Засгийн газарУлс төр

Н.Энхболд: Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатараас энэ жил цэрэг татахгүй

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар  Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд хэлэхдээ “Цэрэг татлагыг энэ оны тавдугаар сард багтаж зохион байгуулна.

Гэхдээ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цэрэг татлагыг дараах байдлаар зохион явуулахаар боллоо. Тухайлбал, хилийн боомтуудтай ойролцоо, тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж буй аймгууд болох Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатараас энэ жил цэрэг татахгүй.

Гол төлөв хилийн цэргийн ангиудад тухайлсан анги нэгтгэл дээр нь зайлшгүй шаардлагатай байгаа тооны цэргийг нөхөн татна. Ингэхдээ нэг дор таваас дээш хүн цуглуулахгүйгээр шалгах, эрүүл мэндийн үзлэгт оруулах, ачих тээвэрлэх ажлыг нарийн зохион байгуулалттайгаар төлөвлөж хийх болно.

Өнөөдрийн хурлаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгах эсэх асуудлыг яриагүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тоо баримт, судалгаатай мэдээллийг танилцуулсан тохиолдолд энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулах асуудлыг энэ удаад УОК ярьсангүй. Энэ асуудлаар БСШУСЯ-наас санал дүгнэлт, судалгаа ирүүлсэний дараа ярина” гэлээ.

Үргэлжлүүлэн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Хувийн ЕБС, цэцэрлэг төлбөрөө 100 хувь авчихаад үйл ажиллагаагаа онлайнаар явуулаагүй бол төлбөрийг нь ирэх жил рүү шилжүүлэх талаар шийдвэр гаргаж болох эсэх талаар Боловсролын яам тооцоо судалгаа хийж байна. УИХ-аар Эдийн засгийн арга хэмжээтэй холбоотой хуулийн төсөл батлагдмагц эдгээр асуудал тодорхой болно. Хүүхдүүд улирахгүй.

0-12 насны хүүхэдтэй эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалинтай ажиллах Засгийн газрын тогтоол дөрөвдүгээр сарын 30 хүртэл хэрэгжинэ. Хувийн байгууллагын ажил олгогчид уг шийдвэрийг дагаж мөрдөн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 82 настай Хөдөлмөрийн баатрыг өчигдрийн чартер нислэгээр авчраагүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ иргэн эх орондоо ирсэн.

Буруу, ташаа мэдээлэл гаргахгүйгээр ЭМЯ, Шуурхай штабын бодит мэдээллийг эх сурвалжаа болгохыг хүсч байна. Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өчигдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ холбогдох шийдвэр гаргасныг УОК-ын хуралдаанаар дэмжсэн. Энэ нь тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад олон нийтээс өгч буй хандиваас мөнгөн урамшуулал олгохоор болсон” гэлээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close