“Залуучуудын хөгжлийн стратеги 2026-2030” дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа

Монгол Улсын хүн амын 29 хувийг бүрдүүлж буй өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог хангах зорилгын хүрээнд 2024 онд шинэчлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд залуучуудын хөгжил, оролцоог тусгайлан анхаарч, бие даасан яамны үндсэн бодлого болон хэрэгжиж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгуулагдсан цагаасаа иргэний нийгмийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй хамтран залуучуудын дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг, судалгааг зохион байгуулсны үндсэн дээр “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги 2026-2030” дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж, албан ёсоор баталлаа.
Залуучуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгаанаас дүгнэхэд, Монголын залуучууд халамж хүсэхээс илүү ая тухтай амьдрах орчин, дэд бүтэц, ажиллах таатай эрх зүйн боломж, дэвшилтэд технологид суурилсан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ, нийгмийн эерэг соёлыг хүсэж байна. Иймд “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги” нь “Боловсрол”, “Хөдөлмөр эрхлэлт ба боломж”, “Эрүүл мэнд ба зөв дадал”, “Эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах хөгжих орчин”, “Улс төрийн ба нийгмийн оролцоо”, “Дэлхийн Монгол залуучууд эх орондоо”, “Нүүдэлчин соёл уламжлал ба малчин залуучууд” гэсэн 7 зорилгын хүрээнд тодорхой үе шат, шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд хэрэгжих юм.
Монгол улс олон улсад Залуучуудын хөгжлийн индексээр /YDI/ 2023 оны байдлаар 181 улсаас 0,770 үзүүлэлтээр 61-т эрэмбэлэгдэж байгаа ба “Залуучуудын хөгжлийн стратеги 2026-2030”-г хэрэгжүүлснээр 56-т эрэмбэлэгдэх боломжтой гэж дүгнэж байна.