“Хааны эрэлд 2019” өндөрлөлөө
Таван Толгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд 2019 оны зургаадугаар сарын 14-28-ны хооронд “Хааны эрэлд 2019” сургуулилалт болж өнгөрөгч баасан гаригт хаалтаа хийлээ. “Хааны эрэлд” олон улсын сургуулилалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт Хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилалт нь энэ онд 17 дахь жилдээ боллоо.
Хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Свейн, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага гадаад дотоодын хүндэт зочид, цэргийн атташе нар, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын гүйцэтгэгч ноён Марк Свейн энэ үеэр “Тавантолгойн энэхүү сургалтын төв нь Монгол-АНУ-ын хооронд тогтоосон хамтын ажиллагаа харилцааг илэрхийлээд зогсохгүй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгааг тод харуулж байна. Бид та бүхний гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна. Энэ сургуульд хамрагдсан бүх хүмүүст та бүхэн дэлхийн тавцанд хөл тавьд улс эх орныхоо даалгасан үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэх үйл хэрэгтээ шилдэг байхаар энд иржээ.
Та бүхэн НҮБ-ын ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр илгээгдэх болно. Энэ бол олон улсын маш өндөр ач холбогдолтой үйл хэрэг. Тиймээс та бүхэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн мандатыг хамгаалж, сахиулснаар энх тайван аюулгүй байдлыг дэлхий нийтэд авчрах болно. Та бүхнийг ажиллагааны үүрэг мандатаа ойлгож бүхий л чадлаараа үүргээ гүйцэтгээрэй” гэж Олон улсын Энхийг сахиулагч нарт уриалсан билээ.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлэхдээ “Энэ жилийн Хааны эрэлд сургуулилтын хувьд Бүгд найрамдах Бенин, Бүгд найрамдах Замби, Молдова, Руанда, Того, Израиль, Йорданы Хашимитын хаант улс “Хааны эрэлд” сургуулилтад анх удаагаа оролцож байна. Оролцогч улсуудаас зарим орон “Хааны эрэлд” сургуульд нэг салаа цэрэг оролцсон бол зарим улс ажиглагчийн хэмжээнд оролцсон. Харин бусад орноос орноос эмнэлэг, тэсрэх дэлбэрэх бодистой ажиллах баг зэрэг цэргийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнээ илгээжээ. Жилээс жилд Хааны эрэлд сургуулилтын нэр хүнд өсөж байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм.
“Хааны эрэлд-2019” олон улсын сургуулийн удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал
–Энэ удаагийн Хааны эрэлд 2019” өндөрлөлөө. Энэ жилийн сургуулилтын онцлог юу байв?
-Энэ жилийн Хааны эрэлд сургуулилтад дэлхийн 38 орны 1700 цэргийн албан хаагч оролцлоо. Өөрөөр хэлбэл таван тивийн бүх улсаас ирлээ. Энэ сургуулилтын үеэр олон улсын цэргийн албан хаагчдыг нэг дор уулзуулж, харилцан туршлагыг нь солилцуулж, соёлоос нь суралцуулж найз нөхөрлөлийн түүхийг шинээр эхлүүлж байна.
–Энхийг дэмжих ажиллагаанд оролцох туршлагуудаа илүү сайн хуваалцсан болов уу. Энэ жил ямар хичээлүүд нэмэгдсэн бол?
-Энэ жил хэд хэдэн хичээлүүд шинээр нэмэгдсэн. Энхийг сахиулагчид ажиллагааны газар яваад очиход улс улсын цэргийн байр зүйн зураг өөр, тэмдэглэгээ өөр байдаг. Тиймээс байр зүйн зургийг шинээр нэмж орууллаа. Тухайлбал, Тусгай хүчний сургалт, амьд гарах ухааны сургалт орууллаа. Хааны эрэлд сургуулилтын үеэр энхийг сахиулах ажиллагааны бүх шатны сургалтыг явуулдаг. Олон улсын хүчний штабын түвшнээс эхлээд бригад, батальон, салааны түвшинд, тактикийн түвшинд үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ гэдгийг сургадаг юм.
-Энэхүү сургуулилтын ач холбогдолыг тодорхойлвол?
-Энхийг сахиулах сургуулилтын ач холбогдол гурван зүйл дээр оршиж байгаа. Нэгд, олон улсын цэргүүд харилцан туршлагаа солилцож, халуун цэгт үүрэг гүйцэтгэх арга техникийг суралцаж байна. Хоёрдугаарт, энхийг сахиулах ажиллагаа бол олон улсын хамтын ажиллагаа илүү сайжирч байна. Олон улсын цэргийн албан хаагч нэг дор цуглахад итгэлцэл их чухал тул энд цугласан цэргүүдийн найз нөхөрлөлийн түүхийг эхлүүлж байна. Халуун цэг дээр яваад очиход ннайзууд тэнд уулзаад нэг хэлээр ярьж эхэлнэ. Гуравдахь нь энэ сургуулилтаар дамжуулан Монгол улсаа сурталчилж байна. 38 орны албан 1500 гаруй албан хаагчид нутагтаа буцаж очоод Монгол Улсыг сайнаар дурсана. Энэ бол маш том сурталчилгаа.
Непал Улсын Зэвсэгт хүчний Явган цэргийн хорооны салаан захирагч, ахмад Судееп Раж Гири
-Монгол Улсад анх удаа ирэв үү. Энхийг сахиулах ажиллагааны сургуулилтад оролцох ямар сэтгэгдэл төрөв?
-Монголд анх удаа ирсэн сэтгэгдэл их өндөр байна. Анх ирэхэд төрсөн сэтгэгдэл маань огт өөрчлөгдсөнгүй. Олон орны цэргүүдтэй танилцаж, туршлагаас хуваалцаж, суралцлаа. Маш олон зүйлийг мэдэж авсандаа баяртай байна.
-Монгол цэргийн ур чадвар ямар санагдав?
-Монголын цэргүүдийн бэлтгэл сургуулилт, хэр зэрэг сургагдсан талаар ярих юм байхгүй Монгол цэргүүдээс их зүйлийг сурсандаа баяртай байна.
Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн харуулын салааны тасгийн захирагч, ахлагч Б.Далайсайхан “Би Зэвсэгт хүчинд 7 жил алба хааж байна. Судан улсад үүрэг гүйцэтгэхээр мордох цэргийн багийн бүрэлдэхүүнд багтсан. Энэ удаагийн Хааны эрэлд 2019 олон улсын бэлтгэл сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штаб болон хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавх нэмэгдүүлэх сургалт зэрэг арга олон арга хэмжээ зохион байгуулагдаж зорилго нэгт дэлхийн цэрэг дайчид Монгол орны тэнгэр доор нөхөрлөлөө” гэв.
Сонирхуулахад, “Хааны эрэлд”сургуулилт өнгөрсөн 16 жилийн хугацаанд 53 орны нийт 16 мянга гаруй цэргийн алба хаагч хамруулсан бүс нутгийн томоохон сургууль болон өргөжөөд байна. Энэ жилийн хувьд Израйль, Руанда, Бенин, Замби, Йордан, Молдав зэрэг орнууд анх удаа ажиглагч, сургагч багш оролцогчийн хувиар оролцсон байна. Мөн Израйль улс өөрсдийн зардлаар оролцсон нь тус сургуульд өндөр ач холбогдол өглөө хэмээн оролцогчид дүгнэсэн байна.
П.Нарандэлгэр