Малчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, технологи эзэмшиж сурах нь эрсдлээс сэргийлнэ

Өвөг дээдсээс өвлөн ирсэн нутагтаа эзэн нь болсон малчин хүн гэдэг монгол улсын түүх соёл, ёс заншилыг тээж яваа эрхэм хүндтэй хүмүүс юм. Гэвч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль цаг уурын таагүй үзэгдлийн давтамж нэмэгдэж, улмаар ган зуд тохиож малчдын амьдрал ахуй, эдийн засагт нь шууд нөлөөлж байгаа юм. Тус сумын хувьд малчин өрх бүр 1000-аас дээш толгой малтай байж, 2022 онд 416461 толгой мал тоолуулж байсан бол хоёр жил дараалсан зудын улмаас 133198 толгой мал тоолуулж, малгүй болсон малчдыг малжуулах ажлыг эрчимтэй хийхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх нь чухал болохыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумынхан онцолж байна.
Ц.Ренчинмядаг: Хоёр жил дараалан цаг агаарын гамшигт үзэгдэл давтагдаж, манай сум 133 мянган толгой малтай болсон

/Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ЗДТГ-ын дарга/
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум бол мал аж ахуй суурилсан эдийн засагтай, говь тал хосолсон нутагтай. 2024 оны жилийн эцсийн тоогоор нийт 3392 хүн ам, 1400 өрх тоологдсон. Үүнээс 701 малчин өрх, мал бүхий 118 өрхтэй. Сүүлийн жилүүдэд өвөлжилтийн нөхцөл байдал нилээн хүнд зудтай үргэлжилж, сумын нийт малын 64 орчим хувь нь хорогдож, малчдад хүндээр туссан. Ийм айхтар зуд сүүлийн 60 жил тохиосонгүй гэж сумын ахмад настанууд хэлж байгаа. Жил ирэх тусам цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж ойртсонтой холбоотой, мөн малчид уур амьсгалын өөрчөлтийн улмаас дулаан өвөлждөг болсноор бэлтгэл байдал бага хангасантай холбоотой малын хорогдол ихээр гарсан гэж миний хувьд дүгнэж байгаа. Гамшиг зуд тохиоход сумын хэмжээнд 30 мянган тонн өвс, 10-аад мянган тонн хивэг тэжээл бэлдсэн нь хүрэлцээгүй. Харин энэ өвөл малчид өвөлжилтийн бэлтгэл байдлийг хангаж, 150 мянга орчим тонн орчим өвс бэлдсэн байна. Малын тоо толгойг зохистой хэмжээнд байлгах хүрээнд багагүй ажил хийгдэж байгаа. Малчид нэг хэсэг цаг агаар таатай байсантай холбоотой малын тоо толгойд их анхаарч ирсэн. Тоо толгойд анхаарахгүй ч байхын аргагүй, эдийн засгийн эргэлт нь өөрөө малаас авч байгаа ашиг шимтэй нь шууд холбоотой.Үүнээс үүдэн сумын хэмжээнд сүүлийн 10 жил бэлчээрийн даац байнгын хэтрэлттэй байсан. Жил бүрийн сумын фотомониторингийн судалгаагаар өнгөрсөн 2024 оны судалгаагаар бэлчээрийн төлөв байдал нилээн сайжирч, нийт талбайн 9 орчим хувь сэргэсэн тооцоо гарсан.
Манай сумын хувьд 2010 оноос хойш хээрийн түймэр гарааүй тайван бүс гэж болно. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдэл давтагдаж байгаатай холбоотой 2023 оны хавар байгалийн гамшгаас болж 100 гаруй мянган толгой мал хорогдсон, 2024 онд зудын нөхцөл байдал үргэлжил 200 гаран мянган толгой мал хорогдож, 133 мянган толгой малтай болчихсон харамсалтай тоон мэдээ байна. Мал ихээр хорогдсонтой холбоотой малчдын сэтгэл санаа маш хүнд болж, харахад ч хэцүү, зарим нь амиа хорлох хэмжээнд хүрч, мэргэжлийн сэтгэл зүйч байдаггүй учраас Тамгын газрын. Албан хаагчид л сэтгэл зүйг нь засах ажлыг хийж ирсэн. Сумын хэмжээнд малгүй болсон малчдыг малжуулах ажлыг зохион байгуулах, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүднээс “Хоршоо хөгжүүлэх сангийн зээл” олгож байгаа. Зээлийн дээд хэмжээ нь 100 сая төгрөг. Энэ зээлийг авсан малчин малын дайвар бүтээгдэхүүн боловсруулахад зэрэг янз бүрийн л ажил хийж болно. Өнгөрсөн оноос “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөсөн нь малчдын амьжиргааг дэмжсэн сайхан боломж байна гэж харж байгаа. Манай суманд нийт 6 хоршоо байгуулагдаж, 28 иргэн 1тэрбум орчим төгрөгийн зээл авсан. Энэ зээлээрээ малчдыг малжуулах, хашаа хороогоо засч сайжруулах, шинээр барих зэрэг ажлуудыг хийж, өөрсөддөө хэрэгтэй ажлуудыг хийж байгаа энэ хөдөлгөөний үр дүн гэж харж байна.
