгож буй юм. Зарим нь энэ тоглоомонд оролцдог, зарим нь үгүй юм.” хэмээн тэрээр нэмж ярив. “Европын холбооны жагсаалтад ОХУ-ыг хэзээ ч оруулахгүй юм. Учир нь залгихад дэндүү том бөгөөд оросын банкууд дэлхий даяр ажиллаж байна.” хэмээн Коутоузис онцолсон. “Яагаад Хонконгыг нэрлэж болохгүй гэж? яг л ижилхэн яагаад гэвэл бид БНХАУ-тай дайтахыг хүсэхгүй” хэмээн тэрээр ярив. Европын холбооны болон ФАТФ-ын хар жагсаалтын сул байгаагийн үндсэн шалтгаан нь системийн шинж чанартай гэж франц шинжээч үзэж байна. Бодит гэмт хэргийн мөнгөний мөрийг мөшгих боломжгүй, эсхүл үнэт цаасны зах зээлээс болж жагсаалтыг ашиглахгүй байх боломжгүйг тэрээр онцлов.
Европын холбооны улс төдийгүй БНХАУ, ОХУ, эсхүл АНУ-д ч тэр эдгээр улсын эдийн засагт санхүүгийн чөлөөт урсгалыг хангах санхүүгийн бүс нутгууд шаардлагатайг тэрээр онцолсон. Үнэт цаасны зах зээл дэх луйвар хэрхэн явагдах вэ? гэвэл БНХАУ дахь банк хууль ёсны хэдэн сая долларыг хар тамхины орлогоос олсон гэмт хэрэгтнүүдийн мөнгөтэй холин корпоратив болон бие даасан үнэт цаас худалдан авдаг. “Банк шинэ пот[3] байгуулдаг ба ингэх явцад сангуудын бүрэлдэхүүн хэсгүүдийн өвөрмөц шинж чанарыг алддаг” хэмээн Коутоузис ярив. Банк нь азийн санхүүгийн зах зээл дээр холимог пот/хувьцааг бусад санхүүгийн хэрэгслүүдээр солих нөхцөлд мөнгөний мөрийг мөшгих бүр хэцүү байдаг. Ойрхи дорнодын зах зээл сэрэнгүүт эдгээр хэрэгслүүдийг худалдаж, дахин нар мандахаар мафийнхний сангийн дуртай газар болох Лондонд арилждаг.
Том санхүүгийн диваажингийн бүс нутгуудыг хаах бүү хэл эдгээр нь дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд дэндүү чухал юм хэмээн Коутоузис ярив. “Оффшор банкны төвүүдийг мафи, мөнгө угаагчид бус улс орнууд байгуулсныг та бүхэн санах ёстой. Эдгээр бүс нутгаар дамжиж буй мянга мянган тэрбум ам.доллар нь хэвийн эдийн засагт буцаж орж болно” гэж тэрээр онцлов. “Бид бий болгосон зүйлээ мафийнхан ашигласнаас болж буруутгаж болохгүй” гэж тэрээр нэмж ярисан болно. “Хэрэв бидэнд бодит хар жагсаалт (мөнгө угаах) байсан бол дэлхийн улс орнуудын тэн хагас нь түүнд байх байлаа” гэв. Мөнгө угаах нь дэндүү хэвийн, дэндү ашигтай тул банкууд жилийн төсвөөс хэсгийг нь торгууль төлөх зорилгоор хадгалж байдаг ба нотлох баримттай баригдсан ч олон нийтэд энэ нь хамаагүй байдаг соёлын систем Европын холбооны зарим улсад бий болжээ. “Ихэнхи газарт бид нүлээ аниад, банкууд торгуулиа төлөөд бүгд аз жаргалтай. Ямар нэгэн банкийг мөнгө угаасан асуудлаар торгууль ногдуулсан нь голландчуудад сонирхотой гэж та бодож байна уу?” гэж Коутоузис ярив.
