“Дайны баатрууд”-ын үнэн түүхийг өгүүлсэн шинэ номын нээлт боллоо

–Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” номууд уншигчдын гар дээр очлоо–
Дэлхийн II дугаар дайны ялалтын 80 жилийн ойг угтан Монгол Улс, ОХУ-д түүхэн үйл явдлын үнэ цэнийг эргэн дурсаж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн өвөг дээдсийн гавьяаг мөнхжүүлэх олон ажил зохион байгуулж буй юм. Тэдгээрийн нэг нь энэхүү номын баяр боллоо. Номын нээлтийн ёслолд номын редактор, уран бүтээлчдээс гадна Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын төлөөлөл, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд А.Н.Евсиков, ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин болон Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй, нэрт орчуулагч, зохиолч Н.Пүрэвдагва тэргүүтэй Монголын утга зохиолын шилдгүүд, соёл урлаг, хэвлэл мэдээллийнхэн, ОХУ-ын ЭСЯ болон Монголд үйл ажиллагаа явуулж буй Оросын байгууллагуудын төлөөлөл оролцов.
“Дайны баатрууд” номд тухайн үед Монголд ажиллаж, амьдарч байгаад Улаанбаатар, Хиагт, Зүүнхараа, Сэлэнгээс Аугаа Эх орны дайнд мордсон ОХУ-ын баатарлаг эр цэргүүдийн түүх намтрыг бичиж оруулсан байна. Асар их судалгаа, эрэл хайгуул, хөдөлмөр шингэсэн уг номын редактороор Монголд ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэн Марина Таракановская ажиллажээ. Тэрбээр “Энэ номыг бүтээхэд амар байгаагүй. Номд түүх намтар нь орсон хүмүүсийн заримыг би танина. Заримынх нь үр хүүхдүүдийг сайн мэднэ. Архивын түүхээс амь үрэгдэгсдийн жагсаалтыг үзэхэд нэг гэр бүлээс долоон хүн, таван хүн, зарим нь гурвуул, ах дүү хоёул нэг газар тулалдаанд амиа алдсан мэдээг хараад сэтгэл маш их өвдөж байлаа. Тэдний ар гэртээ бичсэн захидлуудыг уншихад өр өвдөм байсан. Дайн гэдэг хэн ч хэзээ ч хүсдэггүй зүйл. Дайнд амиа алдсан эр цэргүүдийн ихэнх нь 18-25 насныхан. Тэд миний мэддэг хүмүүсийн болон өөр хэн нэгний хайртай хүү, хайртай аав байсан. 5 жилийн туршид түүхийн архиваас мэдээлэл хайж, нас барсан тэмдэглэлийг нь олж уншихад үнэхээр хэцүү байсан. Маш олон монгол, орос цэргүүдийн нэрс. Тэнд нэг гэр бүлийн гишүүдийн нэрс дурайсан дэвтэр, нас барсан шалтгаанууд нь үнэхээр сэтгэл өвдөхгүй байхын аргагүй байсан. Нас барсан шалтгааныг тэмдэглэхдээ бөмбөг дэлбэрэхэд хэрхэн, ямар байдалтай олдсон зэргийг тодорхой тэмдэглэдэг нь уншихад үнэхээр хэцүү байсан. Түүхийн энэ үнэн мартагдах учиргүй. Үеийн үед дурсаж, хүндэтгэж явах ёстой хүмүүсийг мөнхлөх гэсэн чинхүү зорилго минь биелж байгаад үнэхээр сайхан байна” гэсэн юм.
Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн түүвэр “Эх орон-Их ялалт” номыг Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хүндэт профессор, ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны элч Ц.Саранцацралын санаачилгаар “Бадрангуй урлаг” төрийн бус байгууллага, “Улаанбаатарын сонин”-ы редакцийн баг бүтээжээ. Тус номонд 61 яруу найрагчийн 70 шахам бүтээлийг сонгон оруулсан байна.
