
Хүн төрөлхтөнийг фашизмаас чөлөөлсөн 1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ түүхэн ойд зориулсан маркийн нээлт өнөөдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвд буюу Улаанбаатар дахь Русский дом-д /2025.04.30/ боллоо.

Зураач Г.Баттөр, дизайнер Ж.Ганхуяг нарын урласан “Аугаа их эх орны дайны ялалтын 80 жил”-ийн ойд зориулсан шуудангийн маркт ялалтын бэлгэдэл, “Сталинградын тулалдааны баатруудад” зориулсан Оросын уран барималч Е.В.Вучетича, инженер Н.В.Никитин нарын алдарт “Эх орон дуудаж байна” цогцолбор хөшөөг дүрсэлсэн байна.

Маркийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков, “Монгол шуудан” ХК-ийн удирдлага, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал Павел Петрунин, Монголын дайнд болон энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны дарга, бэлтгэл, хошууч генерал хошууч Б.Баярмагнай нар оролцов.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков ёслолыг нээж хэлэхдээ, Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан шуудангийн сэдэвчилсэн марк гаргасан “Монгол шуудан” компанид талархал илэрхийлэв.
Тэрбээр, Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан энэ марк түүхэн үйл явдлыг мөнхөлж байна гэв. Тэрбээр Аугаа эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн, төр, засаг “Бүхнийг фронтод!” уриан дор ЗХУ-ын Улаан арми, Оросын ард түмэнд туслах хөдөлгөөнийг анхлан өрнүүлж байсныг дурслаа.
“Аугаа их эх орны дайны ялалтын 80 жил”-д зориулсан шуудангийн марк өнөөдрөөс гүйлгээнд гарч эхэллээ.