Кипр Улсын Төв банкны ерөнхийлөгч асан Деметриадес нь Коутоузистэй ерөнхийдөө санал нэг буйгаа илэрхийлэв. 2013 онд оросууд эргэлзээтэй мөнгө Европын холбоонд буюу Киприйн банкаар дамжуулан сэжигтэй гүйлгээ хийх гэсэн сонирхолтой байхад нь тэрээр эсэргүүцэхэд Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадес утасдаж байсантай таарч байсан түүхтэй. Ерөнхийлөгч Анастасиадес тухайн үеийн төв банкныхаа ерөнхийлөгч рүү утас цохиж “дарамт үзүүлж” гүйлгээг хориглоод байгааг болихыг “тодорхой нэр томьёолол ашиглан илт заналхийлсэн” хэмээн Деметриадес Euобзерверт мэдэгдсэн. “Мөнгө угаах жинхэн бодит асуудал нь Европын холбооны гишүүн улс орнуудын түвшинд оршдог” хэмээн тэрээр ярив.
Европын холбооны санхүүгийн засаглалын талаар шинжлэх ухааны нийтлэл бичсэн Деметриасын хувьд бол улс төрийн болон системийн хүндрэлүүдийг үл хамааран аль болох олон хүн хариуцлагад татдаг байсан бол бага ч болтугай цэвэр байх байсан. Хуулийн үйлчлэлд банкны ажилтнуудыг хамааруулахыг бодолцон тэрээр “Хувь хүнд хариуцлага ногдуулдаг хуулийг бид ашиглах хэрэгтэй” гэв. “Хэрэв банкууд үүнд илүү мөнгө төсөвлөөд хийж байсан зүйлээ үргэлжлүүлээд байвал томоохон санхүүгийн байгууллагуудад торгууль ногдуулах нь ямар утга учиртай юм бэ?” гэж тэрээр нэмж ярив. “Санхүүгийн хямралд (2008 он) буруутгагдаж байсан хүн хангалтгүй байсан. Хэрэв бид хувийн хариуцлагатай байсан бол бид арай бага асуудалтай байх байсан.” хэмээн Деметриас хэлсэн.
Европын холбоо зорилготойгоор санхүүгийн диваажин бус гэмт хэргийн мөнгөний мөрөөр явах хандлагыг барих ёстой талаар Коутоузис зөвлөсөн. Мөн авлигын асуудалд холбогдсон гадаадын этгээдэд виз олгохыг хориглох, хөрөнгийг нь царцаахыг Браудер онцолсон. Нөгөө талаас комисс “мөнгө угаахтай тэмцэх Европын холбооны зохицуулалт ихээхэн амжилтад хүрсэн, ялангуяа Хойд Европ, Балтын орнууд ч зарим нэг сул талууд байгааг хүлээн зөвшөөрсөн” байгааг тэмдэглэв.
Европын холбооны өнгөрсөн долоо хоногийн хар жагсаалтыг комиссар Владис Домбровски зарласан ба тэрээр өөрөө нөхцөл байдлыг цэвэрлэх гэж оролдсон хэмээн комисс мэдэгдсэн юм. Гэтэл хариуцлагатай удирдлагыг уриалж буй Домбровскигийн өөрийнх нь ажил хөдөлмөрийн намтар төдийлөн Европын холбооны гялалзсан баатар шиг бус юм. 48 настай тэрээр Латвийн ерөнхий сайдын албыг 2009-2014 оны хооронд хашиж байсан. Оросын мафитай холбоотой зээлдэгч Парекс банкны маргаантай асуудлын ажиглагч байсан. Үүний дараа Латвийн төв банкны ерөнхийлөгч оросуудаас хээл хахууль авсан гэсэн асуудал Домбровскийг алба хашиж байхад гарч байсан. Ямартаа ч 2008 оноос 2014 оны хооронд Латви Улсаар дамжин оросын гэмт хэргийн 200 сая евро Европын холбоонд орсон гэдгийг Браудер банкуудын баримт бичигт үндэслэн тооцсон байна. Хэн ч Домровскийг ямар нэгэн асуудалд буруутгаж байгаагүй
Шэньси мужийн коммунист намын хорооны дарга асны хээл хахууль авсан хэргийн шүүх хурал болов
Шэньси мужийн коммунист намын хорооны дарга, мужийн хурлын дарга асан Зао Зэнгёонгийн хээл хахууль авсан хэргийн шүүх хурал Тянжины Ардын анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гаригт эхлэв. Зао нь 2003-2018 оны хооронд эрхэлж байсан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсөл хэрэгжүүлэх гэрээ, хэлэлцээр хийх зэрэг бизнес болон бусад асуудлаар буюу албан тушаал дэвших, шилжин ажиллахаар бусад байгууллага, этгээдэд давуу байдал олгосон хэрэгт буруутгагдаад байгаа юм. Зао нь 717 сая юань (101.32 сая ам.доллар)-ийн хээл хахууль авсан ба үүнээс 291 сая юанийг нь авч амжаагүй хэмээн прокурор мэдэгдсэн байна. Шүүх хурлын явцад Заогийн хээл хахууль авсныг нотлох баримтуудыг прокурорууд гаргаж эдгээртэй өмгөөлөгчид танилцан хоёр тал өөрсдийн санаа бодлыг илэрхийлж мэтгэлцэв. Зао буруугаа хүлээсэн ба шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна. Шүүх хуралд хуульчид, улс төрийн зөвлөхүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн болон олон нийтийн төлөөлөл оролцов.
