ЭМЯГадаад харилцааЭрүүл мэнд

АНУ-ын 3.3 тэрбум төгрөгийн тусламжийг мэдлэг мэдээлэл түгээх ажилд зарцуулна

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Хурлыг нээж Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж байна. Энэ удаагийн хуралд ЭМ-ийн сайд болон олон улсын байгууллагуудын Монгол дахь суурин төлөөлөгч, АНУ-ын элчин сайд оролцож байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байна

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески: “Өнөөдрийн хуралд оролцох боломж олгосонд баярлалаа. АНУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байна.

АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг ЭМЯ-нд дэмжлэг үзүүлж, эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд зориулна.

COVID-19 халдвар дэлхийн хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотоодоо төдийгүй дэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын засгийн газрын өнөөг хүртэл авч хэрэгжүүлж буй ажилд өндөр сэтгэгдэл төрж байна” гэв.

Энэ хэцүү цаг үед бид бие биеэ дэмжиж байж өвчнийг даван гарна

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица: “Өнөөдөр АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад өгч буй хандивын арга хэмжээнд өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай байна. Энэ хандиваар коронавирусийн тархалтаас сэргийлж чадна гэдэгт би итгэлтэй байна. АНУ-ын Засгийн газар манай байгууллагатай болон НҮБ-ын хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж шаардлагатай техникийн туслалцааг бий болгож Монголын Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Энэхүү өвчний эсрэг тэмцэхэд нөөц бололцоо, хөрөнгө шаардлагатай. Энэ хэцүү цаг үед бид бие биеэ дэмжиж байж өвчнийг даван гарах юм” гэв.

Тусгайлан боловсруулсан мэдээллийг үндэсний хэмжээнд түгээнэ

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс: “Юуны түрүүнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж, ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас маш шуурхай шийдвэрүүдийг гаргаж байгаа тул халдварын дэгдэлт гарахгүй үр дүнтэй ажил болж байна. Гэхдээ цаашид маш анхааралтай ажиллах ёстой. Тийм учраас АНУ-аас үзүүлж байгаа энэ тусламжийг цагаа олсон гэж тодорхойлж болно. Уг тусламжийн ачаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ЭМЯ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа цаашид илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Уг тусламжийн хүрээнд хэд хэдэн чиглэлд хийгдэх ажлыг би онцолж хэлмээр байна. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчид, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан мэдээллийг боловсруулж үндэсний хэмжээнд түгээх болно. Мэдээлэл нь халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх үнэн бодит агуулгатай байна. Мөн үндэсний хэмжээнд гар угаах кампанит ажлыг явуулна. Энэ ажлын хүрээнд нэн шаардлагатай саван, гар ариутгагч, эрүүл ахуйн хэрэгслээр хангах юм.

Дээр дурдсан ажлуудаас гадна НҮБ-ын Хүүхдийн сангаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, сургууль цэцэрлэг хаагдсантай холбоотойгоор хүүхдүүд хараа хяналтгүй гэрт үлдэж байгаа. Мөн орлогоо алдаж буй гэр бүлүүд сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарч байгаа учраас тэднийг дэмжих чиглэлээр ажиллана. Шинэ коронавирусээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй. Үүнд 24 цагийн цэцэрлэгүүд ч хамаарч байна.

24 цагийн цэцэрлэгт хамрагддаг 2-5 насны 1,900 гаруй хүүхэд нийслэлийн хэмжээнд байдаг юм байна. Эдгээр хүүхдийн нөхцөл байдлыг НҮБ-ын Хүүхдийн Сан судалж үзэхэд, 17% нь буюу 280 гаруй хүүхэд хоол хүнсий дунд буюу өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас хамтран хоол хүнсний тусламжийг 250 хүүхэд тэдний гэр бүлд үзүүлсэн” гэлээ.

АНУ-ын Засгийн газарт  чин сэтгэлийн талархал илэрхийлье

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Энэ чухал үед бидэнтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр ДЭМБ-ын 195 гишүүн орны 194-д нь COVID-19 халдвар тархжээ. Эхлээд 100 мянган хүн халдвар авч, дараагийн 100 мянган хүн нэмэгдэхэд хугацаа 11 хоног болж байсан бол дараагийн 100 мянган хүн 3-4 хоногт нэмэгдсэн байна. Энэ нь COVID-19-ийн халдвар ямар аюултай хоруу чанартай гэдгийг илэрхийлж байна.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Бид шинэ коронавирусийн тархалтыг хөл бөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт шаардлагатай бөгөөд дайралтад бэлтгэх цаг үе ирсэн” гэж байсан. Энэ нь Эрүүл мэндийн салбарыг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах санамжийг өгсөн гэж бид хүлээн авч байгаа.