Ц_Золжаргал: Улс орны бодлогыг малчид руугаа чиглүүлэхгүй бол мал аж ахуйн салбарт “цоорхой” гарахаар л байгаа харагдаад байна шүү
/Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын II багийн малчин, 2024 оны аймгийн аварга малчин/
Сүүлийн хэдэн жилд байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, зундаа гүйцэт тамир авч чадаагүй мал, хатуу өвлын зуд хаврын шуурганд өртөж, ихээр хорогдсон. Миний хувьд ноднин жил МУСГЗ Д.Шагдарсүрэн гуайн хэлсэн “Цагийн толгой дээр цас хайлахыг мэдэхгүй юм байна. Энэ сайны дохио биш шүү. Сайн бодолтой байгаарай хүүхдүүд минь” гэж хэлсэн үгийг маш сайн ойлгож, бэлтгэлээ сайн базаасан. 1000 гаруй толгой малынхаа 40 гаруй хувийг борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулсан. Малчин хүн гэдэг чинь малаа маллаад л яваад байдаг, Ердөө хавар, намрын цагт л мөнгө, орлого олж байгаа. Төр засгаас сайн бодлого барьж байхгүй бол малчид цөөрч, залуу малчин хвордох нэг шалтгаан болж байна.
Малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч, махны үнийг тогтвортой барих, дайвар бүтээгдэхүүн, хонины ноос, арьс ширийг үнэ цэнэтэй болгох хэрэгтэй байна. Малаас гарч байгаа бүх л бүтээгдэхүүнүүд үнэд хүрч байу, малчин хүн нутаг орондоо эзэн байж, тогтох боломжтой. Ноднингийн зуднаас хойш залуу малчид ерөнхийдөө цөөрсөн. Миний үеийнхэн, надаас ахмад хүмүүс л ер нь малаа малаад хоцорч байна. Манай нутагт гэхэд багширсан малтай, хаа сайгүй худаг устай ойр буудаллсан малчид байсан бол одоо сийрэг талдаа болсон. Улс орны бодлогыг малчид руугаа чиглүүлэхгүй бол мал аж ахуйн салбарт “цоорхой” гарахаар л байгаа харагдаад байна шүү.
А.Наранбаяр:
/Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн засаг дарга, залуу малчин/
Монгол Улс чинь нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Гэвч нийт хүн амын сай гаруй нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Үлдсэн хэсэг нь сум орон нутагтаа эзэн нь байж, малчин болоод амьдарч байгаа. Сүүлийн жилүүдэд ган, зуд зэрэг янз бүрийн асуудлаас болж залуу малчдын тоо маш цөөрч байгаа. Гэхдээ залуу малчдыг буруутгахгүй. Яагаад гэвэл залуу малчид 20-30 сая төгрөгөөр зээл аваад малтай боллоо гэхэд эргээд малаасаа олж авх ашиг орлого нь зээлээ төвөггүй төлөх хэмжээний ашигтай байж чадахгүй байгаа. Гэтэл орлого гэдэг зарлагаа давж байх ёстой шүү дээ. Хөдөө явж амьдрах гэж зорьсон ч яг яаж гэдгээ мэдэхгүй олон хүн байдаг. Тиймээс төр засгаас дэмжээд малаас гарч байгаа бүх түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжсэн зөв бодлого хэрэгжүүлвэл зөвхөн ззалуу малчин гэхгүй хот суурийн газар, түгжрэл, стресс, агаарын бохирдолтой газарт амьдраад байлгүй хөдөө орон нутгийг зорьдог болно.
Хэдийгээр би залуу малчин ч гэлээ миний ажиглаж мэдсэн, амьдралдаа хэрэгжүүлдэг зарчмуудыг дурьдвал, нэгд цаг агаарын аппликэйшныг зөв уншиж сурах хэрэгтэй. Зөвхөн цаг агаарын мэдээг сонсохоос гадна салхины чигийг сайн харах, өвлийн улиралд ялангуяа оройн салхины чигийг сайтар анхаарч малаа бэлчээх нь чухал. Миний хувьд өнгөрсөн зудтай хатуу өвлүүдэд салхины чигийг их анхаардаг байсан. Оройн салхины чигийг хараад бэлчээрт гаргахад, оройдоо салхиа дагаад л хотондоо хүрээд ирдэг байсан. Мөн одоо цагт утасгүй явдаг хүн гэж байхгүй болсон. Тиймээс малчин хүн өөрийн амь нас, аюулгүй байдлаа хангаж, утсандаа MAPS.ME аппликэйшныг татаж суулгаад, хэрэглэж сурах нь маш чухал. Энэ аппликэйшн нь сүлжээгүй орчинд ч ажилладаг болохоор сайн цэнэгтэй утас, цэнэглэгч /powerbank/ хоёр байхад л болно. Түүнчлэн цахим орчны сайн талыг ашиглаж, алдсан малаа хайх, мал махаа үнд хүргэж борлуулах зэрэгташигаж, бичлэг рий хийж сурах хэрэгтэй. Би энэ жилийн цагаан сараар ууц зарахдаа энэ аргыг ашигласан, үнэхээр үр дүнтэй сайн арга байсан. Тиймээс залуу малчиддаа хандаж, өвөө эмээ, аав ээжээсээ уламжилж ирсэн мал маллах арга ухаанаас суралцаж, орчин цагийн техник технологиос суралцаж, амьдралдаа нэвтрүүлсэн “Шинэ цагийн залуу малчид” өнөөдрийн Монголд хэрэгтэй байна даа л гэж хэлмээр байна.
П.Нарандэлгэр
Байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилготой “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төслийн хүрээнд байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулсан “Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах туршлага, сургамж” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд зориулан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас бэлтгэсэн мэдээллийг хүргэлээ.
#АДАПТТөсөл #УурАмьсгалынДасанЗохицол #ADAPTProject #ClimateResilience #Preparedness