Фото сурвалжлагаНийслэл

Арван бөндгөрийн аз жаргалтай үргэлжлэл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн 2019 онд шилдэг эмэгтэйгээр тодорсон Ө.Өрнөхбилэгийнд буюу Д.Батдаваагийн гэр бүлд зочилж бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна.

“Үерхэж байхдаа Д.Батдаваагийн алганы доод хэсгийг шахаж тоолно. Яахын аргагүй 10 бөндгөр гарч ирээд байна, арван хүүхэдтэй болох юм байна даа гээд л хоёулаа инээлддэг байлаа. Хоёр насны зөрүүтэй найман сайхан хүүхэдтэй болсон. Дөрвөн охин, дөрвөн хүү. Хайнаа хагалах нэг нь энд сууж байна” гээд хэвлий рүүгээ заах бүсгүйг Ө.Өрнөхбилэг гэдэг. 30 гаруйхан насандаа алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор энгэрээ чимсэн тэрээр ханьтайгаа Улаанбаатарт 1999 оны наймдугаар сарын 28-нд оюутан болж ирээд танилцсан. Өөрөө бол Төв аймгийн Заамарынх, харин нөхөр нь Дарханы Хонгорынх. Д.Батдаваа Хүнсний технологийн коллежийг нийтийн хоолны технологич мэргэжлээр, Ө.Өрнөхбилэг Засагт хаан дээд сургуулийг санхүү, нягтлан мэргэжлээр төгсчээ.

Бид инээд хөөр цалгиж, аз жаргал бадраасан Д.Батдаваагийнх гэдэг айлд сурвалжлага бэлтгэхээр ширээ тойрон сууж, борцтой шөл оочиж ярьж суугаа нь энэ. Танилцаад 20, хотын иргэний үнэмлэхтэй болоод 10 жил болцгоосон тэдний хүүхдүүд хүмүүжилтэй гэж жигтэйхэн. Аав, ээж нь даруу юм, үр хүүхдүүд нь цовоо юм.

Том охиныг нь Анударь гэнэ. Удаах охиныг Анирлан гэнэ. Арын зургаан дүүгийнх нь нэрс бүгд “эрдэнэ” төгсгөлтэй. Маргад-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Ангараг-Эрдэнэ, Сугар-Эрдэнэ, Тунгалаг-Эрдэнэ, Буд-Эрдэнэ гэнэ. Орос, англи, япон хэлний сургалттай сургуулиудад хүүхдүүдээ хувааж сургажээ. Хэлтэй бол хөлтэй гэдэг гэдэг учраас хүүхдүүдийнхээ боловсролд их анхаардаг гэж гэрийн эзэгтэй ярьсан. Иймээс том хоёр охиноо Ромашка орос хэлний сургуульд сургадаг. Дараагийн хоёр нь математатикийн гүнзгийрүүлсэн сургалттай 51 дүгээр ангийн сурагч, сүүлд сургуульд ордог Ангараг-Эрдэнэ Япон хэлний сургуульд суралцаж байна. Сугараа, Тунгалаг хоёр цэцэрлэгт, харин Будаа ээжийнхээ энгэрээс зүүлдээстэй.

Д.Батдаваа сэргэлэн оюутан байсан тухайгаа биднийг хөгжөөх гэж ярив. Нэгдүгээр курсын оюутан байхдаа ангийн хүүхдүүдээ уриалж цусыг нь өгүүлээд мөнгөтэй болдог байсан тухайгаа, эмч нарын үнэгүй тараадаг бэлгэвчийг бөөнөөр нь гуйж аваад ТҮЦ-т нэг бүрийг нь 50 төгрөгөөр шахаж “бурзайдаг” байснаа ярив. Хөдөөнөөс ирсэн ангийн хоёр охинтойгоо очиж газаргүй болоод сургууль дээрээ нэг сар амьдарсан. Нийлээд тавын бидонд дүрдэг плитка дүрж орой нь шөлөөр цадаж, өглөө, өдөр нь сургуулийнхаа напелион тортны хаягдал захнаас нэг кг-ыг нь 100 төгрөгөөр авч идээд гол ордог байж.

Нэгдүгээр дамжааны оюутан байхдаа арга эвээ олох гэж жаахан сандарсныг эс тооцвол хоёр дахь жилдээ мэргэжлээрээ халтуур хийж эхэлжээ. Энд тэндэхийн цайны газарт ажиллана, тогооч зөөгч хийгээд бийлэгжүү маягийн оюутан явж. Хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө мэдээж Ө.Өрнөхбилэгийг баярлуулна. Энэ зуур эхнэр нь, “Миний төрсөн өдрөөр өгсөн анхны бэлэг чинь нээх гоё өнгөтэй хиймэл цэцэг байсан биз дээ” гээд цаашлуулах аж. “Оюутан ахуй цагтаа яарч хүүхэдтэй болоод яах вэ” гэсэн нагац ахынхаа сургаалийг дагаж, хос хоёр сургуулиа амжилттай төгссөний дараа Анударийг төрүүлжээ.