Сонгосон бүтээлүүд маань хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Монгол, Оросын яруу найрагчдаар хязгаарласангүй. Белорус, казах, дагестан, якут, башкир зэрэг хуучин Зөвлөлтийн олон үндэстний утга зохиолын төлөөллийг багтаалаа.
Орос, монгол хэл дээр гаргасан яруу найргийн шилдэг бүтээлийн түүвэр “Эх орон-их ялалт” номынхоо тухай доктор Ц.Саранцацрал “Юуны өмнө миний санаачилгыг бодит ажил болгохын төлөө ажилласан редакцийн багийнханд, дэмжиж тусласан яруу найрагчид, орчуулагчид, ОХУ-ын Элчин сайдын яамныханд гүн талархал илэрхийлье. Энэ номондоо 61 яруу найрагчийн 70 шахам бүтээлийг сонгон оруулсан. Сонгосон бүтээлүүд маань хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Монгол, Оросын яруу найрагчдаар хязгаарласангүй. Белорус, казах, дагестан, якут, башкир зэрэг хуучин Зөвлөлтийн олон үндэстний утга зохиолын төлөөллийг багтаалаа. Зөвлөлтийн болон Оросын 29 найрагчийн 33 шүлэг, найраглалын дийлэнх нь эх орны дайны жилүүдэд бичсэн бүтээл байгаа.
Монголын яруу найрагчдын бүтээлүүд дунд эх орны дайны гал дүрэлзсэн тэр үед бичигдсэн нь цөөн ч дайны гамшгийг сэрэмжлүүлж, дайчин баатруудыг магтан дуулсан үе үеийн 31 найрагчийн бүтээлийг сонгон орос хэл рүү орчуулсан бөгөөд тэдгээрийн заримыг 1960, 1980, 2000-аад онд хэвлэгдсэн бүтээлүүдээс авсан бөгөөд ихэнх монгол шүлгийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр шинээр орчуулан орууллаа. Тухайлбал, Монголын нэрт яруу найрагч Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд”, Б.Лхагвасүрэнгийн “Эрчүүд эзгүй зун” шүлгийг Москвад амьдардаг Оросын яруу найрагч, орчуулагч Н.Звягинцев орчуулсан.
Эх орны дайны тухай гэхээр олон хүний хувьд “Катюша”-гаас эхлээд эрэмгий цоглог ялалтын дуунууд санаанд буудаг. Тиймээс бидний орос хэл дээр дуулж, сонсож байсан ялалтын олон дууг орчуулагч Н.Пүрэвдагва монгол хэл рүү хөрвүүлсэн. Сая сая хүний амь насны үнэтэй ялалтын цаана юугаар ч сольшгүй үнэтэй эх орон байсан учраас бид номоо “Эх орон-Их ялалт” хэмээн нэрлэсэн” хэмээн танилцуулсан.
Уг номыг Элчин сайд А.Н.Евсиков Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн “Эх орон – Агуу ялалт” түүврийг манай хоёр орны ард түмний түүхэн ой санамж, сэтгэл зүрхний нэгдмэл байдлыг гэрчлэх бодит баримт хэмээн үнэлж буйгаа “Энэхүү бүтээл нь тэр үеийн Зөвлөлт болон Монголын ард түмний мөрөөдөл, тэмүүлэл хэрхэн адил байсан, мөн түүнчлэн өнөөгийн монголчууд болон оросуудын зүрх сэтгэлд өнгөрсөн түүхийн түгшүүрт боловч агуу, хувь заяаг тодорхойлсон үйл явдлууд хэрхэн ижил гүн гүнзгий өрнөж байсныг яруу найргийн хэлээр илэрхийлсэн” гэж тайлбарласан юм.
“Эх орон-Их ялалт” яруу найргийн түүвэртэй хамт нээлтээ хийсэн “Дайны баатрууд” номыг Монгол дахь “Оросын эх орон нэгтнүүд” байгууллагаас эрхлэн гаргасан юм.
Номын баярын үеэр Монголын зэвсэгт хүчний генерал, офицеруудын төлөөлөл мөн уран бүтээлчдэд “Агуу эх орны дайны ялалт-80 жил” хүндэтгэлийн медалийг гардууллаа.