Конго Улсын Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга хээл хахууль авсан асуудлыг шүүх хурлын эхэнд үгүйсгэв
Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгчийн ойрын хүн болох Камерегийн улсын төсвийн 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө шамшигдуулсан хэргийн шүүх хурлын явцыг үндэсний телевизээр шууд дамжуулж байна. Өндөр түвшний авлига ихээхэн түгээмэл Конго Улсад Витал Камере нь хээл хахуулийн асуудлаар шүүх дээр ирээд буй хамгийн өндөр албан тушаалтан болж байна. Тэрээр ирэх 2023 оны ерөнхийлөгчийн сонгуульд дэмжинэ гэсэн Феликс Цисекедийн амлалтын дагуу ерөнхийлөгчийн 2018 оны сонгуульд түүнийг дэмжсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд болсон түүний баривчилгаа нь тус улсыг засгийн эрхэнд буй улс төрийн эвслийг цочролд оруулсан асуудал байв. Хэрэв Камере нь буруутайд тооцогдвол 20 хүртэл жилийн хорих ял авах ба дараагийн сонгуульд оролцох боломжгүй болох юм.
Шүүх дээр ерөнхийлөгч Цисекедийн нийгмийн халамжийн санхүүжилтийн хүрээнд 100 өдрийн хөтөлбөрийн хөрөнгөд гар хүрээгүй хэмээн 61 настай Камере мэдэгдсэн. “Конго Улсын ард түмний боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын хэрэгцээг хангахад чиглэгдсэн ажлууд хэрхэн явагдаж буйд би ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс хяналт тавьж оролцсон” хэмээн тэрээр мэдэгдсэн. Түүнээс гадна хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан тус асуудалд холбогдоод буй юм. Камерэгээс гадна Ливан Улсын бизнес эрхлэгч, Цисекедийн ахлах туслах Жеанот Мухима нар тус хэрэгт холбогдоод байна. Тэрээр буруугуй хэмээн мэдэгдэж байгаа ба шүүх хурал 5 дугаар сарын 25-нд үргэлжилнэ. Камере нь батлан даалтад гарах хүсэлт тавьсан тул шүүх 48 цагийн дотор энэ талаар шийдвэр гаргах ёстой болоод байна. Үндэсний ассамблейн дарга асан Камерегийн баривчилгаа нь түүний Цисекедийнтэй байгуулсан эвслийн гүнзгийн ан цавыг ил болгов. Цисекедийгийн боломжит өрсөлдөгчөө устгаж буй асуудал хэмээн зарим нэг Камерегийн хамтрагчид мэдэгдэв. Ерөнхийлөгч үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй. Авлига ихээхэн түгээмэл байсан өмнөх ерөнхийлөгч Жосеф Кабилагийн үетэй харьцуулахад тус шүүх хурал Цисекедийгийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэлийг илэрхийлнэ хэмээн авлигын эсрэг тэмцэгчид тэмдэглэж буй юм. Зэс, кобальт, алтны асар их нөөцтэй Конго Улс нь дэлхийн хамгийн ядуу улс орны нэг бөгөөд дотоодын болон гадаадын байгууллагууд тус улсын төрийн өндөр түвшнийхэн авлигад ихээр автсаныг нэг бус удаа онцолж байсан.
