
Монгол Улсын Их Хурлын даргын 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Дулаан хангамжийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.05.01) Төрийн ордонд зохион байгуулав.
Улсын Их Хурлын гишүүн, уг ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрчим хүчний тухай хуулиар цахилгаан, дулаан гэсэн хоёр томоохон салбарын харилцааг зохицуулдаг тул үүнээс улбаатай 800 гаруй журам, дүрэм үйлчилж байна. Иймд хуулийн төслийг хүний эрх, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, дулаан, эрчим хүч хүртээмжтэй, тасралтгүй, найдвартай байх, үнэ тарифыг үндэслэлтэй, өртөгт суурилан тогтоох, дулаан хангамжийн тогтолцоонд үйл ажиллагааны давхардалгүй, төрийн оролцоо бага, олон эх үүсвэртэй, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжсэн байх зэрэг нийтлэг зарчмуудыг баримтлан Дулаан хангамжийн хуулийн төслийг 15 бүлэг, 68 зүйл, заалттайгаар боловсруулсан гэв.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ж.Золжаргал, Б.Найдалаа, Д.Энхтуяа зэрэг ажлын хэсгийн гишүүд болон эрчим хүч, дулааны салбарын төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтан, эрдэмтэн судлаачид, аудитор зэрэг нийт 50 гаруй хүн оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид уг хуулийн төслийн талаар асуулт асууж, саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, орон нутгийн засаг захиргаа нь дулаан хангамжийн асуудлаа хариуцан шийдвэрлэхээр тусгагдсан нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай зөрчилдөж буй эсэхэд анхаарах, эрчим хүч, дулаан дамжуулах, түгээх чиг үүргийг салгаж, тогтолцооны шинэчлэл хийх, эрчим хүчний оргил үеийн үнэ тарифын зохицуулалтыг бодитой болгох шаардлагатай гэж байлаа.