-Асрах үйлчилгээний эрх зүйн орчин өнөөдөр ямар байна вэ?
-Асрах үйлчилгээ гэхээр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай л бодоод байдаг. Гэтэл өнөөдөр 397 мянган өндөр настан байна. Дөнгөж төрсөн эхийн асаргаа, эмнэлэгт хэвтэж эмчилгээ, үйлчилгээ авч байгаа иргэдийн асуудал ч хамаатай. Монгол Улсад өнөөдрийн байдлаар улсын дөрөв, хувийн найман ахмадын асрах газар, хүүхдийн асрамжийн 29 төв үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ хүртээмж маш тааруу.
Хүүхдийн асрах төвүүдийн ихэнх нь гадны байгууллагын тусламж, иргэдийн хандиваар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд төрөөс зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Асрах үйлчилгээний талаар Монгол Улсын хуульд заалт бий юу гэвэл байгаа. Долоон хуульд нэг, нэг заалт л байдаг. Үндсэн хуульд, Нийгмийн даатгалын тухай хуульд гэх мэт долоон хуульд ганц ганцхан л заалт байх шижээтэй.
Тэдгээр заалтуудаар асрах үйлчилгээний эрх зүйн орчныг тодорхойлох боломжгүй. Тийм учраас УИХ-ын даргын 100 дугаар захирамжаар Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлын хэсгийг байгуулсан. Манай ажлын хэсэг зөвхөн санал, дүгнэлт гаргах биш холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй гэж ойлгож байгаа.
-Ажлын хэсгийн ажлын явцын талаар тодруулбал?
-Бид Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийг боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бид хуралдаж ажлын удирдамжаа баталсны дараа судалгааны ажлаа эхлүүлээд байна.
Хуулийн төсөл боловсруулахын тулд маш сайн судлах ёстой. Эрхзүйн орчин, нийгмийн орчныг судлахаас гадна бусад улс орнуудын хуулиудыг судлах шаардлага байна. Мэдээж төгс хууль гэж байхгүй ч төгсөд хамгийн ойртсон орны хуулиуд, сайн туршлагыг судлах хэрэгтэй.
Бид Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор болон албаны хүмүүстэй уулзсан. Тус сангаас Монгол Улсад болон бүс нутагт хийж байгаа асрах үйлчилгээний талаарх судалгаагаа өгөхөө мэдэгдсэн.
Мөн бид Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл лавлагаа авахаар хандсан. Манай ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Батбаяр, Х.Болормаа, Д.Рэгдэл, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Д.Энхтуяа нарын асрах үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй хүмүүс багтсан.
Мөн УИХ-ын даргын хоёр зөвлөх, УИХ-ын Тамгын газраас томилогдсон зөвлөхүүд ажиллаж байгаа. Түүнчлэн бид Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Асрах үйлчилгээтэй холбоотой Азийн, тэр дундаа Монголын соёл онцлогтой. Хуулийн төсөл боловсруулахдаа энэхүү соёлыг ч авч үзэх учиртай.
-Асрах үйлчилгээ үзүүлж буй хүмүүс ажил хийх боломжгүй, авч буй тэтгэмж нь хаанаа ч хүрэлцдэггүй тухай байнга ярьдаг?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, ахмад настнаа асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоход хуулийн төслийн нэг зорилго чиглэнэ гэж бид үзэж байгаа. Тэдгээр хүмүүст давхар ажил хийх ямар ч боломж байдаггүй. Энэ асуудал хуулийн төсөлд нэг бүлэг болж орж ирэх ёстой.
Асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс бараг 24 цагийн турш завгүй байдаг. Гэтэл энэ нь хөдөлмөрийн нэг хэлбэр мөн. Тэдгээр хүмүүс халамжийн 302 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод түвшнээс бараг хоёр дахин бага мөнгө авдаг. Хэдийгээр халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэхийн тулд халамжийн мөнгө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байх ёстой гэдэг зарчим байдаг ч хүн асарч буй хүний хийж буй ажил цаг наргүй байдаг. Тиймээс энэ асуудлыг хуулийн төсөл боловсруулахдаа далайцтай авч үзэх ёстой юм.
Ажлын хэсгийн ахлагч, эрх зүйч хүний хувьд энэ асуудлаар бизнес эрхлэгчид, төрийн байгууллагынхан, судлаачидтай уулзаж байна. Өнөөдөр Монгол Улсад 880 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч хэд нь иргэдийнхээ төлөө буюу хүн төвтэй байна вэ гэдгийг авч үзэх ёстой. Ер нь олон хууль татвар төвтэй, иргэдийн нуруунд ачаалал үүрүүлж буй нь нууц биш.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг?