Сахилгын хяналт шалгалтын дагуу авлигын 139 тохиолдлыг илрүүлэв
Суурьшлын асуудал, ус хангамж, ариутгалын яаманд авлигын 139 тохиолдол гарсныг сайд Линдивэ Сисулу өнгөрсөн лхагва гаригт мэдэгдэв. Тус яамны хэд хэдэн газрын хийсэн сэжигтэй зарлагын улмаас 6 тэрбум ранд[1]-ын хөрөнгө алдсаныг Ерөнхий аудиторын шалгалтаар тогтоосон байна. Буруутай этгээдийг ажлаас чөлөөлнө хэмээн Сисулу мэдэгдсэн ба түүний баг тус яаман дахь авлигын асуудалтай тэмцэж буй юм. “Бидний хүсэж буй хэмжээнд ажиллахын тулд буруугуй нэгний ажлыг нь хийлгэж, буруутай этгээдэд зохих шийтгэлийг ногдуулж цэвэрлэх шаардлагатай” хэмээн тэрээр мэдэгдсэн ба хяналт шалгалтын дагуу 139 албан тушаалтан буруутай нь тогтоогдсон байна. “Эдгээр сэжигтэй үйл ажиллагаанд буруутайд тооцогдсон этгээдүүдээс заримынх нь хэргийг шалгах, заримыг нь ажлаас халах, цалингүй гурван сарын хугацаатай ажлаас нь чөлөөлөх зэрэг арга хэмжээ авсан, харин зарим нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” хэмээн Ерөнхий захирал Скуэр Махлангу мэдэгдэв.
Булакан тосгоны 3 албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ
Ковид 19 өвчинд нэрвэгдсэн иргэдэд олгож буй мөнгөн тусламжийг хуваарилах явцад хээл хахууль авсан асуудалд Булакан дахь тосгоны 3 албан тушаалтнуудыг буруутгаад байна. Мөдөн шалгах үндэсний товчооныхон Кагавад Данило Флорес, Ричард Баутиста болон түүний эхнэр Жейсон Мендоза нарт авлига, хээл хахуулийн хэрэг нээгээд байна. Тусламжийн 6500 песогоос хувь нэхсэн тухай гурван гомдол гаргагч хандсан талаар Мөрдөн шалгах үндэсний хорооныхон мэдэгдсэн байна. Тэдний мэдэллээр Флорес 4000 песо нэхсэн гэсэн ба гэрчүүдийн мэдүүлгээр тэрээр 117000 песо авч Баутиста болон түний эхнэрт дамжуулсан гэсэн байна. Гэрчүүдийн мэдүүлгээр Мендоса нь өөрийн албан тушаалтны хийж буй үйлдлийг мэдэж байсан хэмээн Мөрдөн шалгах үндэсний хорооны мэдэгдэлд дурьджээ. Иймд Дотоод хэргийн яамнаас гамшгийн үеийн тусламжийн хөрөнгийн муу зарцуулалтыг сайжруулах талаар 43 орон нутгийн захирагчид тушаал явуулахаар болжээ. Дэлхийг хамарсан хямралын үед ядуу, эмзэг өрхүүдэд зориулсан нийгмийн халамжийн хөтөлбөрийн хөрөнгийг ашигласан албан тушаалтнуудыг баривчлах, хэргийг шалгах талаар засгийн газраас тусгйлан чиг үүргийг хүргүүлээд байгаа юм. Нийгмийн халамж, хөгжлийн газрын мэдээллээр энэхүү хөрөнгийн хуваарилалттай холбоотой 183 албан тушаалтан авлигын асуудлаар шалгагдаж байгаа аж. Авлига, хүний нөөцийн дутмаг байдлын улмаас гэсэн шалтгаантайгаар Ерөнхийлөгч Родриго Дэтерте нарийн бичгийн даргадаа үүрэг өгч энэхүү нийгмийн халамжийн хөрөнгийн хуваарилалтыг бэлнээр олгоход цэргийнхний тусламжийг авч буй юм.
Олон улсын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сард авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн хамгийн чухал 10 үйл ажиллагаа
Хуулийн Моррисон ба Фоерстер компаниас энэ оны дөрөвдүгээр сард болж өнгөрсөн авлигатай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаануудаас хамгийн чухал ач холбогдолтой арвыг нь онцлон нэрлэж байна.
Нэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас авлигын эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулав.
Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус байгууллагын Хээл хахуулийн асуудлаарх Ажлын хэсгээс “Коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж байгаа дэлхий нийтийн хүчин чармайлт нь хээл хахуулийн улмаас саарах ёсгүй. Энэхүү цар тахал нь авлигад таатай хөрс суурь болж байна. Одоогоор мэдэгдээд байгаа хил дамнасан олон тооны авлигын хэргүүд эрүүл мэндийн салбарт гарсан. Хээл хахуулийн улмаас хүн амын эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл хүрэх ёстой газартаа хүрч чадахгүй байгааг анхааралдаа авах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд болон эмийн түгээлтийн үйл ажиллагаанд хууль дүрмийг чандлан сахиж, ил тод байдлыг хангах шаардлагатай байна” гэж мэдэгдсэн.
Хоёр. Италийн газрын тосны компани хээл хахуулийн хэргээ шийдүүлэх тохиролцоонд хүрэв
Италийн газрын тосны Ени С.п.А компани нь Гадаад дахь авлигын хуулийн нягтлан бодох бүртгэл болон дотоод хяналттай холбоотой заалтуудыг зөрчсөн зөрчлөө шийдвэрлүүлэхээр АНУ-ын Үнэт цаас, арилжааны комисстой тохиролцоонд хүрсэн талаар тус комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 17-нд мэдэгдэл хийлээ.
Комиссын шийдвэрт дурдсанаар Енигийн охин компани нь Алжир Улсын төрийн өмчит газрын тосны компанитай гэрээ байгуулахад тусалсан зуучлагчид 2007 оноос 2010 оны хооронд ойролцоогоор 198 сая еврог шилжүүлжээ. Энэ мөнгөний тодорхой хэсэг Алжирийн төрийн албан тушаалтанд очсон нь Италийн компанийг буруутгах үндэслэл болсон байна.
Гурав. Үнэт цаас, арилжааны комиссоос санхүүгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал асныг хээл хахуулийн хэрэгт татав
Англид байрлан үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал асан Асанте Берко нь Гадаад дахь авлигын хуулийн хээл хахуулийн эсрэг заалтууд болон холбооны үнэт цаасны хуулиудыг зөрчсөн тул хэрэгт татагдаж байгааг АНУ-ын Үнэт цаас, арилжааны комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зарлав.
Гана Улсад цахилгаан станц барих тендерийг авахад нь Туркийн эрчим хүчний компанид туслахын тулд Берко нь 2015 – 2016 онд Ганийн Засгийн газрын албан тушаалтнуудыг хахуульдах үйл ажиллагааг санаачлан зохион байгуулжээ.
Дөрөв. Эрчим хүчний компанийн борлуулалтын менежер асан гадаадын төрийн албан хаагчийг хахуульдсан хэрэгт ял сонсов
Эрчим хүчний Алстом компанийн Коннетикут муж дахь салбарын бүс нутгийн борлуулалтын менежер асан Ларри Пукетт 100 цагийн нийтэд тустай ажил хийх болон 5000 доллараар торгох ялаар шийтгүүлэв. Тэрээр Алстом компанийн гүйцэтгэх захирал асан Лоренс Хоскинс болон бусад хүмүүстэй хамтран Индонезийн Засгийн газраас зарласан цахилгаан станцын тендерт ялахын тулд тус улсын төрийн албан тушаалтнуудыг хахуульдахаар үгсэн хуйвалдсан буруутай гэдгээ 2013 онд бүрэн хүлээн зөвшөөрсөн юм.
Пукетт нь шүүх хурал дээр хамт хэрэг үйлдсэн Хоскинсийн талаар мэдүүлэг өгснөөр 2019 оны 11 дүгээр сард Хоскинсод 15 сарын хорих ял оноох боломжтой болсон юм. Коронавирусийн цар тахлын дэгдэлтийн улмаас Пукеттийн шүүх хурлыг зайнаас видеогоор явуулжээ.
Тав. Олон улсын хөлбөмбөгийн холбооны хээл хахуулийн хэрэг дээр зарим шийдвэрүүд гарав
Олон улсын хөлбөмбөгийн холбооны хээл хахуулийн хэрэгт хэвлэл мэдээлэл, спортын маркетингийн компаниудын албан тушаалтнууд нэмж татагдан, банкууд, үндэсний хөлбөмбөгийн холбоодуудын албан тушаалтнуудтай холбоотой шийдвэр гарлаа.