Хоёр талаасаа диплом, чемоданаас өөр хогшилгүй нийлсэн тэд гал голомтоо айлын хашаанд асаасан. Нийлж бууз чимхэж хөлдөөгөөд дэлгүүрүүдээр зарж, хөөрхөн орлого олж эхэлжээ. Гурил, махаа дэлгүүрээс зээлж, шөнөжин бууз чимхэж хоноод өглөө дэлгүүрүүдэд тавьж заруулдаг байжээ. Энэ төслөөрөө 2005 онд хорооны Засаг даргадаа төсөл бичиж өгөөд хоёр саяын зээл авч байснаа ч ярилаа. Улмаар “улстөрийн шийдвэр” гаргаж нэг л өдөр Төв аймгийн Заамар руу явсан байна.

Нинжа нар жоом шиг буцалж байсан тэр цагт жижиг цайны газар түрээсэлж, хоёр ширээ, хоёр халуун савтай ажлаа эхлүүлжээ. Жилийн дотор цайны газраа ресторан болгох Д.Батдаваагийн мөрөөдөл биелж 10×10-ын харьцаатай өргөтөл барьж. Цаашлаад долоон хүн цалинжуулж, под хийгээд явжээ. Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт, байгаль орчны хамгаалал гэдэг төрийн бодлого тэр үед Заамараас нинжа нарыг үргэхэд хүргэсэн. Дээрээс нь Алтандорнод Монгол уурхайг авсан учраас тэдний бизнесийн орлого хумигдаад ирж. Иймээс алсаа бодоод ресторанаа зараад, банкны зээлээ төлж дуусгаад 2009 онд хотод буцаж иржээ. Энэ үедээ тэд гурван сайхан хүүхэдтэй болсон байж.

Заамарын орлогоос үлдсэн мөнгөөрөө гэр худалдаж аваад Гэмтлийн эмнэлгийн ард сарын 25 мянган төгрөгөөр хашаа түрээсэлж хэсэг амьдарчээ. Гурван жилийн хугацаанд Д.Батдаваагийнх хуримтлалаас цуглуулсаар өөрийн гэсэн хашаа байшинтай болсон юм.

Гэрийн эзэгтэй Ө.Өрнөхбилэг “Бид хоёр түрээсээс илүү муу ч сайн өөрийн өмчтэй болохыг хүсдэг. Олон хүүхэдтэй байлаа ч бага багаар хуримтлуулж чаддаг. Манай хүн шууд худалдааны бизнест зарын дагуу ажилд орсон тэр цагаас манай гэр бүлийн амьдрал мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Одоо бид хоёулаа тэнд ажиллаж байгаа” гэв. Ямар байгууллага вэ гэхэд, “Фаберлик Монголиа” гэлээ.

Хос хоёр энэ компанидаа 2009 оноос тасралтгүй ажиллаж байна. Нийтдээ 19 улсаар хамтдаа аялжээ. Эхний гурван жилд өөрийн хашаа байшинтай, дараагийн гурван жилд нь байртай болсон байна. Түүний дараа өөрийн гэсэн ажлын байр, оффистой, дараагаар нь хүссэн машинаа авчээ. Бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө түгээдэг байсан бол одоо түгээдэг хүмүүстэй, ажилтнуудтай өөрсдөө үндэсний захирал цолтой болсон байна. Эзэгтэй Ө.Өрнөхбилэг, “Бид хоёр шиг олон залуу гэр бүлийн амьдрал шууд худалдааны бизнесээр босч байна.

Манай хүн эхлээд Инфиниум компани байхад нь орсон. Дараа нь энэ компани Фаберлик компанитай 2011 онд нэгдсэн. Түүнээс хойш энэ компанийн үндэсний захирлаар ажиллаж байна. Эрүүл мэнд, хувцас хунар, ахуйн бараа, эмнэлгийн тоног төхөөрөмж гээд л олон барааг оруулж ирдэг. Энэ бизнесийг 2009 оноос хийснээс хойш таван хүүхэдтэй болсон байна. Цаг нар гайгүй, чөлөөт цагаараа хийх боломжтой учраас хүүхдүүдээ санаа зоволгүй өсгөх боломжтой” гэлээ.

Д.Батдаваа эцэг эхээс 11-үүлээ, Ө.Өрнөхбилэг дөрвүүлээ. Өнөр бүлд өссөн болоод ч тэрүү олон хүүхэдтэй болно гэж хоёулаа л ярьдаг байлаа. Нас ахиад ирэхэд хүүхэд шиг түшигтэй зүйл байхгүй. Залуу байгаа дээрээ олон хүүхэдтэй болсон нь дээр гэж ахмадууд маань хэлдэг. Монголын үрс маш олон болтугай гэж алдарт эх Ө.Өрнөхбилэг хэлснээр бидний айлчлал өндөрлөлөө.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close