Байлдагчийн асуудлаар тайлбар өглөө

2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Б.Бямбадоржийг зодож, эрүүг нь хугалсан, үүнийгээ ар гэрийнхнээс нь нуусан мэтээр бичиж нийтэлжээ.

Энэхүү зөрүүтэй мэдээлэлд “Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Бямбадорж нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2019 оны II дугаар ээлжээр тус ангид татагдан ирж алба хааж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ангийн харуулд томилогдон үүрэг гүйцэтгэсэн.
Байлдагч Б.Бямбадорж нь 24.00-02.00 цагийн хооронд тайван цагийн байлдааны үүрэг болох харуулын цэг дээр цагийн манаачийн үүрэг гүйцэтгэх үедээ “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-ийг зөрчин харуулын цэгээ дур мэдэн орхиж явсан. Ангийн харуулын манаа халагч дэд түрүүч Р.Баднаанямбуу цагийн манаачийг халалцахаар зарим харуулчдын хамт харуулын цэгт очиход цагийн манаач байлдагч Б.Бямбадорж байгаагүй бөгөөд тэрээр ангийн тавиуланд байрлах нураасан барилгын дотор унтаж байсныг олсон байна.
Улмаар манаа халагч, дэд түрүүч Р.Баднаанямбуу байлдагч Б.Бямбадоржийг харуулын цэгээ орхин унтлаа хэмээн харилцааны зөрчил үүссэн. Өдгөө тухайн хугацаат цэргийн алба хаагч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал сайн, энэ сарын 15-ны өдөр эмнэлгээс гарна. Уг асуудлыг Ховд аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Холбогдох албан тушаалтануудад хариуцлага тооцох болно. Ер нь ийм асуудал гарсан нь харамсалтай байна. Энэ бол байж болохгүй асуудал юм.
Цаашид “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” болон холбогдох дүрэм, журмыг мөрдөж, аюулгүйн арга хэмжээг сахиж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт дарга нарт үүрэг болголоо” гэж Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер, ахлах дэслэгч Д.Болормаа мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэхдээ “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээллүүд гарч байна. Хэрэг шалгаж байгаа цагдаагийн байгууллагаас товч мэдээлэл өгье. Энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр Ховд аймагт оршин суух Э гэдэг иргэнээс байлдагчийн биед гэмтэл учирсан талаар өргөдөл ирсэн. Үүний дагуу Ховд аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт нээн, мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Тухайн хэрэг дөрөвдүгээр сарын 28-29-ний шилжих шөнө болсон бөгөөд Зэвсэгт хүчний дугаар ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г дэд түрүүч Б харуулын цэгийн сонор сэрэмж алдлаа хэмээн, биед нь гэмтэл учруулсан асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч, дэд түрүүчийн хоёрын хооронд асуудал гарсан. Харуулын байраа орхин явснаас болж маргаан үүсэж, эрх чөлөөнд халдсан асуудал байна.
Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдлийн дагуу тавдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3.1-т зааснаар яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн” гэсэн юм.
Д.Эрдэнэчимэг: Миний хүүгийн тухай зөрүүтэй мэдээлэл тарааж байгаад гомдолтой байна
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Бямбадоржийг номхон команд өгч байгаад зодож эрүүг нь хугалсан, үүнийг ар гэрээс нь нуусан гэх мэдээллийн талаар байлдагч Б.Бямбадоржийн ээж Д.Эрдэнэчимэг хэлэхдээ “Миний хүүгийн талаар зөрүүтэй мэдээллийг зарим цахим сайтууд тарааж байна. Үүнд тайлбар өгөх ёстой байх. Манай хүү Б.Бямбадорж нь 2019 оны хоёрдугаар ээлжээр Ховд аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан. Гэртэйгээ ойрхон алба хаадаг гэсэн үг. Тавдугаар сарын 3-ны орой “Хүүгийн тань шүд өвдөөд байна” гээд аймгийн эмнэлгээс залгахаар нь яваад очиход эрүү нь өвдсөн байдалтай байсан. “Юу болов. Хэн зодов, офицер, ахлагч зодов уу” гээд асуухад “Харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч хоорондын асуудал. Үүнд офицер, ахлагч огт хамаагүй ” гэж хүү маань хэлсэн.
Цагдаагийн байгууллагад ч гэсэн энэ асуудлаа үнэн зөвөөр нь хэлсэн байгаа. Гэтэл зарим сайтад жагсаалын дунд номхон команд өгөөд зодсон, ар гэрээс нь нуусан тэгээд зодсон гэх эзэн бие тодорхойгүй, үнэнээс зөрүүтэй мэдээлэл тарааж байгаад ар гэрийнх зүгээс гомдолтой байна. Би өөрөө 5 дугаар сарын 6-ний өдөр хүүтэй хамт онгоцоор ирсэн. Ирээд маргааш нь Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүү хадуулах хагалгаанд орсон. Одоо биеийн байдал нь сайн байна. Биеийн байдал нь сайжирч байгаа учраас би өнөөдөр Ховд аймаг руу гэр рүүгээ буцаж байна.
Цэргийн байгууллага, ар гэрийнх нь дунд “яс хаясан” юм шиг ийм мэдээлэл тарааж байгаа сайтад үнэхээр гомдолтой байна. Зэвсэгт хүчний 123 дугаарын удирдлага, эмч нар бидэнтэй холбоотой байж, эмнэлэг дээр үргэлж эргэж тойрч байна. Хүү маань биеэ эрүүл болохоор албаа нэр төртэй хаах юм шүү дээ уг нь” гэсэн юм.