АНУ-ын 21 дүгээр зуун Фокс Инк компанийн Спортын маркетингийн захирал асан 2 хүн, Испанийн мэдээллийн компанийн гүйцэтгэх захирал асан, Уругвай Улсын спортын маркетингийн компанийн гүйцэтгэх захирал асан хүмүүс мөнгө угаасан, залилан мэхэлсэн болон авлигын бусад хэргээр шалгагдаж эхлэв.
Израилийн хамгийн том банк болох Банк Напоалим Б.М. болон түүний Швейцарь дахь салбар нь спортын маркетингийн компаниудаас Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан тушаалтнуудыг хахуульдахийн тулд ашигласан 20 сая долларыг угаасан хэрэгт буруутай болохоо хүлээн зөвшөөрч 20.7 сая долларыг хураалган, 9.3 сая доллараар торгууллаа.
Зургаа. Лондонгийн шүүхээс Улс төрд нөлөө бүхий этгээдийн өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргав
2018 оны 1 дүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хууль бус санхүүжилтийн тухай 2017 оны хуулиар Их Британи, Нэгдсэн Вант Улсын нутаг дэвсгэр дэхь эх үүсвэр нь тодорхой бус хөрөнгөний эх үүсвэрийг тайлбарлуулах, ингэж чадахгүй бол хураах шийдвэр гаргаж болох зохицуулалтыг бий болгосон юм.
Авлигийн хэрэгт холбогдсон этгээдээс хөрөнгөний эх үүсвэрээ тайлбарлахыг шаарддаг энэхүү зохицуулалт нь улс төрд нөлөө бүхий этгээдэд холбогдох 50 мянган фунтээс дээш хэмжээний хөрөнгөнд хамаардаг.
Энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэд хэдэн тохиолдол дээр хэрэглэсэн байна.
2020 оны 4 дүгээр сарын 8-нд Лондонгийн шүүхээс Английн Эрүүгийн хэрэг мөрдөх газраас гаргасан захирамжийг хүчингүй болгожээ. Энэхүү захирамжийг Казакстан улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевийн хамаатнуудтай холбоотой Лондон дахь гурван үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг компаниудтай холбогдуулан гаргасан байсан юм. Хууль сахиулах байгууллагын зүгээс нийт 80 сая фунтын үнэ бүхий эдгээр үл хөдлөх хөрөнгө нь хууль бус эх үүсвэртэй гэж үзсэн боловч шүүхийн зүгээс нотлох баримт хангалтгүй байна гэж үзжээ.
Долоо. АНУ-ын Хууль зүйн яам Малайзын баялгийн сангийн 300 сая долларыг улс оронд нь буцаан шилжүүлэх шийдвэр гаргав
Хууль зүйн яам 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Малайз Улсын Хөгжлийн сангаас хууль бусаар завшсан 300 сая долларыг буцаан өгч байгаагаа зарлав. Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар Малайзын Хөгжлийн сангаас ашиглан завшсан нийтдээ 1 тэрбум орчим долларыг хөрөнгийг АНУ-ын нутаг дэвсгэрт илрүүлэн битүүмжилсэн бөгөөд үүнээс 600 орчим сая долларыг Малайзад эргүүлэн өгсөн байна.
Найм. Интер-Америкийн Хөгжлийн банк Бразилийн барилгын компанид хориг тавив
Интер-Америкийн Хөгжлийн Банкны санхүүжилттэйгээр Бразилд хэрэгжүүлсэн дөрвөн төслийг гүйцэтгэх явцдаа авлигын шинжтэй үйл ажиллагаа явуулсан тул Андраде Гүтиеррез Енженариа С.А компанид тус банкнаас 37 сарын хориг тавилаа. Төслийг гүйцэтгэгчийн эрхийг олж авахын тулд Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн гэдгээ компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн бөгөөд хахуулийн хэмжээ нь 60 сая долларт хүрч магадгүй байна.
Энэ компани нь энэхүү хууль бус үйл ажиллагаанаасаа гадна өөр хэргүүдэд холбоотой бөгөөд тухайлбал “Машин угаалга” ажиллагааны дүнд илэрсэн авлигын хэрэгт холбоотой юм. 2018 онд тус компанийн өмнө үйлдсэн авлигын хэрэг дээрээ торгууль төлөх тохиролцоонд хүрч Засгийн газарт 381.5 сая доллар төлж байсан.