Хэдийгээр АНУ өөрсдийн байдал амаргүй байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж буйд АНУ-ын Засгийн газарт дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний ДЭМБ-аар дамжуулж байгаа тусламжийг бид иргэдээ энэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно” гэлээ.

“Гэрийн хөл хорионд орж байж тархалтыг тогтоон барих шаардлагатай гэж үзсэн

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад халдвар авсан иргэдийн тоо 6,650 болж, нас баралт 335 бүртгэгджээ. Халдварын тархалт улам нэмэгдэж бутай холбоотойгоор тус улсад хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд иргэддээ хандаж “Энэ цар тахлын үед эрүүл мэндийн тогтолцооны хөгжлөөс үл хамааран ямар ч улсын эрүүл мэндийн салбарт амьсгалын аппарат, эрчимт эмчилгээний ор, эмч, сувилагч хангалттай биш байгаа. Иймээс гэрийн хөл хорионд орж байж тархалтыг тогтоон барих зайлшгүй шаардлага гарч байна” гэж мэдэгдсэн.

Мөн хөл хорио тогтоох хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай зүйлээ худалдан авах болоод эмнэлгийн тусламж авах, тусламж шаардлагатай иргэдэд туслахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ. Түүнчлэн гадаа гарч дасгал хөдөлгөөн хийх бол ганцаараа аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулсан байна. Хөл хорионы дэглэмийг зөрчсөн тохиолдолд Цагдаагийн ажилтнууд торгууль оногдуулах, бөөгнөрлийг хүчээр тараах эрхтэй байхаар арга хэмжээ авжээ.

АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд COVID-19 халдварын улмаас 100 гаруй хүн нас барж, нийт халдварын тоо 43 мянгад хүрлээ. Халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор олон муж улсын захирагчид оршин суугчдадаа гэрээсээ гарахыг хориглосон шийдвэрийг гаргасаар байгаа юм. Мөн дэлхийн бусад улс, орны адилаар АНУ-д хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол үүсэж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн хамгаалах хэрэгслийг нөөцлөхийг хориглосон тушаал, шийдвэрт тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зуржээ. Тус улсад өнгөрсөн долоо хоногоос зарим мужуудад иргэд нь даавуун амны хаалт хэрэглэж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Шинэ Зеланд улс Пүрэв гарагаас эхлэн улсын хэмжээнд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Гэхдээ энэхүү шийдвэрт хүн нэг бүрийн хүчин чармайлт гаргаж байж үр дүнд хүрнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд ард иргэддээ хандаж хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. Түүнлэн Африкийн нэлээд хэдэн улс шинээр хөл хорио тогтоож, хилээ хаасан байна” гэлээ.

297 эмч, эмнэлгийн ажилтан иргэдтэй хамт тусгаарлалтад ороод ажиллаж байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Өнөөдрийн байдлаар 2,057 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-аас орж ирсэн иргэдээс Орхонд 42, Сэлэнгэд 2 , Дархан-Уулд 4, Баян-Өлгийд 33 хүн, Дорнод аймагт мөн 18 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байгаа. Мөн нийт 297 эмч, эмнэлгийн ажилтад иргэдтэй хамт тусгаарлалтад ороод ажиллаж байна. Эмчилгээ, оношилгоо, тандалт судалгаандаа олон улсад ашиглагдаж буй арга техникүүдийг ашиглаад явж байгаа. Ерөнхийдөө бол эхээс урагт дамжих, ураг амьгүй болох, зулбах, төрөлтийн гажиг үүсэх зэрэг нь нотлогдоогүй байна. Тиймээс халдвартай эх амны хаалт зүүгээд, гараа ариутгаад хүүхдээ хөхүүлэхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа.

Диализ эмчилгээнд орсон иргэд эмчилгээнийхээ дараа бөөгнөрч сууж хооллохыг хориглож байна. Дэлхий дахинд олон эмийн туршилт хийгдээд явж байгаа” гэв.

 “Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван сэжигтэй тохиолдлын сорьц ирж байгаа”

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй. Ингээд тус онгоцоор ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоогоор 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна. Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хяналт хийгдэж байгаа бөгөөд сорьц ирж байгаа” гэлээ.

Франц улсад монгол иргэн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Францад улсад монгол хүн халдвар авсан талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. Харин Монгол Улсын хоёр иргэн өмнө нь БНСУ-д коронавирусийн халдвар авч, эдгэсэн гэсэн албан мэдээ бий.

Холбоотой мэдээ

Back to top button
Close