-Бид иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Халамжийн үйлчилгээнд зориулан улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийг баталсан. Гэтэл иргэд энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад олгодог гэж ойлгоод байдаг. Үнэндээ халамжийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн дээрх мөнгөний 1.6 их наяд нь хүүхдийн мөнгө буюу сар бүр хүүхдүүдэд олгодог 100 мянган төгрөг.
Энэ бол халамж биш хөгжлийн хөрөнгө оруулалт. Би энэ асуудлыг Улсын Их Хурлын чуулганы индэр дээр ч, Байнгын хорооны хуралдааны үеэр ч хэлж байсан. Хүүхэд бүрт олгож буй хөгжлийн мөнгө, одонтой ээжүүдэд олгож буй мөнгийг халамжийн мөнгөнөөс салгах нь зүйтэй гэдгийг илэрхийлсээр ирсэн. Ингэж байж жинхэнэ халамж авч байгаа хүмүүсийн тоо бодитойгоор гарна.
Үнэнийг хэлэхэд 397 мянган өндөр настан, 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол бүгд хөдөлмөрлөхийг хүсдэг. Бид Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө боловсруулж, батлуулснаар асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс маань ажилтай болно. Асаргаа авч байгаа хүнээ дэмжсэнээр хөдөлмөрийн чадвар нь сайжирна. Биеийн хөдөлмөр эрхэлж чадахгүй ч зайнаас оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Хуулийн төслийг ийм өргөн цар хүрээтэйгээр харж байгаа.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
]]>
Санал асуулга, ярилцлагын хүрээнд хөндөгдсөн, анхаарал татсан зарим асуудлаар нэмэлт тодруулга авах, баримт бичигтэй танилцах зорилгоор Комиссын ажлын хэсэг Улаанбаатар хот дахь төв оффист 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд ажиллаж байна.
Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн жилүүдэд “ОюуТолгой” ХХК-д хүргүүлсэн Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлсэн байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөртэй танилцлаа.
Мөн ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалттай холбоотой ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй байдлыг шалгаж, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүнд, хортой нөхцөлд болон гүний уурхайд ажиллаж байгаа ажилтнуудын ажлын цаг, амралтын хугацаа, цалин хөлс, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг зохицуулж буй дүрэм, журамд дүн шинжилгээ хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Комиссын дарга Ж.Хунан “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйдрэ Лингенфэлдер, Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Мелисса Шаненганге, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал хариуцсан ерөнхий менежер Филип Абрахам, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан, Хөдөлмөрийн харилцаа хариуцсан менежер Ж.Эрдэнэбилэг, хуульч Б.Энхмаатай уулзаж, хяналт шалгалтын зорилго, ач холбогдлын талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд тус компанийн ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл Комисст цөөнгүй ирж байгааг дурдаж, дээрх хяналт шалгалт нь “ОюуТолгой” ХХК төдийгүй ашигт малтмалын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр цаашлаад уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх сайн туршлага болно гэдэгт найдаж байгаагаа Комиссын дарга Ж.Хунан онцлов.
Мөн ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд, ААН заавал биелүүлэх хуулийн зохицуулалттай болсныг дурдсан юм.

Түүнчлэн Өмнөговь аймаг дахь уурхайн ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлтээр анхаарах шаардлагатай зүйл цөөнгүй байгааг тодотгож, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдөж ажилласнаар хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх хүчин зүйлийг бууруулах боломжтойг анхааруулж, адил хөдөлмөрт ижил цалин хөлс олгох, ээлжээр ажиллах цагийн хуваарь болон далд уурхайд ажиллах ажлын цагийг богиносгох саналтай байгаагаа илэрхийлж, уг саналаа хяналт шалгалтын дүгнэлтэд тусгана гэлээ.
“ОюуТолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйдрэ Лингенфэлдерийн зүгээс хяналт шалгалтад нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлж, тус компанийн нийт ажилтны 23 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
Тиймээс ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт тогтмол зохион байгуулж, аливаа ёс зүйгүй үйлдэл, зан үйлтэй холбоотой мэдээлэл хүлээн авах “My Voice” суваг ажиллуулж байгааг, мөн Өмнөговь аймаг дахь уурхайн хувьд 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай учир уурхайн ажилчдыг байршуулах шинэ суурьшлын бүсийг Ханбогд суманд байгуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх алсын төлөвлөгөөтэй байна гэв.