Ес. Азийн хөгжлийн банкнаас Авлигатай тэмцэх үйл ажиллагаа ба шударга байдлын 2019 оны тайлангаа гаргалаа
Азийн хөгжлийн банкны Авлигатай тэмцэх ба Шударга байдлын газраас 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 2019 оны жилийн тайлангаа нийтэд танилцуулав.
Тайланд тусгаснаар АХБ-аас 2019 онд тус банкны Авлигын эсрэг бодлогыг зөрчсөн үндэслэлээр 69 компани болон 62 хувь хүнд хориг тавьжээ.
Арав. Колумб Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад албан ёсоор нэгдэн орлоо
Колумб Улс 2012 оны 1 дүгээр сард Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуулийн эсрэг конвенцид нэгдэж, Хээл хахуулийн асуудлаархи ажлын хэсгийн гишүүн болоод байсан. Гэхдээ тус улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бүрэн хэмжээний гишүүнчлэлийн эрхтэй болоогүй байв.
Колумб Улс 37 дахь гишүүн улсаар болснийг тус байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 28-нд албан ёсоор зарлав. Ингэснээр Мексик, Чилийн дараа Латин Америкийн гуравдах улс тус байгууллагын гишүүн болж байна.
Украины Дэд сайдын агсны хэргийг хэрэгсэхгүй болгосон байна
Украин Улсын “Түр эзлэгдсэн газар нутаг” болон Дотоод дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дэд сайд асан Юрий Грымчактай холбоотой эрүүгийн хэргийг тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо (АТҮТ) хэрэгсэхгүй болгосон байна.
Ю.Грымчак энэ тухай өөрийн “Facebook” хуудсандаа “Авлигатай тэмцэх үндэсний товчооноос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 366 дугаар зүйлд заасан албаны бичиг баримт хуурамчаар үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир уг хэргийг хаасан” гэж 5 дугаар сарын 12-ны өдөр бичсэн байна.
Харин Ю.Грымчакын өмгөөлөгч Татьяна Матяш энэ талаар өөрөөр мэдээлсэн байна. Тэрээр Авлигатай тэмцэх үндэсний товчооноос хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн зүйл заалтаар нээсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн байна.
Украин Улсын “Верховная Рада” парламентын депутат, “Слуга народа” намын гишүүн Александр Дубинский дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөхдөө “Авлигатай тэмцэх үндэсний товчоо нь АНУ-ын ЭСЯ-ны зарим этгээдүүдийн даалгавар, зааврыг биелүүлж хууль бус мөрдлөг явуулдаг” гэсэн бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний товчооны тэргүүн Артём Сытникийг огцруулахыг уриалсан байна.
Эргэн сануулахад Ю.Грымчак урьд нь Киев хотын түүхэн хэсгийг тохижуулах ажлын зөвшөөрлийг олгохдоо 500 мянган ам.долларын хахууль авсан үндэслэлээр баривчлагдаж байсан.
Башкирт цагдаагийн ажилтанд хахууль өгсөн үндэслэлээр торгосон байна
Башкир Улсын Прокурорын газрын хэвлэл мэдээллийн албанаас цагдаагийн албан хаагчид хахууль өгөхийг оролдсон үйлдэлд 300 мянган рублийн торгууль оногдуулсан тухай 5 дугаар сарын 12-ны өдөр мэдээлсэн байна.
Белорецк хотын 42 настай иргэн ойд хууль бусаар мод бэлтгэж байсан үйлдэлд нь хойшлуулашгүй ажиллагаа явуулсан цагдаагийн ажилтанд хахууль өгөхийг завдсан байна.
Тэрээр хуулийн хариуцлагаас зугтахын тулд цагдаагийн ажилтанд 50 мянган рублийг санал болгож түүнд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэхгүй байхыг гуйсан байна.
Цагдаагийн ажилтан хуульд заасан чиг үүргийн дагуу хахууль авахаас татгалзаж удирдлагадаа тухайн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлын талаар танилцуулсан байна. Хахууль өгөхөөр завдсан уг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Уг этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнийг 300 мянган рублээр торгож, хахуульд өгөхийг завдсан 500 мянган рублийг улсын орлого болгосон байна.
Эх сурвалж: АТГ



