
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2025.05.23) “Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба болон ОХУ-аас Монгол улсад суугаа цэргийн аташей хошууч генерал П.В.Петрунин, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр, БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон Иргэний нисэхийн Үндэсний төв, “МИАТ” ТӨХК-ний захирлууд, ахмад дайчдын төлөөлөл оролцов.
Монгол Улсад 1925 оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Консулын дэнжид Ю-13 онгоц бууснаар Нисэх хүчин байгуулагдсан түүхтэй.
Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулж байжээ.